Наймдугаар сар: Амсхийх чөлөөгүй улс төр

229914-04092018-1536027684-364277096-ulsturrrrrЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИН НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч, БАГШ НАР АЖИЛ ХАЯЖ БАЙНА
Наймдугаар сар. Улирлын онцлогоосоо хамаараад зуны амралт, зугаалга, найр наадмын үе. Харин энэ жилийн тухайд улс төрийн орчинд анхаарал татсан үйл явдлууд урьд өмнөх жилүүдээс их байж УИХ, Засгийн газар, нам хүчнүүдэд амсхийх чөлөө олгосонгүй. Нэр бүхий гишүүдийн шаардлагаас үүдэлтэйгээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах хугацаа товлох албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга спикер М.Энхболдод хүргүүлснээр наймдугаар сарын улс төр эхлэв. “60 тэрбум”-ын асуудлаас хөвөрч, улам гүнзгийрэх нь ойлгомжтой болсон уг асуудал болон улс төрийн орчин дахь бусад үйл явдлыг өдрийн дарааллаар тоймлон хүргэе.

2018.08.01 
ЗГ-ын “гал тогоо” баригч буюу хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын оронд хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг томилох саналыг төрийн албаны зөвлөлөөс ирүүллээ. Уг албан тушаалын сул орон тоон дээр Засгийн газар зургадугаар сард сонгон шалгаруулалтын захиалгыг төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байсан. Харин шалгаруулалтад оролцогсдоос хамгийн өндөр оноог Г.Баясгалан авчээ.

2018.08.02 
Ардчилсан намын Бодлогын зөвлөл хэвлэлийнхэнд хандан тус намаас орон даяар зохион байгуулсан “Монголоо сонсъё” аяны талаар мэдээлэл өгөв. Тэгэхдээ шатахууны үнийн өсөлтийг онцолсон юм. Литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгдээд буй шатахууны үнийн өсөлтийн гол буруутнаар ардчилсан нам эрх баригчдыг нэрлэв.

2018.08.06
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлээ “Жаст” групп төлөөгүйн улмаас үүссэн өрийг Монгол улс төлөхөөс өөр гарцгүй болжээ. Энэ асуудлаар Лондон хотноо болсон арбитрын шүүхэд Монголын Засгийн газар хоёр дахь удаагаа ялагдсаныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар шалгалт хийх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав хожим нь О.Баасанхүү гишүүний мэдэгдлийг баталсан юм. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн гурван суманд болох нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ УИХ-д суудалтай намууд энэ өдөр гаргалаа. МАН-ын Бага хурал, ардчилсан намын ҮБХ хуралдан нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх нь зөв юм гэсэн бол, МАХН-ын өмнө нь гаргасан шийдвэрийг тус намын дэд дарга Л.Цог мөн өдөр танилцуулсан юм.

2018.08.09 
Энэ өдөр “төрийн аллага” хэмээн нэрлэгдээд буй сэтгэл сэртхийлгэм харамсалтай хэрэг гарсан нь ЗТХЯ-ны газрын дарга нартай холбоотой. Тус яамны газрын дарга нар ажлын бус цагаар яаман дээрээ архидан согтуурч, улмаар нэгийнхээ аминд хүрсэн нь олон нийтийг цочроов. Үүнээс болж тус салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд болон яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар гээд удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

МАН-ын хяналтын хороо энэ өдөр хуралдан тус намын Бага хурлын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар болон УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасныг танилцууллаа. Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хэлснээр УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох саналаа намын удирдах зөвлөлд хүргүүлэх бол, А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ намын харьяалагдах байгууллага руу нь явуулахаа зарлав.

2018.08.15
МАН-ын удирдах зөвлөл хуралдан ЗТХЯ-ны дэд сайдаар УБТЗ ХНН-ийн орлогч дарга Л.Халтарыг дэмжив. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмж буйгаа зарлалаа. Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийт 80 орчим мянган хүн цалинждаг бөгөөд, энэ нь хөдөлмөр эрхлэгчдийн арав орчим хувийг эзлэх юм.

2018.08.22 
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоол үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргав. Ингэснээр ирэх аравдугаар сарын 7-нд болох байсан нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Энэ талаар үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хүн нь Хэнтий аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга байсан бөгөөд тэрбээр “төрийн албан хаагчдад нэр дэвших боломж олгоогүй нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” хэмээн үндэслэлээ тайлбарлаж байлаа. Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

ОУВС-гийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэхээр болсон ч, үүнийг боловсрол, эрүүл мэнд, ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэл хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяна гэдгээ мэдэгдсэн юм. Эхнийх нь сургууль, цэцэрлэгийн багш нарынх байх бөгөөд, уг операци өнөөдрөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл бүтэн жил үргэлжилсэн гурван талт үндэсний хэлэлцээр амжилтгүй болсныг үүгээр баталлаа.

2018.08.24 
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван-И Монголд албан ёсны айлчлал хийлээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын сошиал сүлжээндээ бичсэнчлэн “Байж болох хамгийн доод хэмжээнд очсон байсан харилцааг сайжруулсан” гэх айлчлалаар хоёр орны улс төрийн харилцааны итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн хоёр тал үнэлж байна. Тус улс Монголын хөгжлийг дэмжих бөгөөд, тэгэхдээ манай тал өрөнд орох байдлаар бус уг харилцааг хөгжүүлэхээр болсныг салбарын сайд дуулгасан юм. Тэгэхдээ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа, Монголын экспортыг нэмэхээр болсон байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих