Хүчирхийллээс сэргийлэх ажил хөдөөд орхигджээ

230168-10092018-1536550957-2065374847-hohirogch1ХАМТАРСАН БАГУУД ЧАДВАРГҮЙ ТУЛ ТӨСӨВ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛАГДДАГГҮЙ
“Тулгарсан асуудлаа яриад ирж байгаа сурагч хүүхэдтэй би яаж харьцах хэрэгтэй юм бол” хэмээн орон нутгийн нэгэн дотуур байрны нийгмийн ажилтан сургагч багшаас аминчлан асуув.

Тэрбээр сургуульд нь эмзэг бүлгийн, дагуул, тавиул, хөгжлийн бэрхшээлтэй, хүнсний талоноор амьдардаг хэдэн хүүхэд байдаг, тэдний эрүүл мэндийн үзүүлэлт, гэр бүлийн орчныг нь судалж, тогтмол бүртгэж байх нь нийгмийг айхтар цочирдуулаад байгаа дуулианууд болох хүүхдүүд цаг бусаар эндэхээс 60 хувь сэргийлдэг талаар номын дуу сонсоод буй нь тэр.

Гэхдээ сурагч хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, ялангуяа өсвөр насны хүүхэдтэй хэрхэн зөв харилцаж, асуудлыг нь хамтдаа шийдвэрлэхийн тулд яаж тулж харилцах арга ухаанаа нэг л олохгүй байгаагаа нуусангүй. Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуулиудыг хоёр жилийн өмнө баталж, өдгөө мөрдөж буй ч хохирогчдын тоо буурахгүй байна. Тиймээс үүний шалтгааныг олохоор бид орон нутгийг зорилоо.

           ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГА ХАМТАРСАН БАГУУДАД ДУТАГДАЖ БАЙНА
Орон нутгийн нэгэн хамтарсан багийн нийгмийн ажилтныг нөхөр нь онц хэрцгийгээр хөнөөжээ. Талийгаач өмнө нь ажил дээрээ удаа дараа хөхөрсөн, гэмтэл авсан ирдэг байсан ч ажлынхан нь “үл тоожээ”. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн хамт олон нэгнийхээ төрсөн өдөр, баярыг алгасалгүй тэмдэглэдэг, наргиж цэнгэх дуртай байж. Ингэж явахдаа хохирогч гэр бүлээс гадуурх харилцаанд орсныг нөхөр нь мэдэж, тийнхүү хэрцгийгээр хөнөөжээ.

Гэтэл үүнийг нь мэдсэн ажлынхан нь гэр бүлээс гадуур харилцаанд орсон юм чинь өөрөөсөө л болсон хэмээн хохирогчийг буруутгасан байна. Нөхрөө хуурсны төлөө хүн амь насаараа хохирч болно гэсэн хандлагатай, “Хүн бүр амьд явах эрхтэй” гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь зарчмыг ч мэдэхгүй хамтарсан баг байна гэсэн үг. Мөн мэргэжлийн хамт олон атлаа гэр бүлийн хүчирхийлэлд байдаг нэгнээ яагаад хамгаалж, сэргийлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэнгүй вэ.

Түүнээс гадна дагавар охиноо хүчирхийлж, жирэмсэн болгосон хойд эцэгт зохих хариуцлагыг нь хүлээлгэж, хорьсон боловч хамтарсан баг хохирогчийг хамгаалахдаа мэргэжлийн алдаа гаргасан тохиолдол байна. Ээж болон хохирогч охинд гэр өгсөн боловч гэмт хэрэгтний садангуудтай нэг хашаанд байрлуулсан аж. Үүнээс болж ээж, охин хоёрыг гэмт хэрэгтний хамаатнууд байнга ад үзэж, чимээгүй хүчирхийлэх болжээ. Энэ нь хамтарсан багуудыг чадавхжуулахад хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

                         846 СУРАГЧААС 100 ГАРУЙ НЬ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙЖЭЭ
Нэгэн хойд эцэг ахлах ангид сурдаг дагавар охиноо өвөртлөөд унтаж байхад нь охины ангийн багш, сургуулийнх нь нийгмийн ажилтан гэрт нь яваад орчихжээ. Охин тэр өдөр хичээлдээ ирээгүй учраас сургуулийнх нь нийгмийн ажилтан араас нь нэхэж очсоор хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд байдгийг мэдсэн нь тэр. Гэхдээ ийн илрүүлсэн нь санаандгүй тохиолдол биш юм.

Нийгмийн ажилтан Х.Цолмон сургуулийнхаа 846 хүүхдэд эрсдэлийн судалгаа хийж, 100 орчмыг нь эрсдэл өндөртэйд ангилсан байна.

