Түгжрэл дундах амьдрал

Нийслэлд маань ирсэн нэгэн өвөрмонгол жуулчин хотын замд нэлээд удаан гацаж, түгжирч явснаа тэсэлгүй “Танайхан гурван саяулаа гэж худлаа байх аа” хэмээн бачимдсан гэдэг. Үнэхээр ч нийслэлийн авто зам ачааллаа даахгүйд хүрч, 0 зогсолт дээрээ ирэхэд ганц хуруу л дутаад байна.

Ямартай л иргэд бухимдлаа сошиалаар илэрхийлж байх вэ дээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд ийм түгжрэл болдгийг хүн бүр мэддэг, түүндээ тааруулан арай эртлэн гардаг ч автомашинуудын тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр зогсох хугацаа нь улам л өссөөр байна. Нэгэн жиргээч бүр “Арслантай гүүрнээс Төв шуудан хүртэл 3 цаг 45 минут явлаа” гэжээ. Уг нь энэ хоёрын хооронд алхчихвал 20 минутын л хугацаа орно.

Дэлхийн том хотуудаас Лос-Анжелес түгжрэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тус хотын иргэд түгжрэлд жилд дунджаар 102 цагийг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл 365 хоногийн 4 бүтэн хоног, 6 цагийг түгжрэлд зарцуулдаг гэсэн үг. Харин манай нийслэл Улаанбаатар хотод энэ талын тооцоо судалгаа алга. Тооцоод үзвэл дөрөв байтугай хоног гарахыг үгүйсгэх аргагүй.

Өнөө үед ажил төрөл, ар амьдралдаа яарсан хүмүүс бүгд л унаа тэрэггүй бол амждаггүй болсон. Харин одоо унаатай ч амжихгүй болжээ. Энэ асуудалд нийслэлээс анхаарч, тодорхой арга хэмжээ авахгүй бол удахгүй бид 0 зогсолттойгоор түгжрэл дунд амьдрах нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.