СУ.БАТБОЛД, Т.ГАНТӨМӨР ХОЁРЫН БУРУУ ХОРШИЛ

1abdset3dshvg2a7hmn1n2d9fi_bМонгол Улсын иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэвч энэ эрхээ бүрэн эдлэж чадаж буй эсэх нь эргэлзээтэй. Наад захын жишээ авч үзэхэд л, 2017 онд 948 гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирон, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ. Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсоноос гадна зам тээвэр, гал, усны ослоор эндсэн гээд эцэг хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадалгүй нарт хорвоогоос хальсан бяцхан үрсийн цуваа үргэлжилсээр. Монголчууд бид малаа тоолдог шигээ нарт хорвоогоос хальсан, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хуруу даран тоолж суугаа нь үндэсний эмгэнэл гэлтэй.

Гэтэл хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх, хүүхэдтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавиж, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хаана, юу хийж байна вэ. Угтаа бол дээрх зөвлөлийг Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, дөрвөн дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн тавдугаар бүлгийн 11,17-р зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийс­лэл Засаг даргыг томи­лох учиртай гээд үзвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд дээрх зөвлөлийг толгойлдог болж таарах нь.

Улсын төсвөөс жил бүр тодруулбал, 2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрө­гийг тус тус улсын төсөвт тусгаж, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчил­гээнд зарцуулахаар шийдвэр­лэсэн. Санхүүжилт нь ч гэсэн цаг хугацаандаа ший­дэгдсэн байдаг. Улсын төсвөөс тэрбум, тэрбу­маар зарцуулсаар байтал хүүхдэд ээлтэй хот бай­гуулна гэж уриалж, лоозонд­сон хотын дарга жилд ганц, хоёрхон удаа хурал зөвлөгөөн зарлахаар цааш хэтэрсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл зөвлө­лийн ажил хангалтгүй бай­гааг шүүмжилсэн удаа­тай. УИХ-ын ээлжит сонгууль бүрээр гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахаа улс төрийн намууд амладаг. Энэ амлалтыг ч гэсэн хотын удирдлагууд нийслэлчүүдэд өгсөн. Харамсалтай нь, хүүхдэд ээлтэй хот байгуул­на гэж амалсан Су.Батболдын амлалт хөөс төдийхөн байсныг Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт долоон настай охин болон Сүхбаатар дүүрэгт байрлах “Хос шинэс” эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж нас барсан 11-хэн настай хүүгийн үхэл бэлхнээ гэрчилсэн юм. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний үхэлд хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бүр хүүхдийн аюулгүй байдлын төлөө гэсэн уриа, лоозонтой хотын дарга маань хүртэл уучлалт гуйсангүй. Тэгсэн атлаа  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч явцуухан арга хэмжээ зохион байгуулахаар төлөв­лөж суух аж. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худал­дааны төв, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрын дунд “Хүүхэд, гэр бүлд ээлтэй оны шилдэг аж ахуйн нэгж” шал­гаруулах уралдаан гэсэн.

Уг нь үнэхээр л хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх юм бол мэргэжлийн хяналт, цагдаа, боловсролын байгууллага гээд эрх үүрэг бүхий байгууллагуудтай хам­тар­сан хяналт шал­галтыг дорвитой зохион байгуу­лах нь илүү үр өгөөжтэй мэт. Хэрвээ ингэж чадсан бол тогонд цохиулж нас барсан хүү, охин хоёр өнөөдөр ээж, аавынхаа өвөр дээр эрхлэн наадаж байх байсан биз ээ. Тиймээс л Нийслэлийн хүүхдийн төлөө гэсэн сүржин нэртэй даржин зөвлөлийг нэг бол татан буулгах эсвэл ажлаа хийж чаддаг хүнээр нь тол­гойлуулах нь зүйн хэрэг юм.

