20 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВСАН ХОЁР ДАРГЫН ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН УУ

olloo_mn_1537753556_42299Илэрдэггүй хэрэг, эзэнгүй хэрэг гэж байдаггүй. Хэзээ нэгэн цагт ямарваа нэгэн хэргийн холбогдогч, сэжигтэн нь илэрдэг гэж хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө ярьдаг хэрнээ илрүүлэх сонирхолгүй хэргүүд байна. Ялангуяа авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх хүсэл сонирхол байдаггүй бололтой.

Сүүлийн жилүүдэд хил гаалийнхан, Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нар авлига хээл хахуулын хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагын хаалга сахидаг болов. Ихэнх нь авлигын хэргээр шалгагдсан ч шүүхээр шийтгэгдэж, ял авсан нь тун цөөхөн. Ингэхээр авлига ард түмнийг сөхрүүлж, төрийн алба хаагч, дарга нарыг баян болгож, ял завшуулаад өнгөрдөг нь үнэн юм шигээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авлигын хэргээр саатуулагдаж байсан МХЕГ-ын хэлтсийн хоёр даргын хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, замхарчээ. Тодруулбал, нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга  Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд сураг алдрав.

Тухайн үед тэднийг шүүхийн захирамжаар цагдан хорьсон ч нэг сар саатуулаад суллаж, гадуур байцаалт явуулах шийдвэрийг гаргасан юм.  Харин хэргийг хянаж дуусаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлээгүй таг чиг болов.

Сэжигтэн Н.Баярсайхан, Б.Аззаяа хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага бий. Тэд их хэмжээний мөнгө гэртээ хадгалж байсан илэрсэн ч хаанаас яаж ямар замаар авснаа тайлбарлаж чадахгүй байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон.

Уг нь иргэд аж ахуй нэгжүүд импортын зөвшөөрөл болох  бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол ажлын гурав хоног буюу 72 цагийн дотор тусгай зөвшөөрөл олгодог байна. Гэтэл 2016-2017 эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнд суртал хэрээс хэтэрсэн тухай эх сурвалжууд хэлдэг.

Тодруулбал, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас тусгай зөвшөөрөл авахын тулд өдөрт хоёроос гурван удаа очиж, ажлын 14 хоног үүдийг нь сахихаас аргагүй болжээ. Тиймээс гаднаас оруулж ирж байга бараа бүтээгдэхүүнээ хил дээр удааж муутгахгүй тулд аргагүй эрхэнд “хариуцсан” дарга нарт авлига атгуулдаг талаараа эх сурвалжууд ярьсан юм.

Өмнө нь ажлын нэг өдөрт, удлаа гэхэд гурав хоногийн дотор гардаг байсан тусгай зөвшөөрөл авахын тулд иргэд, аж ахуй нэгжүүд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын үүдийг ажлын 14 хоног сахиад ч авч чадахгүй тохиолдол байсан гэнэ. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын цаг хугацаа алдах, гэрээний дагуу хил дээр ирсэн бараа бүтээгдэхүүний чанар муудах зэргээс эхлээд олон асуудал үүсэх аюулд ордог байжээ.

Баримт1: Нээрээ нууцалсан нэгэн иргэн “Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт нийт 9 сая төгрөгийн авилга өгсөн. Тэд намайг авилга өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан гэжээ. Тэрбээр ОХУ, БНХАУ зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас мал амьтны гаралтай түүхий болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортолдог аж. Ингэж бараагаа гаднаас оруулж ирэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Импортын мэдэгдэл буюу хилээр бүтээгдэхүүнээ оруулж ирж болно гэсэн тусгай зөвшөөрөл авдаг байна. Тийм зөвшөөрөл цаг алдахгүй авахын тулд дээрх хоёр даргад авлига “атгуулдаг” байв.

Баримт2: МХЕГ-ийн Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас 2017 онд 1700 орчим аж ахуй нэгжид экспортын гэрчилгээ, 1000 гаруй аж ахуйн нэгжид импортын мэдэгдэл олгосон байна. Энэ аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо доод тал нь гурван сая, түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болон ургамал гэсэн хоёр чиглэлээр тусгай зөвшөөрөл олгож ажилладаг. 2017 онд гэхэд ургамлын чиглэлээр 864 аж ахуй нэгж, 77 иргэнд импортын мэдэгдэл, 864 аж ахуйн нэгж, 114 иргэнд экспортын гэрчилгээ олгосон байна.

Ургамал болон мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олгосон тусгай зөвшөөрөл 2017 онд 1700 экспортын гэрчилгээ, 1000 гаруй импортын мэдэгдэл олгосон байна. Гэвч МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь 3 сая түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байжээ. Саатуулагдах үедээ тэр хоёрын гэрээс бэлнээр 500 гаруй сая төгрөг эд мөрийн баримт болгон хураан авсан байдаг.

Ийнхүү богино хугацаанд хөрөнгөжсөн хэлтсийн дарга нарыг ажлынхан нь “хардаж” эхэлжээ. Б.Аззаяагийн хувьд хэрэгт холбогдохоосоо сарын өмнө ажлаасаа чөлөө авсан байж, харин Н.Баярсайхан даргын хувьд ажлаа хийж яваад саатуулагдсан байдаг. Бүр тодруулбал, Н.Баярсайхан даргыг бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байдаг гэдэг.

Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёр ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй, Мэргэжлийн хяналтын байцаагчийн цалингаас өөр ямар нэг орлогын эх үүсвэргүй мөртлөө гэртээ ийм их хэмжээний бэлэн мөнгө хадгалж, гэнэт баяжсан нь хэний ч анхаарлыг татна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр энэ албан тушаалтнууд нэгэн компаниар байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох нь тогтоогдсон юм.

Хүн бүр үнэнийг мэдэх эрхтэй. Гэтэл одоо цагт үнэн гэж байхгүй болж, үнэнийг мэдэх гэсэн хүсэл зориг үнэгүйджээ.
Тэгвэл энэ авлигын хавтас хэрэг яг одоо хаана байна. АТГ-аас Нийслэлийн прокурорт шилжүүлсэн юм бол яагаад шүүхэд шилжүүлэхгүй ийм олон сар болж удаж байгаа юм бол. Магадгүй прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон юм биш биздээ гэж хардав. Ингээд энэ хэргийн араас эрэл сурал боллоо.

АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Манайхаас аль өнгөрсөн зургадугаар сард яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорт шилжүүлсэн” гэв.

Нийслэлийн прокурорын газраас асууж тодруулахыг хичээсэн боловч олигтой мэдээлэл олдсонгүй. Тус газрын хяналтын прокурор Батхуяг хэрэгт хяналт тавьж байгаа юм билээ. Тэрбээр хавтаст хэргээ уншиж байгаа гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Мөн тус газрын Тамгын газрын даргаас нь мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр “Нэг сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй. Манайхаас шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхийг хуулиараа хориглосон. Нийтэд хэвлэлийн бага хурал хийж мэдээлнэ үү гэхээс нэг сэтгүүлчид хэргийн талаар ярьдаггүй юмаа” хэмээн халгаасангүй. Уг нь тус газар хуулийнхаа хүрээнд сэтгүүлчид мэдээлэл өгөх үүрэгтэй юмсан. Гэтэл “өгөхгүй” гэж тас гүрийв. Хэвлэл хариуцсан прокуророос нь хүртэл асуухад “Миний чиг үүрэг өөрчлөгдсөн. Би хэвлэл хариуцахаа больсон” хэмээн халгаасангүй.

Харин анхан шатны шүүхийн эх сурвалжаас хавтаст хэрэг нь ирсэн эсэх талаар тодруулахад “Ирээгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард батлан даалтад гарах хурал нь шүүхээр орсон юм байна.  Прокурорын хяналтад байгаа байх. Эсвэл хэрэгсэхгүй болгосон ч байж магадгүй” гэлээ.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр “Хохирсон эзэн холбогдогч, аж ахуйн нэгж компани гэж байхгүй, араас нь хэл ам хийхгүй бол хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгочихдог юм. МХЕГ-ын хэлтсийн хоёр даргын хэрэг ийм л замаар явах нь тодорхой. Яагаад гэвэл тэдэнд авлига өгсөн хүмүүс “Хэзээ ч би гомдолтой” гэж хэлэхгүй шүү дээ” гэж мухарлав. Нээрээ тийм байх. “Шалгаж байна, хянаж байна” нэрийдлийн дор нөлөө бүхий хүмүүсийн удирдлага дор хяналт тавьж байгаа прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгодог муухай жишиг бий. Тэгээд л хавтаст хэрэг нь архивт хадгалагддаг гэх.

МХЕГ-аас хоёр даргынх нь талаар асууж тодруулахад “Тэр хоёр дарга бүр сураггүй болсон. Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Өнөөдрийг хүртэл албан тушаалд нь хүн томилоогүй байна. Өөр хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгч хийж байгаа. Хэзээ орных нь хүмүүсийг томилох юм байгаа бүү мэд. Тэр хоёрын хэрэг шүүхээр шийдэгдээгүй сурагтай” гэсэн мэдээлэл өгөв.

Авсан авлига нь тодорхой, авлига өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бизнес эрхлэгчид байхад хэрэг нь ийнхүү замхарсан бололтой. Дарга асан Б.Аззаяа, Н.Баярсайхан хоёр шүүхээр шийтгэгдэх нь үү, эсвэл прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

О.Сайхан