“Утаанбаатар” минь сайн байна уу

b5c28eaf26832811216cb8df7be457b3Өнөөдөр нийт нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хүртэл хаагдаж магадгүй гэх цаг агаарын урьдчилсан мэдээг хэд хоногийн өмнөөс л Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсэн. Ийнхүү хүйтний эрч чангарч Улаанбаатар хот маань утааны улиралтайгаа золгож байна.

Гэтэл төр засаг, нийслэлийн удирдлагуудын зүгээс жилээс жил яриад сууж байдаг утааны асуудлаа ярьсаар л, шийдэх гарцаа олоогүй хэвээр л байна. Яачихсан ч ядарчихсан дарга нар, яасан ч зутруухан ард түмэн бэ бид.

Эгэл боргил амьдралтай улаанбаатарчууд нь утаандаа угаартчих гээд дээдэс нь утааны улирлаар гэр бүлийнхнээ гадаадад амьдруулчихаад, өөрсдөө энд утаагаар бизнес хийж суух гэж. Улаанбаатарын утаа жилээс жилд хэрүүлийн алим болж олны анхаарлын төвд орж эцэстээ асар том бизнес болдог нь тодорхой.

Жил бүр л утаа арилгана гэж улсын төсвөөс өм цөм авна, жил бүр утаагүй зуух, орон сууцжуулах хөтөлбөр ярина. Тэгсэн хэрнээ утаа нь арилах нь бүү хэл багассан ч зүйл байхгүй. Улам бүр даамжирсаар.

Улаанбаатарыг утаанаас нь салгаж өгвөл Сүхбаатарын талбайд ард түмний хандиваар хөшөө босгож өгье гээд ч хөдөлдөг, хийдэг амьтан алга. Одоо тусдаа агаарын бохирдлыг бууруулах агентлаг байгуулах юм яриад улсаас мөнгө нэхээд л сууж байна. Агентлаг байгууллаа гээд арилчих уу.

Хотын зах руу дэд бүтэц хөгжүүлэх замаар хотоо тэлэх арга хэмжээ ч авъя гэхээсээ илүү түүхий нүүрс, утаагүй зуух, амны хаалт гээд аахар шаахар зүйлээр бизнес хийж өөрсдөө халаасаа түнтийлгэх гэсэн дарга нараас болж бид ахиад л утаан дундаа дуниартаж, нялхас нь өвчин ороож өвөлжих нь тодорхой боллоо. Утаанбаатар минь сайн байна уу. Тосоод л авахаас…

https://paparatsi.mn/mma


URL:

Сэтгэгдэл бичих