Хуурай сүүгээр найруулсан “Цэвэр” сүү

317c589f001eb0a2d4cf9b163fb1f0d4Өчигдөр би хүнсээ цуглуулахаар “Номин” их дэлгүүрээр орсон юм. Банштай цай хийх байсан болохоор хамгийн түрүүнд сүүний тасаг руу очтол хоёр лангуугаар дүүрэн сүү өрөөстэй байлаа.

Бүгд л “үнээний цэвэр сүү” гэсэн байх юм. Өмнө нь яагаад ч юм “сүү” гэж бичсэн бол авчихдаг байсан учираас ийм олон төрлийн сүү байдгийг нь анзаардаггүй байжээ. Эдгээр сүүнүүд хоорондоо ямар ялгаатай аль нь сайн, муу болохыг мэдэхээр саван дээрх орц найрлага, он сарыг нь сайтар үзлээ. Тослог-3,2%, уураг-3,92% гр, нүүрс ус-6,44, илчлэг 68 ккал гэсэн байлаа. Гэвч би сүүний мэргэжлийн хүн биш учраас юу нь ямар байх ёстойг мэдэхгүй хэсэг зогссонооо бусдыг дууриан гоё хайрцагтай нэг сүү авлаа. Ингээд сүү борлуулагч, дэлгүүрийн худалдагч, сүүний үйлдвэрийн эзэн, эрдэм шинжилгээний ажилтан гээд олон хүнтэй уулзаж юу мэдэж авсныгаа уншигч та бүхэнтэй хуваалцъя.

Бид ямар сүү хэрэглэж байна вэ?

Монголын сүүний зах зээлийн 50-60 хувийг гадаадын сүү, 30-40 хувийг дотоодын сүү эзэлж байна. Одоогоор манайд 20-иод нэр төрлийн “цэвэр” сүү худалдаалагдаж байгаа бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн гаднаас оруулж ирсэн мөн гадны технологоор манайд үйлдвэрлэсэн кальцитай, жимстэй, шоколадтай гээд олон төрлийн сүүг бид өдөр тутам хэрэглэж байна. Эдгээрээс Эн-Ай-Жи ХХК-д үйлдвэрлэдэг МонФрэшийн “Цэвэр сүү”, “Өэлүн эх”, “Биеэ бодоорой”, НЗМ Фүүд компанид үйлдвэрлэдэг АПУ-гийн “Цэвэр сүү”, урд хөршөөс оруулж “Цаст импекс”-ийн борлуулдаг Монмилк, мөн хойд хөршөөс орж ирдэг “Шар сүү”-г манайхан сайн мэднэ. Эдгээр сүүг бүгд л байгалийн гаралтай, экологийн цэвэр сүү гэж худалдаалдаг. Гэвч ямар ч ферм, үнээгүй байж өдөр бүр тонн тонноор нь үнээний цэвэр сүүг үйлдвэрлээд байгаа нь ойлгомжгүй. Айл айлаас сүү цуглуулдаг байлаа гэхэд өвөл сүү татарсан үед хаанаас авдаг бол гээд олон асуулт гарч ирнэ. Гэтэл хүмүүсийн хэрэглээ нэмэгдсэн ч сүү улам элбэг дэлбэг болж байна. Ингээд л үнээгүйгээр үйлдвэрлэсэн үнээний “цэвэр” сүү Монголоор дүүрэн болжээ. Дээрх компаниуд сүүгээ үйлдвэрлэхдээ Австрали, Шинэ Зеландаас (өөрсдөө тэгэж хэлсэн) хуурай сүүгээ татаж, хэрэглэгчдийн танил болсон монголын үйлдвэрийг албан ёсны дистрибьютерээ болгодог бөгөөд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, тухайн үйлдвэрийнхээ логог тавьж худалдаалж байна.

Бидний ууж байгаа сүүний 88-89 хувь нь ус байдаг

Эдгээр сүүнүүд нь бүгд “усанд найруулсан хуурай сүү” буюу “сэргээсэн сүү” юм. Сэргээсэн сүү гэдэг нь үнээний сүүг өндөр температурт хатаан хуурай сүү болгож авчраад устай найруулж шингэн сүү гаргаж авсныг хэлдэг юм байна. Харин сүү худалдаалагчид ийм сүүгээ “цэвэр сүү” хэмээн зардаг нь хэрэглэгчдийг хуурч байгаа хэрэг юм. Дэлхий нийтээрээ хуурай сүүг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Төрөл бүрээр савлан “цэвэр сүү” гэж борлуулж байгаа дээрх сүүний найрлаганы 88-89 хувийг ус эзэлдэг төдийгүй химийн аргаар боловсруулж хөлдөөсөн жимс, шоколад хийж, өтгөрүүлэгч, бэхжүүлэгч нэмэхээс гадна зарим сүүний тослогийг нь ихэсгэхийн тулд ургамлын тос хүртэл хийдэг гэнэ. Тэнд мэргэжлийн хүн ажилладаггүйгээр саван дээрх найрлагыг илт буруу бичдэг, сав нь тэр чигээрээ реклам, нэр нь хүртэл “Өэлүн эх”, “Биеэ бодоорой” гээд ухуулга болчихсон зэрэг нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна.

Гашилдаггүй бол жинхэнэ цэвэр сүү биш

Үнээний дэлэнгээс сааж авсан шингэн сүүг л жинхэнэ цэвэр сүү гэх ёстой. Энэ бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Ийм сүү нь түүхийгээрээ 48 цагийн дотор амт чанараа алддаггүй, гэхдээ түүхийгээр нь хэрэглэвэл малын гаралтай элдэв өвчин тусч болзошгүй тул 100 градуст буцалгаж ариутган хэрэглэнэ. Үнээний цэвэр сүүний 100 гр дахь найрлаганд тослог 3,2%-иас доошгүй, уураг нь 3,6 гр орчим, нүүрс ус 4,7-4,8 гр, илчлэг нь 64-69 ккал, кальци 100-125 мг байдаг. Таны авсан сүү хэд хоногийн дараа гашилбал та бүү харамсаарай. Учир нь сүүнд хүний биед хэрэгтэй амьд организм байдаг бөгөөд халуун, хуурай орчинд устаж үгүй болмогц гашилдаг гэнэ. Ийм сүү 3-14 хоног хадгалах хугацаатай. Харин хуурай сүүгээр хийсэн сүүний хадгалах хугацаа 6-8 сар байдаг бөгөөд халуун, хүйтэн, хуурай, сэрүүн ямар ч нөхцөлд гашилдаггүй, хэвээрээ л байгаад байдаг нь нөгөө л бэхжүүлэгч, химийн бодис хийдэгтэй холбоотой бөгөөд хүнд хэрэгтэй амьд организм байхгүй болсныг харуулдаг.

Хүний биед сүү ямар хэрэгтэй вэ?

Хүний биеийг эрүүл байлгахад шаардлагатай 600 гаруй амин дэмээс ихэнхийг нь сүүнээс нөхөж авах бололцоотой гэнэ. Гэхдээ жинхэнэ үнээний цэвэр шингэн сүүнээс шүү дээ. Монгол хүн өдөрт 0,5 литр сүү хэрэглэх ёстой бөгөөд жилд 138 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн тоо байдаг ч хүн бүр тэгж чаддаггүй. Судалгаагаар 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн ясны сийрэгжилт улам ихэссэн бөгөөд 2000 оноос хойш төрсөн хүүхдийн өсөлт бага, цус багадалттай, сульдаатай, яс, шүдний эмгэгтэй болсон байна. Ясны сийрэгжилт гэх чимээгүй тахал нь кальцийн дутагдлаас болдог бөгөөд кальци их хэмжээгээр агуулагдаж байдаг сүүг байнга хэрэглэвэл уг өвчнөөс сэргийлэх боломжтой төдийгүй өвчлөлийн явцыг удаашруулдаг гэнэ.

Үнээний цэвэр сүү нь усанд найруулсан хуурай сүүнээс 30-40 хувийн хямд

Усанд найруулсан хуурай сүүг өндөр үнээр авахын оронд эх орныхоо үнээнээс саасан цэвэр сүүг хямдхан авч хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна мөнгөнд хэмнэлттэй. Нэгэнт л хатааж авсан хуурай сүүгээ усанд найруулж шингэн сүү болгож байгаа болохоор үүнийг СЭРГЭЭСЭН СҮҮ гэж нэрлэе. Харин монгол үнээний шингэн сүүг ЦЭВЭР СҮҮ гэж нэрлэж заншья. Ингэвэл худалдан авагчид ялгахад амар болно. Үнийн хувьд сэргээсэн сүү 1 литр нь 1000-1700 төгрөг байхад, монгол үнээний сүү 0.5 литр нь 300-380 төгрөг, 1 литр нь 650-900 төгрөг байх жишээтэй. Мэдээж бүгд ариутгагдсан байгаа. Магадгүй та өглөө бүхэн байрныхаа гадаа уухайлан орилж байдаг үүргийн худалдаанаас сүү авахыг илүүд үзэж байгаа бол эдгээр сүү нь ус, гурилын нэмэгдэлтэй байдгаас гадна элдэв малын гаралтай өвчин тусахгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг санаарай.  Дээрх зүйлийг уншаад та нэгийг бодсон биз. Ямартай ч “цэвэр” сүү гэж борлуулагдаж буй зарим сүүнүүд хүний биед хэрэгтэй амин дэмийг агуулдаггүй болох нь харагдлаа. Энэ нь өнөөдөр, маргааш мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа та ясны сийрэгжилттэй, таны хүүхэд сульдаатай, шүдний эмгэгтэй болох вий. Үүнээс сэргийлж, эрүүл байхын тулд та үнээний жинхэнэ цэвэр сүүг хэрэглэж байгаарай. Та хаанаас авахаа мэдэхгүй гайхаж байгаа бол Барс захын зүүн талд байрлах САПУ төвд очоорой. Тэнд Монгол үнээний цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 6-7 компани бүтээгдэхүүнээ борлуулдаг. Хэрэглэгч та зөв бүтээгдэхүүн авахын тулд тухайн бүтээгдэхүүний аль нэг буланд нь “Эх орны сүү, эрүүл хүнс-амьдралын баталгаа” гэсэн үнээний зурагтай лого байгаа эсэхийг шалгаарай. Энэ логог Сүү үйлдвэрлэл, хөгжлийн зөвлөлөөс (СҮХЗ) зөвхөн үнээний цэвэр сүү болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газруудад олгодог юм байна.  Одоогоор Монголын сүүний зах зээлд хамгийн өргөн хэрэглэгддэг хэд хэдэн компанийн үйлдвэрлэдэг сүүг жишээ болгон товч тайлбарлая.

С.Жаргал Г.Түвшинжаргал

tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.