Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ

 

Ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирээд вьетнам авто засварт өгч зардаг гэх хардалт иргэдийн дунд бий болсон. Мөн улсын дугааргүй, дуудлага худалдааны тэмдэгтэй эвдэрхий автомашины зургууд олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийг бухимдуулсан тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Японоос дуудлага худалдаагаар дамжин манай улсад орж ирсэн эвдрэл гэмтэлтэй олон тооны машинууд байгаа тухай хил дээрх гаалийн агуулахын бичлэгийг дэлгэж байна. Бичлэгээс үзвэл Японы экспортлогч SBT, INLINE компаниас оруулж ирсэн гэдэг нь харагдана. Эдгээр эвдрэл гэмтэлтэй автомашинуудын худалдан авагч нь татвар төлөгч бус хувь хүмүүс буюу ченжүүд юм.

Ченжүүд Японд мөргөлдсөн, живсэн автомашинуудыг дуудлага худалдаанаас хямд үнээр авдаг бөгөөд Монголд ирээд вьетнам кузов засварт оруулж, гадна талаасаа өнгө үзэмж сайтай болгож, шаардлагаатай эд ангийг нь сольж, “эвдрэлгүй машин” хэмээн худалдаалдаг байна.

Манай улсын хууль журмаар техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг гэнэ.

Манай улсын авто ослуудын тодорхой хувийг жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаан эзэлдэг. Японоос эвдрэл гэмтэлтэй орж ирсэн автомашинууд ийм осол гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс төр засаг, салбарын яам, холбогдох байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч, холбогдох хууль эрхзүйн зохицуулалтыг хийж, импортын автомашинуудад өндөр шаардлага тавих ёстой.

Мөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд нэн түрүүнд автомашины татвар, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулах, эс оруулахаас эхэлнэ гэж олон хүн тодорхойлж буй.

Zaluu.com


URL:

Нэр: машин Огноо: 25 September 2018

энэ хүмүүсийн шуналын гайгаар олон сайхан залуус хорвоог орхисон байх даа.

Сэтгэгдэл бичих