Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах хууль зүйн үндэстэй юу?

өргөө(1)Саяхан буюу энэ есдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол бөхийн өргөө”-г төрийн өмчид шилжүүлэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичгийн агуулга нь бөхчүүдийн талцал туйлдаа хүрсэн тул Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг байр суурьт хүргэж байгаа тухай байв.

Ерөнхийлөгчийн албан бичигт өгүүлснээр бол УИХ-ын 1997 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар “Олон нийтийн үүсгэл санаачилгаар эхлүүлсэн Бөхийн өргөөний дуусаагүй барилгыг төсвийн хөрөнгө болон эргэж төлөгдөх зээлийн хөрөнгөөр санхүүжилт хийж барьж дуусгах” тухай зорилт, арга хэмжээ тусгагджээ.

Үүний дагуу Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.122.0 (нэг тэрбум нэг зуун хорин хоёр) сая төгрөгийн 800 (найман зуу) сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар 1998 оны хоёрдугаар сарын 1 ба 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон түүхтэй аж.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд үүнийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт дурджээ.

Тийм учраас хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, Бөхийн холбооны барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайдад санал болгон хандсан байна.

Тэгвэл Бөхийн өргөөг үнэхээр төр авах хууль зүйн үндэслэлтэй юу? гэдэг асуудлыг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Бөхийн өргөөний хууль ёсны өмчлөгч нь Үндэсний бөхийн холбоо.

Харин хөрөнгийн бүртгэл талаасаа Сангийн яаманд, субьект талаас Улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг аж. Хэдийгээр тухайн үед Засгийн газар 800 сая төгрөгөө Бөхийн өргөөнд шингээсэн ч ямар нэг хувьцааны эрх аваагүй учраас “Олон нийтийн өмч”-ийн статустай болж.

Гэвч манайд олон нийтийн өмчийн тодорхой хууль эрхзүй байхгүй учир “олон нийтийн” тодотголтой холбооны өмчид харъяалагддаг байна.

МҮБХ-ны дүрэмд “Монгол бөхийн өргөө нь Монголын Үндэсний бөхийн холбооны өмч мөн”, 10.2-т “Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно”, 10.3-т “Монгол бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг “Их эе”-ээр шийдвэрлэнэ” гэж заажээ.

Яг л МҮЭ-үүдийн холбоо болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн байр шиг. Мөн МҮБХ-ны тэргүүн болон дэд тэргүүнээр олон жил ажилласан Р.Нямдорж, Д.Данзан нар Бөхийн өргөөг анх байгуулахад идэвхийлэн зүтгэсэн учир тэдний оюуны өмч хэмээн 10 хувийн эзэмшлийн эрхийг өгсөн байна.

Ингээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодруулав.

-Бөхийн өргөөний өмчлөл танайд хамаатай юу?

-Манайд хамаарахгүй шүү дээ. Олон нийтийн өмч учир тусдаа байдаг байх.

-Бөхийн өргөөг барихад тухайн үед Засгийн газраас хөрөнгө гаргасан юм билээ. Тиймээс бас хамаарах юм болов уу гэж асуусан юм…?

-Манайд ямар ч байсан бүртгэлгүй. Тиймээс мэдэхгүй байна. Манайд Батлан хамгаалах туслах нийгэмлэг (БХТН)-ийн байрны асуудал гэх мэт шүүхэд очсон өмчлөлийн маргаан орж ирдэг. Ер нь энэ олон нийтийн байгууллагуудын өмчлөлийн асуудал социализмын үеэс задарч зохицуулалт нь алдагдсан юм.

МҮЭ-үүдийн холбооны байр, МҮХАҮТ-ын байр, Энхтайван найрамдлын ордон зэрэг олон нийтийн байгууллагуудын өмч маргаан таталдаг. МҮЭ гэхэд олон салбар хороод нь бие даагаад байрны асуудал бас маргаантай байдаг. МҮХАҮТ-ын байрны хувьд БНХАУ-ын Худалдааны танхимаас бэлэглэсэн ч төрийн эзэмшилд байх ёстой гэдэг. Одоогоор байраа Танхим эзэмшиж байгаа ч төлбөр төлөх ёстой гэдэг.

Б.Билгүүн

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих