“АЖИЛГҮЙ” ариутгагчид мөнгө төлөх АЛБАГҮЙ

41931286_2207606126142077_5348763519510642688_o_bМалын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Өлзийтийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байгаа. Энэ цэг хэзээ татан буугдаж, иргэдийн халааснаас өдөр бүр мянган төгрөг “хумсалж” буй шударга бус ажил зогсох вэ?

 

Улаанбаатар хотоос Төв аймаг 45 км-ын зайд оршдог, нийслэлтэй хамгийн ойр аймаг. Тиймээс ч тус аймгийн иргэд, оршин суугчид өдөр бүр хичээл, сургууль, ажилдаа аймгаасаа явж, буцах нь элбэг. Гэтэл өдөр бүр Нийслэл рүү нэвтрэх бүртээ замын татвараас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгт 1000 төгрөгөө тушааж байна.

 

Хаана гарсан, ямар гээч гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй ариутгал вэ. Миний мэдэхээр өнгөрөгч 2017 оны есдүгээр сард энэ ариутгалын цэг байж л  байсан. Өвөл арванхоёрдугаар сард ч өнөөх шар хувцастнууд сууж л байсан. Дүн өвлийн хүйтнээр малын өвчин гарах нь бага л баймаар хэмээн бодоод л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр ч ариутгал нэрийн дор “мөнгө нэхэгчид” сууж л байна. Өвчин гарсан байлаа ч өдийд дарагдмаар юм. Үгүй гэхэд урьдчилан сэргийлж байгаа нь гээд үргэлж байрлах учиргүй баймаар…

 

Гэхдээ бас их сонин. Өвчин үүсгэгч нь шөнө унтчихдаг юм шиг байгаа юм. Автомашинуудыг шөнө ариутгахгүй. Өглөөний зургаан цагт байхгүй. Ариутгал хийж буй “нөхдүүд” дуртай цагтаа гарч ирж суугаад мөнгөө хураана. Халдваргүйжүүлэлтийн бодисоо гар утсаа оролдож, фэйсбүүк ухангаа хаа хамаагүй цацчихна. Цацахдаа нэг л дугуйруу нь шүршсэн болно. Нөгөө дугуйгаар нь өвчин үүсгэгч дамжчихвал яана.

 

Төв аймгаас ажилдаа явдаг хүмүүс өдөр бүр мөнгө өгөхөөс татгалзаж хэний үүрэг даалгавраар халдваргүйжүүлэлт хийж буйг асуухаар “Дээрээс л хий гэсэн. Бидэнд хамаагүй. Мөнгөө төл” хэмээн овгордоно.

 

 

Сэжигтэй бүсэд хамаарч буй нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөний талаархи хуулийн зөвлөмж гэж бий. Уг зөвлөмжид:
Сэжигтэй бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний хяналтын цэгийг байгуулж, зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийнэ.
Зайлшгүй шаардлагаар сэжигтэй бүсээс гадагш гарах хүн, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр мэргэжлийн байгууллагын хяналтын доор ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээр гаргаж болно. Сэжигтэй бүсээс гарсан хүн 10 хоног малтай харьцахгүй байх ёстой.
Сэжигтэй бүсээс амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг голомтын бүсэд сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоног хориглох,
Сэжигтэй бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гаргахыг сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн турш хориглох;
Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг (хурал, цуглаан, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, баяр наадам, уул ус овоо тахих, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) хориглох” хэмээн заасан байдаг.

 

Гэтэл Дундговь аймагт гарсан малын гоц халдварт өвчний ариутгал хаа байсан Өлзийтийн пост дээр хийгдэж Төв аймаг болон зүүнээс ирэх бүх машинаас хураамж 1000 төгрөг байнга авах нь илт зохион байгуулалттай луйвар. Халдварын бүсэд нь болон тухайн бүсээс гарах автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд л болох бус уу.

 

Хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагаас авсан мэдээгээр Ховд аймгийн төв Ховд хот буюу Жаргалант суманд хүн, малын гоц халдварт боом өвчин гарсан. Бусад аймаг, хотуудад малын гоц халдварт өвчин гарсан гэж сүүлийн саруудад дуулдаагүй л байна. Ховд, Төв аймаг хоёр яагаад ч холбогдохгүй баймаар. Гэтэл “ажилгүй” ариутгагчид суусаар ард иргэдийн мөнгөнөөс хумсалсаар л байна.

 

Төв аймгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг татан буулгах цаг хэдий нь болсон.

 

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.