Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ…

Said-SumyabazarБүтэн жил тэмцсэн багш нар дөнгөж саяхан цалингаа 20 хувиар нэмүүлэн аман шийдвэр гаргуулж авлаа. Хуучин цагт багш нар сэхээтэнд тооцогдож, авдаг нь ахиу байсан бол өнөөдөр багшийг дорд үзэх хандлага дарга цэрэг нарын үг үйлдлээс илрэх болж, багш нарын амьдрал тааруухан л байна. Хүн төвтэй хөгжлийн талаар Засгийн газар зорилго тавьж л байгаа бол боловсролд, ялангуяа боловсролын салбарын ажилтнуудад анхаарах л хэрэгтэй. Багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмж тааруухан байгаа нь нуух юмгүй үнэн шүү дээ. Цалингаа нэмүүллээ гээд багш ажилдаа ороод байхад нь дахиад л шатахууны үнэ нэмэгдлээ. Шатахууны үнэ Монголын эдийн засгийн тоолуур. Шатахууны үнэ өсвөл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь хууль. Хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан болж байж төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараалаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ, багш, эмч, сувилагч, асрагчийн цалинг багаар өсгөлөө гэхэд дагаад шатахууны үнэ өсөхөөр ямар хэрэг байна вэ. Энэ Засгийн газарт даварсан импортлогчидтой үг хэлээ ололцох, шатахууны үнийг тогтворжуулахаар ажиллаж байгаа сайд, дарга байна уу, ер нь.

Өнгөрсөн 7 хоногт АИ 92 бензиний үнэ 40-120 төгрөгөөр өсчээ. Баян-Өлгий аймагт өнөөдөр АИ 92 шатахуун 1920-1940 төгрөгөөр, дизель түлш 1990-2010 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь мэдээж дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, Роснефть үнээ нэмсэнтэй холбоотой. Гэхдээ үүнийг зохицуулах, үнийг нь иргэдэд дарамтгүй зохицуулах шийдлийг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хийх ёстой. Саяхан шатахуун түлш импортлогчид Уул уурхайн яаманд дизель түлшний онцгой албан татварыг тэглэх санал хүргүүлсэн гэх юм. Гэтэл Д.Сумъяабазар энэ саналыг нь Засгийн газарт оруулахын оронд нууж дарсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд бичигджээ. Энэ үнэн бол Д.Сумъяабазарт шатахууны үнийг тогтворжуулах хүсэл алга буюу тэр Уул уурхайн сайдынхаа үндсэн ажлыг ч хийхгүй, УИХ-ын гишүүний хувиар адаглаад Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийнхээ амьдралыг ч бодохгүй байна гэсэн үг. Ер нь, Засгийн газар шатахуун импортлогчдод найр тавьж, татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийсэн. Хариуд нь импортлогчид шатахуун, түлшнийхээ үнийг үе шаттай, хэд хэдээр нэмсэн. Энэ чинь Засгийн газрыг ч, иргэдийг ч залилсан үйлдэл биш үү. Гэтэл сэтгүүлчид тайлбар ярилцлага авъя гэхээр Уул уурхайн сайд нь уул уурхайн яаман дээрээ Сонгинохайрхан дүүргийнхээ МАН-ын төлөөлөгчдийг цуглуулж хуралдаад завгүй байгаа гэх юм. Улсын ажлаас илүүтэй намын ажил гэж юу байна аа Д.Сумъяабазар аа.

Өнөөдөр цас орж, айсуй өвлийг иргэдэд санууллаа. Бусад сайд нь орон нутгаар өвлийн бэлтгэлээ шалгаж, асуудлыг газар дээр нь шийдээд явж байна. Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг гэхэд газар тариалангийн бүс нутгуудаар явж, ургац хураалттай танилцаад байна. Тариаланчдын ярьж байгаа зүйл нь ургац хураах цаг болсон байхад шатахуун түлшний хомсдол, үнийн өсөлт. Үнэхээр нуруугаа авахуулж байна тэд. Шадар сайд цас, зудны эрсдэл ярьж, аймгуудын онцгой комисстой хуралдаад завгүй. Эрүүл мэндийн сайд ханиад, хатгалгаа яриад эмнэлгийн дарга нартай хуралтай. Ганц Уул уурхайн сайд Д.Сумъяабазар л нэг бол Нийслэлийн МАН-ын хуралд нэр дэвших бэлтгэлээ хангаад яаман дээрээ намынхнаа цуглуулаад хуралдаж байна. Эсвэл зочид буудалд хүмүүс цуглуулж, мөнгө тарааж байна гэсэн мэдээллийг иргэд өгч байна. Намын хурал болоод л өнгөрнө, иргэдэд хамаагүй. Үндсэн ажлаа хийгээч сайд аа.

Иргэний хөдөлгөөнүүд хавар, зунжин хөдөөгүүр тэмцэж байна. Газар шороогоо хамгаалуулахаар аймаг, сумын Засаг дарга нар аргаа бараад “Босоо хөх Монгол”-ын залуучуудыг дуудаж байна. Хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт гэдгийг Уул уурхайн сайд нь орон нутагт оройлон очиж шаардах ёстой биш үү. Нутгийн иргэд уул толгодоо ухуулахгүй гэхэд нь хамгийн түрүүнд ойлголцоё гээд очих ёстой нь сайд биш үү. Баялаг бүтээхээр очсон хөрөнгө оруулагчдыг бас л сайд хамгаална. Уул уурхайн эдийн засагтай улс мөн л юм бол Уул уурхайн сайд энэ улсын хамгийн үүрэг хариуцлагатай хүн биш үү. Гэтэл Д.Сумъяабазар та хотын МАН-ын дарга болно гээд дотроо төсөөлчихсөн, албан тушаалаа ярилцаад акц, кампанит ажлаа л төлөвлөөд суух юм.

Тариа ногоо хураах ажил шатахуун, түлшний үнийн нэмэгдлээс болоод саатаж байна. Газар тариалангийн бүс нутгаар цас орж, ургац цасанд дарагдлаа, хөлдлөө. Шалавхан шатахуун импортлогчидтой учир зүйгээ ололцооч Д.Сумъяабазар аа. Нийслэлийн МАН-ын сонгуульд зориулж тарааж байгаа мөнгөнд учир байна уу, сайд аа. Шатахууны үнийг зөнгөөр нь орхих тохироотой мөнгөө намынхаа гишүүдэд тараагаад байна уу гэж хардахаар байна шүү, сайд аа.

Arslan.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.