Харин хоёр эмэгтэй дүүтэй ахлах ангийн мөнөөх охин хойд эцэгтэй, хичээлээ үе үе тасалдаг учраас өндөр эрсдэлтэй ангилалд оруулсан аж. Эрсдэл өндөр хүүхдүүдийн ар гэрээр Х.Цолмон ангийн багштай нь явж сэргийлэх арга хэмжээ авч явахдаа тийнхүү илрүүлсэн юм.

Харин дунд эрсдэлтэй хүүхдүүдийг илүү анхаарч ажиллахыг ангийн багшид нь даалгаж, эрсдэл багатайг нь зан үйлийн болон урьдчилан сэргийлэх сургалтад хамруулдаг аж. Тус сургуулийн захирал нийгмийн ажилтандаа унааны мөнгө болгож долоо хоногт 5000 төгрөг өгдөг байна.

Сурагчдын нэрсийн ард улаан, цэнхэр, ногоон өнгөөр эрсдлийн түвшнийг нь тэмдэглэснийг харсан сургагч багш “Орон нутгаар явахдаа ингэж ажилласан нэг ч нийгмийн ажилтан, хамтарсан баг хараагүй. Харж байна уу, ингэж сэтгэл гаргаж ажилладаг учраас сургуулийнх нь захирал ажлыг нь ойлгож, дэмжиж байна шүү дээ.

Бүх сурагчийнхаа эрсдэлийн түвшинг нэг бүрчлэн гаргаж, яаж ажиллах талаар төлөвлөгөө гаргаад орвол ямар ч захирал засвар үйлчилгээ, анги танхимын тохижилт ярихаасаа урьтаж сурагчдынхаа л эрхийг хамгаална шүү дээ” хэмээн бахдалтай өгүүлэв. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олддог өөр нэгэн жишээ Баянхонгор аймагт бий.

Тус аймгийн хамтарсан багууд харилцааны зөрчил маргаантай, хүчирхийлэл үйлдэж болзошгүй, хамгийн өндөр эрсдэлтэй 20 гэр бүлийг сонгон, хүүхдийн “Өвөржаргалант” зусланд амраангаа гэр бүлийн боловсрол олгож, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургалтад хамруулсан гэдгийг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн М.Мягмарсүрэн ярилаа. Гэхдээ архины хамааралтай гэр бүлийг нэг удаа сургалтад хамруулаад засаад авчихгүй.

Шат дараатай арга хэмжээ авах шаардлагатайг аймгийн ГБХЗХГ-ын дарга хэлсэн. Тус аймаг нэгдсэн мэдээллийн сантай болох туршилтыг амжилттай хэрэгжүүлж буйгаараа улсад тэргүүлж буй. Мөн Баян-өлгий аймагт хамтарсан багууд чадавхжсанаар гэр бүлийн хүчирхийллийн илрүүлэлт эрс нэмэгдсэн гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга Т.Нансалмаа хэлж байна. Тэрбээр “Төрийн албан хаагчид ажлын явцад илрүүлсэн хүүхдийн эрхийн зөрчлийг хуулиар хүлээсэн заавал мэдээлэх үүргийнхээ дагуу мэдээлж байгаа. үүний үр дүнд кейсийн тоо өмнөх онуудаас хоёр дахин нэмэгдсэн” хэмээв.

                          ЧАДВАРЛАГ ХАМТАРСАН БАГТ САНХҮҮЖИЛТ СААДГҮЙ
Хэдийгээр хамтарсан багийг арга зүйгээр хангах ажлыг ХЗДХЯ-ны харъяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хариуцдаг ч тухайн орон нутгийн удирдлага хамгийн их оролцоо, идэвх санаачилгатай ажиллах үүрэгтэй. Гэтэл нэг ч кейс нээж ажилладаггүй сумд бий. Энэ бол хамтарсан баг чадваргүй байгаагийн илрэл.

Тухайлбал, зүүн бүсийн нэгэн аймгийн 2400 гаруй хүн амтай, 0-17 насны 500 дөхсөн хүүхэдтэй нэг суманд 50-60 өрх тутамд нэг архины дэлгүүр ногддог.

60 хувь нь хүнсний талонд хамрагддаг өрхийнх, хөгжлийн бэрхшээлтэй 11, бүтэн ба хагас өнчин, дагуул, тавиул хүүхдийн тоо бараг 100 дөхөж буй. Өөрөөр хэлбэл, тус сумын нийт хүүхдийн 20-25 хувь нь эрсдэлт нөхцөлд амьдарч байна.

