Б.Батчимэг: “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хот” хөтөлбөр БЗДүүргийн хэмжээнд буюу ӨЭМТ-үүдэд хэрэгжиж байна

1537431837_width2x_wklnp9ronkolha5Өрхийн Эрүүл Мэндийн Төвийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хот” хөтөлбөрийн талаар БЗД-ийн 8-р хороо “Ачлахуй” ӨЭМТ-ийн Эрүүл мэндийн Нийгмийн ажилтан Б.Батчимэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Ачлахуй ӨЭМТ-д “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн талаар товч танилцуулаач?

-Зүрх судасны өвчлөлийн гол эрсдэлт хүчин зүйл болсон цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах зорилготой “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хот” хөтөлбөрийг 2017 оны 07 сараас эхлэн Швейцар улсын новартис сангийн санхүүжилтээр, Оном сан, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Баянзүрх дүүргийн хэмжээнд 1, 3, 4, 8-р хорооны ӨЭМТ-үүдэд хэрэгжүүлж байна.

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?

Хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмч сувилагчдын дунд судалгаа явуулах, тэднийг сурган дадлагажуулах, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ даралтын аппаратаар хангах, 15-с дээш насны бүх хүний даралтыг хэмжиж зөвлөгөө өгөх, оношлох, хяналтанд авч эмчлэх  зэрэг ажлууд хийгдэж байна.

-”Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Артерийн гипертензийн менежментийг бэхжүүлэх” сургалтанд танай ӨЭМТ-өөс хэдэн ажилтан хамрагдав. Сургалтын дараах үр дүн хэрэгжилт ямар байна вэ?

Манай өрхийн эмнэлгээс энэ сургалтанд 10 эмч 8 сувилагч ЭМНА гээд бүх хүн хамрагдсан. 2017 оны 10 сараас эхлэн сургалтанд хамрагдаж 2018 оны 1 сараас эхлэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зорилтот насны 13392 хүнээс сар бүр 500 орчим хүнийг артерийн даралтын үзлэг оношилгоонд хамруулахыг зорьж байна. 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2600 хүнийг хамруулан ажилласан. Сургалтанд хамрагдсанаар эмч, эмнэлгийн ажилтуудын ур чадвар дээшилж цусны даралтыг үнэлэх, дүгнэх, нэгэнт илрүүлсэн Артерийн гепертинзийг цаашид хянах, эмчлэх эрүүлжүүлэх, цус харвалтаас сэргийлэх зэрэг ажлыг тодорхой үе шатаар нарийвчлан сурч авсан.

-Хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ даралтын аппаратаар хангагдсан гэж хэллээ. Шинээр тавигдсан цусны даралт хэмжигч аппаратны хэрэглээ ямар байна?  ӨЭМТ –д хэдэн аппарат ирсэн бэ?

-Тиймээ. Хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий даралтын аппарат 11 ширхэг ирсэн.  Энэ цусны даралт хэмжигчээр даралтаа үзүүлхээсээ өмнө  даралтыг зөв хэмжих 8 зөвлөмж гэж байгаа. Тэр зөвлөмжийг иргэддээ зөвлөсний дараа даралтаа хэмжинэ. Энэ аппаратны давуу тал нь 3 удаагийн хэмжилтийн дунджаар маш нарийн хэмждэг. Ийм даралтын аппараттай болсноор иргэдийн цусны даралтыг хэмжихдээ хугацаа хэмнэхээс гадна нарийн заалтаар үнэн зөв гарч байгаа нь  иргэдийн даралтаа үзүүлэх хандлагыг нэмэгдүүлж байна.

-Хорооны иргэд хөтөлбөрийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ? Хөтөлбөрийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчилж байна вэ? 

-За ӨЭМТ дээр “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн талаар хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээллийн самбар гаргасан байгаа. Мөн Лайк телевизтэй гэрээ байгуулан улиралд 1 удаа иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн пэйж хуудсанд нэгдэж мэдээлэл авах боломжтой байгаа. Эмч нар үзүүлж буй 15-аас дээш насны бүх хүнд мэдээлэл өгч ажиллаж байна.

-Яагаад бид цусны даралтаа тогтмол хэмжиж зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх ёстой вэ?

-Манай улсын нас баралтын хамгийн том шалтгаан буюу нийт нас баралтын 30 гаруй хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлдэг. Зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг амь насанд аюултай өвчний гол шалтгаан нь хэн бүхний мэдэх цусны даралт ихсэлт юм. Нэгэн тоо баримт дурдвал манай улсын хүн амын 10 хүн тутмын 3 нь  цусны даралт ихсэлттэй. Цусны даралт ихсэлттэй 10 хүн тутмын 7 нь даралт ихтэйгээ мэдэхгүй байна. Цусны даралт ихсэлттэй хүмүүсийн дөнгөж 20% нь эмчийн хяналтанд орсон байдаг. Иймээс зүрх бүхний төлөөх “Эрүүл зүрх-эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нэгээхэн эд эс нь иргэн Та гэдгээ санаж цусны даралт ихсэлтээс сэргийлэх, хяналтыг сайжруулах үйл хэрэгт манлайлан оролцохыг уриалж байна.

-Бид Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй Эрүүл зүрх хөтөлбөрийн талаар ярилцлаа. Та иргэдэд зүрхээ хамгаалах талаар зөвлөгөө өгөөч?

  • Юун түрүүнд иргэд маань эрсдэлт хүчин зүйлээс хол байх хэрэгтэй.
  • Архийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Архи нь зүрхэнд цус болон тэжээл хүргэх явцад саад учруулдаг. Архи их хэмжээгээр хэрэглэх үед даралтыг зохицуулах дааврын тэнцвэр алдагдан даралт нэмэгддэг ба улмаар зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний хэм алдалт үүсэх эрсдэлтэй.
  • Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх. Дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах даралт ихсэлтээс сэргийлнэ.
  • Аль болох өөх тос, сахар, давсаар баялаг хоол хүнснээс татгалзах
  • Биеийн жингийн илүүдэл таргалалт нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.
  • Стрессээ зөв тайлж сурах хэрэгтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ хандан уриалга хэлвэл?

-”Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хот” хөтөлбөртөө идэвхитэй хамрагдаарай. Эрүүл зүрх , эрүүл амьдралын төлөө хамтдаа нэгдэн зүтгэе!

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!


URL:

Сэтгэгдэл бичих