“60 тэрбум”-ын гэх хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх эрх нь прокурорт л бий

maxresdefaultМАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, цагдаагийн байгууллага дахин шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тагнуулын ерөнхий газраас нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн, 2018 оны долдугаар сарын 27-ны 08/704 дугаартай албан бичигт “Тодорхой үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээж өгнө үү” гэжээ.

Харин нийслэлийн прокурор Д.Баярмагнай “Уг мэдээ, мэдээллийн хүрээнд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2017 оны есдүгээр сарын 4-ний 25 дугаартай хяналтын прокурор Д.Ширэндэвийн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны долдугаар сарын 28-ны А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” гэсэн тогтоол гаргаад буй.

ХУУЛЬ ТОГТООГЧИД БАТАЛСАН ХУУЛИА МЭДДЭГ Л БАЙЛТАЙ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед энэ хэргийг сөхөж, УИХ-ын дарга М.Энхболдыг ард түмнээс уучлал гуй, хууль хяналтын байгууллага гэрчтэй, нотлох баримттай хэргийг хаалаа хэмээн мэдэгдэх болсон төдийгүй Тагнуулын ерөнхий газарт очиж мэдүүлэг өгсөн билээ.

2017 оны есдүгээр сарын 4-нд НПГ-аас “60 тэрбум”-ын гэх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Г.Доржзодовын хийсэн гэх бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу эх хувийг нь бусад баримттай харьцуулж шинжлэх ёстой. Гэвч бичлэг хийсэн гэх гар утас нь байхгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй хэмээн үзсэн билээ.

Тодруулбал, хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолд “Хэрэгт хураагдсан CD, DVD болон флаш зэрэгт бичсэн бичлэгүүд эвлүүлэг, монтаж хийсэн, эсэхийг бодитой тогтоох боломжгүй, АНУ-ын Нью-Йорк хот дахь “Аудио пэйнт” компанийн салбар болох шүүх шинжилгээний “Легал аудио видео” компанийг үүсгэн байгуулагчийн гаргасан шинжээчийн дүгнэлт гэх материал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй” гээд хэргийг НПГ-ын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэв хаах тогтоол баталсан юм.

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцсон байдаг. Тэрбээр баталсан хуулиа мэдэхгүй байна гэж үү. Хэргийг хэн хэрэгсэхгүй болгосныг сайн мэдэж байгаа. Харин тэр АТГ-ын үйл ажиллагааг харлуулж, хүчгүйдүүлэх гэсэн хэн нэгний гар хөл болж байна гээд хэлчихэд хилсдэхгүй.

Шинээр баталсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд прокурорын эрх мэдэл илүү өндөр, хэргийн бүх л үйл ажиллагааг прокурор удирдахаар хуульчилсан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ТЕГ-т тайлбар өгснийхөө дараа хэвлэлийнхэнд “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог энэ хэргийн сэргээн шалгах ажлын хэсгийг ахалж буйг би эсэргүүцэж байна. АТГ өмнө нь бичлэгийг эвлүүлэг гэж үзээд хэргийг хаасан.

Тэр хүмүүс дахиад энэ хэрэг дээр ажиллаж болохгүй” хэмээн мэдэгдээд буйгаас харахад баталсан хуулиа тэр мэдэхгүй байна уу, эсвэл зориуд мэдэн будилж, АТГ-ын үйл ажиллагааг харлуулж, даргынх нь суудлыг авах гэсэн хэсэг бүлгийнхэнд үйлчлээд байна уу гэдгийг уншигч та тунгаах биз ээ.

Нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолд ч “АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны долдугаар сарын 28-ны А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” хэмээсэн нь Э.Идэрцог, эсвэл АТГ-ынхан сайн дураараа хэргийг шалгах ажлын хэсэгт ороод байгаа гэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ойлголтыг үгүйсгэж буй юм.

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРЫН БАНКНЫ ГҮЙЛГЭЭ, ХӨРӨНГҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ШАЛГАЖЭЭ

Дээрх ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бид тодруулсан юм. УИХ-ын дарга, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх, “Шинэ Монгол хаад” компанийн захирал А.Ганбаатар тэргүүтэй хүмүүс 2014 онд Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дахь дээрх компанийн байранд уулзахдаа 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд хэрхэн оролцох, мөрийн хөтөлбөр, стратеги, санхүүжилтээ ярилцсан нь тогтоогдсон боловч төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх үйлдлүүд тогтоогдоогүй.

Дээрх хүмүүсийн ярилцсан зүйл нь бодит байдал дээр хэрэгжээгүй” гэж НПГ-ын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэвийн баталсан тогтоолд дурджээ.

Уг хэргийг шалгахдаа хууль сахиулах гурван байгууллагаас томилогдсон ажлын хэсгийнхэн Төрийн албаны зөвлөл болон АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс гаргасан төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны талаарх судалгааг үндэслэн 2016 оны сонгуулийн дараа төрийн албанд томилогдсон болон тушаал дэвшсэн 1446 хүнийг, мөн МАН-ын санхүүгийн тайлан, сонгуулийн өмнө хандив, тусламж өгсөн хүмүүсийн судалгааг хүртэл гарган гэрчээр мэдүүлэг авчээ. Мөн “Шинэ Монгол хаад” компанийн байранд очиж, нэгжлэг хийсэн аж.

Гэрчээр мэдүүлэг авсан хүмүүсийн дунд өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зэрэг хүн байгаа юм. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар “Албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөг босгох тухай яриагүй. Олон улсад ийм зүйл байдаг гэж ярьж байсан” хэмээн мэдүүлж байсан гэдэг.

Мөн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарын арилжааны банкууд дахь данс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шилжилт хөдөлгөөнийг нь хүртэл нарийвчлан шалгасан байгаа юм. Түүнчлэн гэрч Г.Доржзодовын гаргаж өгсөн аудио бичлэгт ШШҮХ-гийн шинжээч харьцуулах шинжилгээ хийгээд “Ц.Сандуйгийн дуутай тохирч байна, зарим бичлэгт монтаж, эвлүүлэг ороогүй байна, харин “suu­dal_une.mp4” гэсэн бичлэгт эвлүүлэг хийгдсэн байна” гэсэн 4374 дугаартай дүгнэлт гаргажээ.

Прокурорын тогтоолд “60 тэрбум”-ын схем гэгчийг амьдралд хэрэгжээгүй гэж дүгнэсэн байгаа. Бодит байдалд хэрэгжээгүй 60 тэрбумаас илүүтэй “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллар буюу 690 тэрбум төгрөг үгүй хийсэн, овоолсон шорооны хэрэг юу болов гэдгийг манай улстөрчид, популистууд яагаад сөхөхгүй байна вэ. Энэ хэрэгт холбогдсон гадаадын иргэн татвар төлөгчдийн мөнгөнөөс 800 саяыг нь идчихээд 10 хувьд нь ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрч байгааг яагаад олон нийтийн анхаарлын гадна үлдээгээд байгаа юм бол.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин


URL:

Нэр: best essay Огноо: 3 September 2018

This is precisely what I require. I have never thought the selection representatives give careful consideration in online networking like that. It’s fortunate that I have gorgeous profile in informal community. The blog was absolutely incredible. Lots of extraordinary information which can be helpful in a few or the other way.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.