Д.Сумъяабазар сайд аа, дотоодын газрын тосны мэдээлэл хэзээ ил болох вэ

29633160_1872122219525613_613078887_oМонгол уг нь тусгаар тогтносон улс. Манайд элдвийн үймээн самуун, дайн тулаан байхгүй. Тайван сайхан улс. Өнгөн дээрээ яг л ийм. Гэхдээ яг дунд нь ороод харвал, амьдрахын төлөө үхэн хатан зүтгэж буй ядарсан ард түмэн, гадаад зах зээлээс хэт хараатай өчүүхэн эдийн засаг, тэгсэн хэрнээ дэлхийн баячууд шиг хүрээлэл үүсгэсэн улстөр гээд тэс өөр зураглал угтах вий. Адаглаад оросууд нэг л гэдийхэд манайд бензиний үнэ, эрчим хүчний өртөг гээд өөрчлөгдөхгүй юм үгүй. Сүүлдээ бүр дотоодынх нь нийлүүлэгчид хүртэл гэдийж, өөрийн улсаа хорлож дуртай үедээ үнээ нэмж төр засгаараа даажигнаж өөрсддөө ашигтай шийдвэрүүдийг гаргаж эцэст нь дахин шантааж хийхээр оролдож буй бололтой. Тэр тоолонд, ард түмэн нь мөнөөх дээд зиндааны нөхдөө эрхлүүлж, аргадах ба нөгөөдүүл нь элдэв янз болон маяглана. Манайханд нэг сайхан мөрөөдөл бий. Тэр нь газрын тос боловсруулдаг үйлдвэр барих. Үе үеийн Засгийн газар энэ мөрөөдлийг сэдрээж, сэргээдэг. Бараг бүгд л газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ гаргаж, төсөл хөтөлбөрийг нь баталсан. Хэрвээ тэдгээр төсөл нь хэрэгжсэн бол өдийд бид лав 6-7 үйлдвэртэй болчихсон, хэзээ хойд хөрш маань уурлах гэх айдасгүй аж төрөх байлаа.
Улстөрчид энэ сэдвээр тун ч их популизм хийнэ. Бид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаснаар… гэж үндсэн яриагаа эхлээд, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар төгсгөдөг. Тэр ч бүү хэл, Монгол Улс нефтийн нөөцтэй гэдгийг анх дуулав уу гэлтэй мэдэгддэг. Тэгвэл олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс Монгол Улсын газрын тосны нөөцийн тухай мэдэгдэхэд, Монголд нефтийн 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдсон. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1953 оны нөөцийн А+В ангиллаар 3.4 сая тонн, 1986 оны тайлангаар А+В ангилалаар 2.1 сая тонноор бүртгэж байсан байна. Ингээд тус ордыг түшиглэж, нефть олборлох үйлдвэр байгуулж байв. Тэгээд 1950-1969 онд нийт 600 орчим тонн нефть олборлож боловсруулжээ. Харин 2010 онд ЭБЭХ-ний сайдын тушаалаар Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул-19 талбайн зарим хэсгийн газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 119,02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нөөц хоёр тэрбум 589 сая шоо метр, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая шоо метрээр Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авчээ. Мөн тус уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нөөц дөрвөн тэрбум 692 сая шоо метр, найман блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөц 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөц хоёр тэрбум 987 сая шоо метр эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийг нэгдсэн бүртгэлд авсан байна.
Гэтэл Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч БХГ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа тухай хэн ч мэдээлдэггүй. Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг яагаад ч юм олон нийтээс нуудаг. Тэгвэл энэ компаниас гадна, БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны 2 дугаар сарын 15-нд батлагдсан БХГ-ний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авч, БНХАУ- ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны БХГ-т талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Мөн Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель (5.9 сая тонн) газрын тос олборлож, 41.6 сая баррель (5.6 сая тонн) газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. Багагүй хэмжээний мөнгө. Гэтэл энэ тухай хэсэг уул уурхайн элдэв мэдээлэл дунд байдаггүй. Бензиний хомсдол яриад эхлэхээр тас нуучихдаг зэргийг харахад гаднаас шатахуун оруулж ирдэг корпорациуд үүнд улстөрийн түвшинд нөлөөлдөг байх нь гэсэн хардлага ч төрдөг. Тэгвэл биднийг өөрсдөө нөөцтэй хэрнээ ийнхүү гаднаас бензин авч, тэрийг нь хэрэглэгчдэд хүргэдэг компаниудад дээрэлхүүлэх хооронд нефтийн давлагаа томорч эхэлчихээд байгааг олон баримтууд нотолдог ч үүнийгээ нийтэд ил болгох сонирхол эрх мэдэлтнүүдэд байдаггүй. Тиймээс шатахууны үнэ бууна гэж бид мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12581

URL:

Сэтгэгдэл бичих