Уг нь эдгээр хүүхэд, гэр бүлийн бүгд дээр нь кейс нээж ажиллах ёстойг холбогдох хууль журамд тусгасан тухай “Хүүхдийн эрх хамгаалал төв”-ийн захирал Д.Ундраа учирлалаа. Гэвч тус сумын хамтарсан баг энэ жил дөрвөн удаа хуралдсан боловч нэг ч кейс нээж ажиллаагүй аж.

Гэтэл бодит байдал дээр нэг суманд жилд гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг 20-30 кейс байдаг. Гэвч үүнийг бүртгэх, хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгаа нь орон нутагт түгээмэл байна.

Үүнээс болж л хүчирхийллээс сэргийлж, хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Хүүхдийн эрх хамгаалал төвийн захирал Д.Ундраа “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажилладаг төр болон төрийн бус байгууллага, үүрэг хүлээгчид, иргэд бүгд өнгөрсөн борооны араас цув нөмөрдөг хэвшмэл хандлагадаа баригдсаар байна.

Иймээс шүхэр зарчим буюу урьдчилан сэргийлэх ажлыг бүхий л шатанд идэвхжүүлэн, хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, салбар хоорондын уялдааг хангасан судалгаанд суурилсан ажлыг төлөвлөх, хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, хяналт, үнэлгээг чангатгах нь үр дүнтэй” гэв.

                    ОРОН НУТГИЙН ХАМТАРСАН БАГУУДАД ЧАДВАРГҮЙ СУЛ БАЙНА 
Хамтарсан багууд кейс нээж чадахгүй, ядаж үйл ажиллагаанд гарсан зардлаа баримтжуулж, бүртгэж чадахгүй байгаагийн улмаас хүчирхийллээс сэргийлэх хууль хэрэгжүүлэхээр төсөвлөсөн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна. Уг нь хамтарсан багийн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийллийг 60 хувь бууруулна гэж үздэг.

Харамсалтай нь кейсийг хүчирхийлэл үйлдэгдэж, мэдээлэгдсэний дараа нээх ёстой гэж ойлгоод байна. Угтаа бол тураалтай нэг хүүхэд байсан ч бүртгэж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, арга хэмжээ авах учиртай. Нэг ч удаа кейс нээгээгүй, ямар зардал хэрэгтэйгээ тооцоолоогүй байж мөнгө хүрэлцдэггүй гээд гомдоллоод байж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

                           АРГАА ОЛОХГҮЙ БОЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ 
Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд орон нутгаас ирдэг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, аюулгүй байдалтай холбоотой дуудлага хэдэн арав, зууд хүрнэ. Гэвч анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан багууд энэ бүхнийг бүртгэх, хариу арга хэмжээ авах, шаардлагатай бусад үйлчилгээг хангалттай үзүүлж чадахгүй байна. Хамтарсан багийн сургагч багш Л.Бадамцэцэг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (БХЗХГ)-т хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх 42 ТББ магадлан итгэмжлэгдсэн.

Илүү хүнд хэлбэрийн хохирогчдыг эдгээр ТББ-д холбон зуучилж үйлчилж болно.

Харамсалтай нь зарим орон нутагт үүнийг ч мэдэхгүй хамтарсан багууд байгаа” хэмээв. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хоёр жилд улсын хэмжээний 609 хамтарсан багийг чадавхжуулахад 600-гаад сая төгрөг зарцуулчихаад буй.

Гэвч үүний үр дүн санасан хэмжээнд хүрээгүйг дээрх жишээ, тоо баримт харуулж байна. Ялангуяа орон нутагт. Орон нутгийн хамтарсан багуудын бодит дүр төрхийн талаар Л.Бадамцэцэг “Уг нь хамтарсан багаар үйлчлүүлэх, зөвлөгөө авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг агентлагт ирүүлсэн хагас жилийн тоо харуулж байна.

Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээж авсан ч нэг уулзаад орхидог байдал ажиглагдаж байгаа. Урьдынх шигээ хоорондоо сайн ярилц, ах дүүд нь хэл, хуулийн байгууллагад ханд хэмээн дуудлага, тохиолдлуудыг буцааж байгааг үгүйсгэх аргагүй” хэмээв.

Гэтэл Монгол Улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 151 хүүхэд цаг бусаар эндэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 373 иргэн хохирсны 91.2 хувь нь эмэгтэйчүүд, 29 хувь нь хүүхдүүд байгааг ЦЕГ-ын статистик харуулж буй. Хамтарсан багт мөнгө дутагдаагүй. Харин арга зүй, сэтгэл, хандлага дутагдаж байгаа учраас санхүүжилтээ авч, зориулалтын дагуу зарцуулж чадахгүй байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.