Э.Тайлорын үнэт эдлэлүүд Нью-Йоркт зарагдлаа

XX зууны Холливудын гоо бүсгүй, сая сая эмэгтэйн атаархал, бахадлыг төрүүлж явсан үзэсгэлэн төгөлдөр Элизабет Тайлорын эдэлж, хэрэглэж байсан үнэт шигтгээн эдлэлүүдийг Нью-Йоркийн “Кристис” дуудлага худалдаагаар оруулжээ.

Одоогоос таван зуун жилийн өмнө Европын уран гартнуудын бүтээсэн хар сувдаар бүрсэн хүзүүний зүүлтийг 11 сая ам.доллараар арилжжээ. Түүнчлэн дуудлага худалдаанд Э.Тайлорын өмсч байсан 400 гаруй даашинз, 269 төрлийн үнэт чулуун эдлэл, ээмэг, бөгж тэргүүтнийг борлуулах юм байна.

Үзэсгэлэн гоо, сайхны бэлгэдэл, үгээр илэрхийлэхийн аргагүй төгс Холливудын ариун гүнж гэгддэг Э.Тайлор хэдхэн сарын өмнө энэ ертөнцөд үүрд эргэн ирэхгүйгээр явсан билээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх дуудлага худалдаагаар Э.Тайлорын үнэт эдлэлүүд доод тал нь 270 мянган ам.долларын ашиг олж байгаа аж. Энэ үеэр АНУ-ын нэгэн саятан залуу Э.Тайлорын шүрээр бүрсэн алмаасан бөгжийг 600 мянган ам.доллараар үнэ хаян байж худалдан авсан байна.

Нэрээ нууцалсан тэр эрхэм Холливудын домогт жүжигчний дотны найз байсан хэмээн “Форбес” бичжээ. Мөн XVII зууны үед Испани урчуудын гараар бүтсэн хар сувдан “Ла Перегрина” нэртэй урлагийн бүтээлийг Э.Тайлор эзэмшдэг байсан төдийгүй түүний уг өмчийг дуудлага худалдаагаар борлуулахаар зэхжээ.


URL:

Сэтгэгдэл бичих