Хүүхдийн хоолноос хумслагч “ТҮЦ” Т.Гантөмөр

Хотын дарга Су.Батболд оны шилдэг аж ахуйн нэгж шалгаруулахаар махарч байх хооронд түүний буруун гар буюу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн аж­лын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хүүхэд, багачуудын хоно­гийн хоол­ноос хумслах ажилдаа шамдан сууна. Улаанбаатар 1.3 сая хүн амтай. Тэдгээрийн олонх нь дунджаас доогуур амьдралтай гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Хоногийн хоолоо олохын тулд арай боломжтой хэсэг нь лангуу түрээслэж, чадал муутай нь ТҮЦ түрээсэлдэг. Гэтэл хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг гэсэн явцуухан шалтаг тоочсоор хоногийн хоолноос нь салгахаар улайрч эхлэв. Түүний эл увайгүй үйлдэл ингээд зогссонгүй. Танил талдаа хоёр тэрбум төгрө­гийн төсөвт ажлыг тендер­гүйгээр шууд олгосон гэх.

Уг нь Тендерийн тухай хуульд 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх ажлыг сонгон шалгаруулалтаар явуулах учиртай. Гэтэл бүхэл бүтэн хоёр тэрбум төгрөгийн ажлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгодог гэхээр ямар их эрх мэдэлтэй болохыг харуулах байх. Учир мэдэх зарим хүний хэлэхнээ одоо байгаа ТҮЦ-ний оронд шилэн ТҮЦ байрлуулах юм гэнэ. Тэгээд зогсохгүй эндээс эрхэм дарга маань багагүй хувь хүртэхээр тохирсон гэх бор шувуу хүртэл нисдэг юм гэсэн. Үнэн худлыг мэдэхгүй ч Нийслэлийн Засаг дарга Су.Батболд болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын хүүхдэд ээлтэй хот байгуулна гэж уриалж, амалсан зүйл нь ердөө хөөс байж. Ингэж хардах, харах үндэслэл нь сүүлийн хэдхэн сарын хугацаанд нийслэлд өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ гэдгийг эрх биш хүлээн зөвшөөрөх биз ээ.

Нийслэл төсвөө тодотгох шаардлага бий юү

Нэг нь хүүхдийн хоолноос хумсалж, нөгөөх нь аюулгүй орчин бий болгоно гэсэн амлалтаа умартаж суух хотын удирдлагууд өдөржин, шөнөжин шоудаж байгаа сурагтай. Тэд Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах томоохон үйлчилгээний газарт шоудана гэдгийг үзүүлэхийн хажуугаар төсвөө тодотгуулахаар сэм найрч суугаа гэх. Угтаа бол мөнгө нэмж өгөөч царай алдаж суухын оронд нийслэлийн балчир үрсэд өгсөн амлалтаа биелүү­лэхийн төлөө хичээвэл дээрсэн. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болно. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар 10 гаруй цэцэрлэг, гурван сургуульд хүүхэд гэмтэж, амь насаа алдах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ ч үүднээс хичээлийн шинэ жилийн нээлт хийхийг хориг­лосон. Ийм атал дээрх сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хийж сууж байхад хотын удирдлагууд Хан-Уул дүүрэг дэх тансаг харшид шөнөжин шоудаж суух нь ариун үйлдэл мөн үү.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосоор байтал сурагчдаа хүлээж авсан сургууль, цэцэрлэгт нь хүүхэд цахилгаанд цохиулж нас барвал хэн хариуцлага хүлээх вэ. Уснаас цэвэр гарч сурснаараа хотын удирдлагууд лав хариуцлага хүлээхгүй нь ойлгомжтой. Тиймээс л хувийн эрх ашгаа албаны үүрэг хариуцлагаас дээгүүр тавьдаг хотын удирдлага, Ерөнхий менежертэй байх хэрэгтэй байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй биз ээ.

 

 

Эх сурвалж: http://www.undesniishuudan.mn/content/read/159901.htm


URL:

Нэр: номио Огноо: 3 September 2018

заассс шал худлаа захиалагт юм бичиж байх юм !!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.