Улстөржилтийн талбар болсон ТӨРИЙН АЛБА

195626-04112016-1478225655-1558087808-talbai (1)Нийгэмд төрийн албаны нэр хүнд унасан ч төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалд дэвшихийн төлөө хүмүүс эрвийх, дэрвийхээрээ зүтгэсээр байгаа.  Их, дээд сургуулийн дипломоо  өвөртлөөд л аль болох төрийн албанд ажиллахыг зорьж байгаа. Хувийн компанийн өв залгамжлагч ч төрийн албанд ажиллаж, компаниа гаднаас нь удирдаж байхад ардын хүүхэд төрийн албанд, цалин, нийгмийн хангамж баталгаатай газар бараадахыг хүсэх нь аргагүй юм.  Төрийн албан хаагч нар жилдээ хэдэн ч удаа сургалт, семинарт хамрагдаж мэргэжил дээшлүүлчихнэ, цаашлаад гадаад руу ажлын шугамаар аялаад ирнэ гэх наад захын энгийн жишээ дурдаж болно.  Тиймээс л сонгуулиас сонгуулийн жил бүр төрийн албан хаагчдын тоо халагдсанаасаа илүү нэмэгддэг  бичигдээгүй дүрэмтэй болсон.

Гэхдээ төрийн албанд орж ажиллахаар тэмүүлээд, ямар нэг шалгуурт нь тэнцэн мэргэжилтэн ч байна уу, хурган даргааар ч томилогдсон байхаасаа үл хамаарч зан нь хувирч, ааш н эвдрэх нь аль ч шатанд нийтлэг  үзэгдэл болоод байгаа.  Төрийн алба бол тухайн хүний хувийн компани биш, түмний татварын мөнгөөр цалин, хангамжаа эдэлж байгаа гэдгийг төрийн албаныхан тэр бүр ойлгохыг хүсдэггүй.  Үүнээс үүдээд төрийн албаны хүнд суртал өнөө ч арилаагүй, иргэдийг чирэгдүүлдэг гэх шүүмжлэл тасардаггүй.

Уг нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг  төрийн албыг төлөвшүүлэх ийн төлөө явж байна гэж төр, засгийн зүгээс байнга хэлдэг ч энэ нь лоозогнолоос хэтрэхгүй л байгаа.

Сүүлийн үед олон нийт төрийн албан хаагчдаас хариуцлага, ёсзүйг шаардаж байгаа ч хэрэгжилтгүй л байна. Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын дарга нар ажил дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг, төрийн яам, агентлагт хийсэн үзлэг шалгалтаар төрийн албаныхны өрөөнөөс илрүүлсэн архины шилнүүд гээд төрийн албан хаагчийн хувийн сахилга, ёсзүйтэй асуудал ар араасаа яригдаж байна.

Парламентат засаглалтай манай улсын хувьд хуульд дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх нь төрийн албан хаагчдаас эхлэх дэгтэй. Гэвч  Төрийн албаны тухай хуулиа ч хэрэгжүүлэхгүй, уландаа гишгэж, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг  хүлээн зөвшөөрөх ёстойг УИХ-ын дарга М.Энхболд Төрийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр онцолж байна лээ.  “Төрийн алба олон жилийн турш улстөржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.Өнгөрсөн оны намрын чуулганаар “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна” гэдгийг тэрбээр дурдсан.

Төрийн албан хаагчийн улс төрөөс ангид нам бус байх ёстой гэдэг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгжээд байдаггүй. Үүнийг дөрвөн жилийн давтамжтай УИХ-ын болон аймаг, нийслэл ИТХ-ын сонгуулийн дараах дүр зураг харуулдаг. Сонгуулийн дараагаар аль нам парламент, ИТХ-д олонх болсноос хамаарч  халаа сэлгээ, томилогоо үргэлжилдэг. Сүүлийн жилүүдэд сонгуульгүй  жилд ч аль нэг  яам, агентлагийн дарга өөрчлөгдсөнөөс  тухайн газар, хэлтэс хөдөлгөөнд ордог бичигдээгүй хуультай болоод байгаа.  Хэн нэгний оронд томилогдож байгаа, ажилд орж байгаа эрхэм албан ёсны намын гишүүнчлэлгүй ч хэн нэг  даргын авторыг “духан дээрээ бичсэн” байдаг.  Цаашлаад засаг, захиргааны нэгж, орон нутагт төрийн албыг явуулахад хүндрэл учирч, улстөржилт нөлөөлснөөс ажил явуулахад хүндрэлтэй байна гэж удирдлагууд байтугай ард иргэд ч залхсан өнгөөр шүүмжилсээр ирсэн. Тиймээс УИХ   өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн билээ.   Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ хууль боловсруулагчид үзсэн.

Төрийн алба эрэлттэй ч,  үйлчилгээ сульдсан, хариуцлага,ёс зүйг шаардаад ч засрахгүй байгааг өнөөдрийн  192.5 мянган алба хаагчаар хүрээгээ тэлсэн төр нэгэнтээ хүлээн зөвшөөрдөг. Энэ удаад парламентаас баталсан Төрийн албаны шинэчлэлийн хууль цаасан дээр тамгалагдаад үлдэх үү,  бодитоор хэрэгжүүлэх үү гэдэг өнөөгийн төр, засгийнхнаас хамаарна. Ер нь төрийн албыг улстөржилтөөс ангид байлгах,  төрийн албан хаагчид өөрсдөдөө биш түмэнд үйлчилж эхэлсэн үед л шинэчлэл эхэлнэ.

Н.Энхлэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.