Манай улсад экспортлох мах байгаа юм уу даа

МҮХАҮТ-д өчигдөр “Нэмэгдсэн өртөг бүхий махны экспортыг дэмжих асуудал” сэдэвт зөвөлгөөн боллоо. Хөдөө, аж ахуйн шинжлэх ухааны академи, МҮХАҮТ, мах үйлдвэрлэгчид хамтран мах экспортлох асуудлаар зөвлөлдөж, санал бодлоо солилцсон юм. Энэ зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанд оруулах гэнэ. Байгалийн гамшигт нэлээдгүй хэмжээний мал хорогддог. Тэгвэл одооноос эхэлж малаа өсгөж, бүтээмжээ нэмэгдүүлж байгаль шалгахаас урьтаж экспортын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Гэхдээ махны экспортын асуудалд нухацтай хандах шаардлагатай хэмээн мах үйлдвэрлэгчид үзэж байв. Тодруулбал, шинээр махны үйлдвэрүүд барьж байснаас одоо байгаа үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн саналыг тавьж байв. Одоогийн байдлаар 30 том үйлдвэр байгаа бол шинээр байгуулагдсан 60 гаруй жижиг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн. Нөгөө талаар махны чиглэлийн үйлдвэрүүдийг хятадын хөрөнгө оруулалтаар баривал манай улсад хятадуудын тосгон бий болно гэсэн шүүмжлэлийг хэлж байв. Тиймээс зөвлөмжиндөө хуучин байгаа үйлдвэрүүдээ сэргээх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд төр засгаас анхаарч хөрөнгө зарах хэрэгтэй гэдгийг олон хүн онцолж байсан. Мөн малыг хөлөөр нь гаргахыг хориглох саналыг хэлж байсан юм. Статистик судалгаагаар Монгол Улсын нийт мал Хятад улсын нэг өдрийн хэрэглээ бол ОХУ-ын нэг сарын хэрэглээ төдий аж. Ялангуяа Хятад улсад махны хэрэглээ өсч, манайхаас хууль бусаар их хэмжээний мах импортлон авч байгаа нь анхаарах асуудал болоод байгаа аж. Адуу, ямааны мах ачсан машинууд Хятад руу өдөр шөнөгүй цуварч буй нь дотоодын махны үйлдвэрүүдэд мах олдохгүй байх шалтгаан болоод байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрүүдэд түүхий эд нь олдохгүй байгаа гэнэ. Тиймээс Хятад руу малаа хөлөөр нь эскпортлоод байвал манай улс дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй болох аюул нүүрлээд байгаа хэмээв.

Европын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хэрвээ монголчууд махаа экспортод гаргах гэж байгаа бол чанарыг нь баталгаажуулж, бүртгэлжүүлэх асуудал чухал гэдгийг зөвлөсөн. Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Я.Ганболд “Малын тоо бүртгэл маш чухал ажил. Манай малын тоо өсч байгаа гээд байдаг. Үнэн чанартаа дотоодын үйлдвэрүүдэд мал олдохгүй байгаа. Энэ нь манайхан малаа үнэн зөв тоолохгүй байгаатай холбоотой. Сүүлийн үед малаа тоолохоо больсон гэж малчид ярьж байна. Малын тооллого явуулж байгаа нөхдүүд барагцаагаар хичнээн мал байна гэж асуучихаад л тэрийгээ тоолсон гэж хэлээд байдаг бололтой. Ер нь манай улсад экспортлох мах байгаа юм уу даа гэдгийг бодох л асуудал. Нөгөө талаар Улаанбаатар хотод малыг хөлөөр нь оруулж ирэх замтай болмоор байна. Хөдөө малаа нядлаад оруулж ирнэ гэдэг асуудалтай байгаа шүү дээ” гэв. Хятадууд их хэмжээгээр мал авч байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал гэдгийг олон хүн хэлж байлаа. Хятадууд хөдөөний айлуудаас малыг нь худалдан аваад, эргүүлээд малчдад цалин өгч малаа өсгүүлдэг болсон гэнэ. Тиймээс энэ асуудлаас гарахын тулд малчдад үндэсний үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх нь ашигтай гэдгийг ойлгуулж, бас урамшуулал өгдөг болох хэрэгтэй гэсэн саналыг давхар дуулгав. Мөн малын бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаа энэ үед малын тэжээл, бордоо бэлтгэх хүчин чадал өндөртэй үйлдвэрүүд барих, улсаас бүх үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бодлогоор тусалж, эргэлтийн хөрөнгө гаргаж өгөх хэрэгтэй хэмээлээ. “Монгол мах экспо” компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбат “Шинээр болон дахин сэргэж байгаа малын өвчний талаар нарийвчлан судалгаа гаргах хэрэгтэй. Мөн манайхан жилд 3040 төрлийн эскпортын эм, тариаг малдаа тарьдаг. Энэ эм, тариа нь талын бие маханд хуримтлал үүсгэсэн байдаг нь шинжилгээгээр гараад ирдэг тул импортын эм бэлдмэлийг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээв. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч А.Бакей “1990 оноос хойш махны экспорт буурч эхэлсэн. Манайх жилд 10-30 мянган тонн мах экспортолж байна. 2012 онд 28 мянган тонн мах экспортолсон. Судлаачдын үзэж байгаагаар манайх жилдээ 50-90 мянган тонн мах экспортлох боломжтой гэж үздэг. Гэхдээ махыг арьснаас нь салгаад экспортлох уу, дотооддоо нэмүү өртөг шингээд эспортлох уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өнөөдрийн зөвлөлгөөнөөр бол нэмүү өртөг шингэсэн мах экспортлох нь зүйтэй гэж үзэж байна. Энд ярьсан зүйлээ зөвлөмжиндөө тулгуурлаад Засгийн газрын тогтоол шийдвэр гаргах асуудлыг дээш нь тавина” хэмээв.

Х.ЦЭНДАЮУШ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих