Оюутолгойтой дүйх ордууд стратегийн ач холбогдлоороо гологдохын учир юу вэ

1200px-Oyu_Tolgoi_23-750x375Уул уурхайн салбар эдийн засгийн 30, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Үүнд Оюутолгой, Тавантолгойн төслүүд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл эдгээр төслүүдтэй адилтгахуйц хэмжээний томоохон төслүүд удахгүй хэрэгжихээр болж байна. Ингэснээр цаашид манай уул уурхайн салбарт амжилтын салхи сэвэлзэх юм. Эдгээр төслүүдийг танилцуулъя.

ХАРМАГТАЙН ОРДЫН ХАЙГУУЛЫН АЖИЛ ӨНДӨРЛӨХ ДӨХЖЭЭ
Үүний нэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Хармагтайн орд юм. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд-‘ Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг. Ордын нөөцийг Австралийн Жорк стандартаар 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлжээ. Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тонн тутамд 0.59 грамм алт байдаг. Анх 1974 онд бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна.
Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедиц хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ. Тухайн үеийн Техник эдийн засгийн үндэслэлээр жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын тусгай зөвшөөрлийг 6.6 мянган га талбайд Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ.
Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долоодугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ.
Улмаар 2015 онд ТЭЗҮ батлуулсан байна. Харин энэ онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан талаар мэдээ тайлан Ашигт малтмалын Газарт ирүүлээгүй аж. Одоогоор тус ордыг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын “Занаду майнз” компани эзэмшдэг. Тус компани нь 2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий “Монгол металс” компанитай хамтран “Туркойз Хилл Ресурс” компаниас энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлжээ. Гэхдээ “Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэгийг Австралийн хөрөнгийн бирж мэдээлсэн байдаг.
“Занаду майнз” компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн. 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны байдлаар “Гал шар” нүүрсний, Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн ордуудын төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах “Жавхлант” коксжих нүүрсний хайгуулын төслийг эзэмшихээр гэрээг эцэслэж байсан аж.
Одоогоор Хармагтайн орд болон, түүнд хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх ордуудад алинд нь ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Харин сүүлийн зургаан жилийн турш өрөмдлөг, хайгуулын ажил нь дуусах шатандаа явж байгаа юм байна. Зөвхөн хайгуулд одоогоор 25 сая ам.доллар зарцуулсан тухайгаа “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт хэлж байлаа.
Ирэх сараас эхлэн тус төслийн дараагийн ажлуудыг эхлүүлэхээр зэхжээ. Тэрбээр, “Энэ орд Оюутолгойн ордтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц болох нь шинжилгээний дүнгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтой гэдгийг хайгуулын ажлын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй.
Манай компанийн зүгээс шинэ ордыг ашиглах боломжуудаас гадна уул уурхайн салбар өгөөжөө өгч болох дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Монгол Улсын хувьд зэс, хүдрийн олборлолт нь үр ашигтай байх боломжтой ийм бүс нутагт тооцогддог. Тэгэхээр ордын ашиглалт амжилттай байх нь харагдаж байгаа” гэдгийг дурдлаа. Хармагтайн ордыг ашиглахдаа бүтээгдэхүүнээ тээвэрлэх дэд бүтцийг Оюутолгой, Тавантолгойн ордтой хамтрахаар хэлэлцэж байгаа аж.
ОВООТ ТӨСӨЛ ЭКСПОРТЫН 20 ХУВИЙГ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Дараагийн төсөл нь “Оюутолгойн дүү” хэмээн нэрлэгдээд байгаа коксжих нүүрсний Овоотын төсөл юм. ‘‘Аспайр майнинг лимитэд” компанийн эзэмшлийн Овоотын төсөл нь 430 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг бөгөөд олборлолтын нэг, зэргэлдээ орших гурван хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж. Тус компани нь тусгай зөвшөөрлөө 2012 онд авч хайгуулын ажлаа тус ондоо эхлүүлжээ. Жорк стандартаар 247 сая тонн нүүрстэй гэж тогтоосон байна. Энэ орд нь манай орны баруун хойд бүс нутагт байрладаг. Овоотын коксжих нүүрсний дээжийг коксын шатаах зууханд турших туршилтыг 2013 оны эхээр хийжээ.
Туршилтын дүнд Овоот төслөөс олборлох коксжих нүүрс нь урсамтгай бөгөөд зэрэглэлээр дээд зэргийн цэвэр нүүрс болох нь тогтоогдсон байна. Жилд 10 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай аж. Тэд уурхайгаас олборлосон нүүрсд төмөр замаар Эрдэнэт рүү тээвэрлэхээр зорьж байгаа. Овоот төслийн гол хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна хэмээн тэд тооцоолжээ. Түүний хэлснээр энэхүү төсөл монголын хойд бүсэд нүүрсний салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ. Коксжих нүүрсийг шууд экспортлохоос гадна технологийн дэвшилттэй хослуулан чанарыг сайжруулахаар төлөвлөжээ. Нүүрсээ тээвэрлэхийн тулд авто болон төмөр зам барих юм байна.
Монгол Улсын экспортын 20-30 хувийг энэ төслөөс бүрдүүлэх боломжтой гэнэ. Энэ ажилд “Жем интернэшнл” компанийн захирал Ц.Цэрэнпунцаг 15 сая ам.долларын хөрөнгө оруулснаар тус компанийн хувьцааны 20 гаруй эзэмшихээр болжээ. Төслийг хэрэгжүүлж нүүрсээ тээвэрлэхэд Эрдэнэтээс Овоот хүртэлх төмөр замыг ашиглах шаардлагатай болж. Тиймээс энэ замын ажилд “Нортерн рейлвейс” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Ирэх онд 2019 онд Эрдэнэт, Овоотын төмөр замыг ашиглахаас хамааран уурхайн ашиглалт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын нийт зардал нь 144 сая ам.доллар болжээ. Жилд ойролцоогоор таван сая тонн коксжих нүүрс олборлож экспортолно. Хөрөнгө оруулалтынхаа талаар “Аспайр майнинг лимитэд” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Монголд тээврийн нөхцөл сайжирвал нүүрсийг экспортод гаргах боломж бий. Тээвэрлэлтийг авто зам болон төмөр замаар хийх боломжтой. Мэдээж хэрэг төмөр замын тээвэр үнийн хувьд өрсөлдөх чадвартай.
Тиймээс Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Манай компани одоогийн байдлаар 60 сая ам.долларын хөрөнгө татсан. Цаашид хөрөнгийн хэмжээ нэмэгдэх болно. Учир нь бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” гэлээ. Овоотын төсөл үйл ажиллагаагаа явуулахад эрчим хүч, усны бэлэн эх үүсвэртэй байгаа нь давуу талтай юм.
Завхан аймгийн Тэлмэний дулааны цахилгаан станцын эзэмшигчидтэй харилцан ойлголцлын, үүрэг хүлээх санамж бичгийг байгуулжээ. Овоотын талбай дундуур шууд дайран өнгөрдөг 110 кВт эрчим хүчний шугамд холбохын тулд шаардлагатай, дамжуулах дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор ийнхүү тэд хамтарчээ. Түүнчлэн Овоот төслийн хүрээнд Сайншандын нүүрс холих байгууламжийг байгуулахаар судалгаа хийсэн байна.
Нүүрс холих үйлдвэр нь 25-50 хувийн Овоотын коксжих нүүрсийг үл коксжих, эсвэл коксжих чанар муутай бусад нүүрстэй хольж, Монголын брэндийн нүүрсний чанарыг сайжруулах зорилготой гэнэ. Овоотын коксжих нүүрсийг Монгол Улсын хойд бүс нутгаас Эрдэнэт-Овоотын төмөр замаар тээвэрлэх ба одоо хүчин чадлаа үлэмж сайжруулж байгаа Транс-Монголын төмөр замаар бусад нүүрсийг тээвэрлэхээр төлөвлөжээ. Хольсон бүтээгдэхүүнийг дараа нь Монгол-Хятадын хилээр өмнө зүгт төмөр замаар тээвэрлэх нь. Нүүрс холих энэ үйлдвэр нь ойролцоогоор 70 сая ам.долларын зардлаар босно.
Эдгээр ордын нөөцийг ийнхүү тогтоож, эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь ч тодорхой байхад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаал-тад багтаагаагүй байх юм. Төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө “Экспортын 20-30 хувийг эзлэх бүрэн боломжтой” гэдгээ зарлаад байгаа.
Уг нь бол Ашигт малтмалын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” стратегийн орд гэхийг тодорхой заасан байдаг. Харин Оюутолгойтой дүйх дээрх ордууд энэ шаардлагад нийцэхгүй ач холбогдлоороо гологдохын учир юу вэ.

http://foxnews.mn/9293.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.