Сугавчлах “тамгагүй” хүүхэлдэйнүүд

8720bfb0be74f7e43678d23212c2bb64МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийхээр тов тараагаад байна. Мэдээллээр “60 тэрбум”-ын асуудлыг хөндөх тухай эх сурвалж тодотгосон.

Өмнө нь дээрх бичлэгт холбогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцохоор шийдвэрлэж байсан. Гэхдээ тус хорооны мэдээлэл Нийслэлийн МАН-ын даргын сунгаатай холбоотой бололтой.

Нийслэлийн МАН-ын даргад хотын дарга С.Батболд нэр дэвшихээ албан ёсоор зарласан. Одоогоор үүрэг гүйцэтгэгчийн статустай тэрбээр албан тушаалаа албажуулах шаардлага бий. Өрсөлдөгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Мөн хэд хэдэн гишүүн санаа байгаагаа цухалзуулчихсан. Хэн байх вэ гэхээсээ илүүтэй хэний фракци барьцаа ахиулах вэ гэсэн зарчмаар явагдах энэ сунгаа М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын цаашдын ирээдүйг ч шийдэж мэднэ.

Тавантолгойгоор олон нийтэд тал засаад байгаа Д.Сумьяабазарын ар талд МАН болоод АН-ын хэсэг нөхөд. Мөн Төрийн тэргүүн зогсож байгаа. Сайд сэтэр нь төвөггүйхэн олдсон учраас дараагийн дээлээ ч аядах юмгүй давхарлачихна гэж зүүдлэж яваа нөхөр дөө. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг жижигдэж, нийслэлийг тэр чигт нь базах сонирхол эр хүний доторх эмээл, хазаартай морь шиг л төсөөлөгддөг байлгүй. Уг нь хүн ам олонтой ганц дүүргээ гайхамшигтай сайхан болгодоггүй юм гэхэд хэрүүл талцалгүй болгочихоод нийслэлийн намын хороонд санаархсан бол аштай юу. Гэхдээ хүний, өөрийн намын нөхдийнх нь дэмжлэг У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын оролцоо байхад амархан амталчих хоол байх л даа. Тиймдээ ч Тавантолгойн IPO болоод хувьцаагаа попорч, өрсөлдөгчөө ч, олон нийтийг төөрөгдүүлж яваа нөхөр.

Харин хотын мээрийн хувьд тун төвөгтэй. Нийслэлийг удирдсан өнгөрсөн хугацаанд юу хийв. Түүний амыг таглах эхний асуулт. Нийслэлийн захиргааг нүүлгэх газраа олсон гэх вий. Ийм нэрийдлээр нийслэлийн намын хороон дахь хэдэн нөхрийг өөрийн талдаа урвуулж байгаагаа эвтэйхэн тайлбарлачихна. Үнэндээ ч нийслэлийн  хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, тендерийг зарлаж дүүрэг нийслэлийн намын албан тушаалтнуудад  тендер амлах, улмаар намын гишүүдээр нь өөрийгөө дэмжүүлэх үйл ажиллагааг явуулах ажилллагааг тун ч сайн гүйцэтгэдэг гэнэ билээ.

Эцэст нь Тавантолгойн хувьцааны эсрэг нийслэлийг Сингапур шиг болгоно гэж олон нийтэд мэдэгдэж элэг доог болж байх вэ дээ. Нийслэлийн намын хорооны бага хурал дээр ингэж хэлсэн бол хөөгдөөд гарахгүй юу. Уг нь түүнд Х.Нямбаатар гишүүний хэлсэнээр халаасанд нь 69 хүн бий. Тэр нь туслах, жолооч байх нь хамаагүй. Хуралд төлөөлөгчдийг квотоор оруулцуулах шийдвэр хичнээн адлагдсан ч эцсийн үр дүн чухал. Мөн УИХ-ын дарга ард нь асаалттай танк. Гэхдээ ар дахь эзэнтэйгээ адил газрын наймааны гуншигтай болчихсон мань эрийн хувьд Нийслэлийн МАН-ын хорооны даргын сэнтий хялбар албажжихгүй бололтой.

Ямартай ч энэ хоёр эрхэм хойноо зогсох томчуудын барьцаа ахиулах хүүхэлдэйнүүд. МАН-ын Их хурлаас хойш зургаан сар өнгөрчихөөд байхад Нийслэлийн МАН бага хурлаа хийж шинэ удирдлагаа сонгоогүй. Гэтэл тус намын хамгийн гол хорооныхон өнгөрсөн жилийнхээ дотоод “дайн байлдаан”-аа орхиогүй, харин ч улам нэмэгдсэн. Гэхдээ үүнээс илүүтэй парламент дахь барьц чухал.

http://dorgio.mn/p/93967


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.