ОХУ, Хятадыг холбох хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь хэр бодитой вэ

15368311495b9a2ead042f6Жилдээ нэг удаа зохиогддог “Дорнын эдийн засгийн чуулган-2018”-ын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины монголчуудад хандаж хэлсэн сайн мэдээ гэвэл ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах өмнөх байр сууриа дахин нотолсон явдал байв.

Энэ оны зургадугаар сард Хятадын Чиндаод  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр хөрш гурван орны тэргүүн нарын уулзалт дээр В.Путин  “ОХУ,  БНХАУ-ыг холбох нефть-хий дамжуулах хоолойг өөрийн нутгаараа дайруулах хүсэлтээ Монгол нөхөд маань илэрхийллээ. Энэ бол зөв зүйтэй санаа бодол бөгөөд бид үүнийг бүрэн дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрбээр “Ийм том төслийг хэрэгжүүлэхийн тулд техник эдийн засгийн үндэслэлийг нь сайтар бодож боловсруулах хэрэгтэй” гэдгийг нэмж сануулсан байдаг.  Тэрбээр энэ байр сууриа Владивостокт дахин нотоллоо.

Тэгэхээр нутаг дэвсгэр дээгүүрээ хийн хоолой дамжуулах “Виз”-ээ   хойд хөршөөсөө үндсэндээ авчихлаа гэсэн үг. Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын  ”Интерфакс” агентлаг “ОХУ БНХАУ-ыг холбох хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулахыг Ерөнхийлөгч В.Путин дэмжлээ” хэмээн онцолж,  “Монгол улс ийм санал санаачлага гаргаж байгаа нь анх удаагаа биш бөгөөд Монголын нутгаар ийм хоолойг дамжуулах нь  аюулгүй бөгөөд газар ойр дөт гэсэн байр суурийг Улаанбаатар илэрхийлж байгаа юм”  гэж бичиж байв.  Тус агентлагийн мэдээнд дурдсанаар  Монголын энэ санал санаачлага гарахаас өмнө ОХУ, БНХАУ хоёр шууд хил залгаа нутгаараа хий дамжуулах хоолой барихаар төлөвлөж байсан бөгөөд тухайлбал, Благовещенск, Владивосток болон Алтайн район зэрэг газрыг  сонгон нэрлэж байжээ.

Харин БНХАУ-ын хувьд энэ талаар одоогоор ам нээгээгүй байна. Гэхдээ Чиндаогийн уулзалтын үеэр асуудлыг тэд хамтдаа сууж байгаад ярилцсан болохоор Ши Жиньпин даргын хувьд  Монголын гаргасан санал толгойд нь торолзож байгаа гэдэг нь тодорхой. Гэхдээ тэд яаран ам нээхгүй. Бидний хандлага, ажил хэрэгч байдлыг л харгалзана.

2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон. Монгол мөрөөдөл биелэх томоохон алхам гэж үүнийг харах нь зөв байх.

Нутаг дэсгэрээрээ нефть хий дамжуулах хоолой бариулах нь Монголын хувьд олон жилийн хүлээлт байсаар ирсэн. Харамсалтай нь биелэгдэггүй, Монголын хоёр талаар тойрч дөлөөд байдаг. Харин одоо тэр боломж ойртож ирчихээд байна. Манай улстөрчдийн ухаан, эх оронч сэтгэлгээ, ажил хэрэгч шуурхай байдлаас л шалтгаална.

Үүний урьд ОХУ болон БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоёр ч хоолой Монголын хилийн цаахнуур баригдсан. Эрх баригчид нь дотроо байнга зөрчилтэй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, хөгжлийн тодорхой бодлогогүй, улс төр нь тогтворгүй болохоор Монголыг  тойргийн гадна үлдээсэн байхыг үгүйсгэхгүй.

Хий дамжуулах гурав дахь хоолой ба Хятадын хэрэглээ

Владивостокийн чуулга уулзалтын үеэр  ОХУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан томоохон гэрээ гэвэл ОХУ-аас импортлох шатдаг хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай  байв. Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ баруун чиглэлээр импортолж байгаа байгалийн хийн хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх талаар ярьжээ. ОХУ БНХАУ-ыг холбосон хий дамжуулах хоёр том шугам байгаа бөгөөд үүнийгээ зүүн, баруун  маршрут хэмээн томъёолдог. Дорнод бүсийн хоолойгоо «Сила Сибири» гэж нэрлэдэг бол баруун бүсийн хоолойг  “Сила Сибири-2”  буюу Алтайн маршрут гэж нэрлэдэг.  Тэгэхээр энэ Баруун чиглэл гэдэг нь Алтайн районоор дайрсан хий дамжуулах хоолой юм.

ОХУ-ын “Газпром” болон  Хятадын CNPC компанийн хооронд байгуулсан гэрээгээр зүүн чиглэлийн «Сила Сибири» дамжуулах хоолой 2019 оны 12 дугаар сараас эхлэн жилдээ 38 тэрбум шоо метр  хий нийлүүлэх юм.

Харин баруун бүсийн  “Алтай”  шугам нь Баруун Сибирийг Хятадын баруун хойд бүстэй холбосон 2600 км урт шугам бөгөөд  30 жилийн хугацаанд  жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлнэ гэсэн тооцолол бий.

Харин гурав дахь маршрут буюу  төв чиглэлийн шугам баригдвал тэр нь Монгоын нутгаар дамжих хамгийн боломжтой юм.

«Газпрома»-ын тэргүүний орлогч  Александр Медведевийн хэлснээр “Алтай” хий дамжуулах хоолой нь ОХУ-ын хийн экспортыг нэмэгдүүлэх томоохон боломж гэжээ.

Гэхдээ ОХУ-ын байгалийн хийн голлох зах зээл нь Европ хэвээрээ байгаа. Өнгөрсөн оны байдлаар тус тивийн хийн хэрэглээний 34 хувийг “Газпром” дангаараа хангасан бөгөөд энэ нь тус компанийн экспортын 66 хувь болж байгаа юм. Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг энэ хэмжээг цаашид өсөхгүй гэж үзэж байгаа аж.

Тэгэхээр БНХАУ “Газпром”-ын томоохон зах зээлийн нэг байсаар байх төлөвтэй.  Одоогоор “Газпром”-ын нийт экспортын 19 хувь нь Хятадад ногдож байгаа бөгөөд энэ хэмжээ цаашид тасралтгүй өсөх магадлалтай байна. Учир нь 2020 он гэхэд Хятадын байгалийн хийн хэрэглээ  жилдээ 300-350 тэрбум шоо метр хүрэхээр байгаа бөгөөд ойрын 20 жилд 2.8 дахин өснө гэсэн тооцоолол байгаа юм. Ийм өсөж буй өндөр хэрэглээ хий дамжуулах гурав дахь шугамын тухай санал санаачлагыг гаргаж байгаа бөгөөд үүнийг өөрийн нутгаараа дамжуулах нь Монголчуудын санаашрал болоод байгаа юм. Хамгийн чухал нь энэ хоолой улс төрчдийн ярьдаг “үлгэр” биш байгаасай гэдгийг иргэд сануулсаар байгаа.

Гэхдээ “Газпром” болон Хятадын CNPC компани 2017 онд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас Хятад руу хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бас санах хэрэгтэй. Дээрхи гэрээгээр  “Сахалин-2”  төслийн гурав дахь шугамын технологийн асуудал болон жилд 20 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай яригдаж байгаа юм.

П.Булган

http://www.zaluu.com/read/29341263a


URL:

Сэтгэгдэл бичих