Х.Тэмүүжингийн тэсрэлт хуулийнхан, шийдвэр гаргагч нарт халтай юу?

Гурван жил гаруй маргалдаж хөл, толгойгоо  олохгүй байсан 76 хэл амаа ололцож УИХ-ын сонгуулийн баталсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа.

48/28 гэсэн сонгуулийн холимог тогтолцоогоор ирэх сонгууль явах болж байна. Энгийн үгээр тайлбарлавал парламентын 76 суудлын 48 нь 26 тойргоос мажоритари буюу өмнөх жишгээр сонгогдоно. Харин 28 суудлыг пропорциональ буюу намын рейтингээр сонгогдохоор болж байна.

Тодруулбал, улстөрийн нам хэдэн худийн санал авна тэр хэмжээгээрээ  суудал авч гишүүдээ төлөөлөл болгон оруулж ирнэ. Мөн гадаадад байгаа монголчуудын саналыг авах болсон.  Олон сарын турш маргаантай байж багагүй лобби орсон улстөрийн намын босго анх байсан 7 хувиас бууж 5-д хүрсэн, эмэгтэйчүүдийн квот 20 хувьд хүрсэн гээд өмнөхөөсөө давуу зүйл байгаа.

Харамсалтай нь мажоритари, пропорционалийн хооронд  шилжих, он гарсаар улстөрч, нэр дэвшигчийг зөвхөн магтан дуулах, аливаа гуравдагч этгээдийн шүүмжлэлтэй байр суурийг хүргэсэн хэлэл мэдээллийн байгууллага өндөр торгуульд унах, улстөрчдийн рейтингийг тодорхойлж сайн мууг нь дэнсэлж болохгүй гээд олон заалт  орсон нь одоогийн 76-г эрхлүүлж, давуу эрх олгосон болж таарч байна.

Сонгуулийн хуулийг дагаад Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаа юм. Сонгууль санаатайгаар будлиантуулсан,  иргэдийн саналыг худалдаж авсан зэргийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэж үзэх үү. Эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл хэдэн жилийн ял төлөвлөж, хэчнээн хэмжээний торгууль ногдуулах талаар гишүүд нэлээд маргалдсан ч хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Долоо хоногийн эхний өдрөөс багш нар ажил хаяж Засгийн газар төдийгүй эцэг эхчүүдийг багагүй сандаргав. Ажил хаялтын давалгаа өдрөөс өдөрт нэмэгдэж улс даяар өрнөх болсон төдийгүй нийгмийн бусад салбарынхан нэгдэхэд бэлэн болсон байлаа. Эрүүл мэндийн салбарынхан багш нарыг дэмжиж сануулах ажил хаялтыг ч хийв. Ажлаа хаяад хоёр хоносон багш нарыг энэ сарын 14-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд, НХХ-ийн сайд Т.Ганди, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар хүлээн авч уулзан гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх саналыг тавьж ажил хаялтаа зогсоохыг сануулсан.

Гэвч багш нар ганцхан бидний цалин бус төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамж, ажиллах орчинг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг эргүүлэн тавьсан. Ингээд таван өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Засгийн газраас  багш нарын цалин хөлсийг ирэх оны хоёр, тавдугаар сараас нэмэгдүүлэх саналыг хуулийн хүрээнд шийдэх болсон гэдгээ мэдэгдсэнээр багш нар өнөөдрөөс ажилдаа орж байна. Гэсэн ч гурван талт хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг сануулсан билээ.

Улстөрчид сонгуулийн хуультайгаа зууралдаж, багш нар ажил хаяж бужигнаж байхад Төрийн ордонд бас нэгэн “тэсрэлт” болов. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний  үймээний үеэр дөрвөн хүний амь насыг буудан хөнөөсөн хэргийн учгийг тайлах ноцтой баримтыг дэлгэж  шуугиан дэгдээж орхив. Тухайн үед хамгаалалт, хэв журмийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн өдрийн тэмдэглэл, цагдаа нарт тарааж өгсөн байлдааны галт зэвсгийн сумыг олон сар хадгалсан сейфнээсээ гаргаж дэлгэсэн юм.

Энэ нь цагдаагийн ажилтан хүн буудсаныг нотлох хангалттай баримт. Харин тэр буудах тушаалыг хэн өгөв, энэ хэргийг яагаад нуун дарагдуулаад байна гэдгийг л олох үлдэж байгааг ч хэлсэн. Үнэхээр цагдаагийн өдрийн тэмдэглэлд долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээс эхлээд есдүгээр сар хүртэл үйл явдал хэрхэн өрнөсөн талаар цаг минут, тушаал өгсөн цагдаагийн  дарга, үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээсэн байна. Х.Тэмүүжин  өөрт хадгалагдаж байгаа ноцтой баримт болох цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл, сумны хонгиог дэлгэтэл тэвчээрийг алдуулсан шалтгаан нь Хүний  эрхийн талаархи УИХ-ын тогтоол байсан юм.

Уг тогтоолоор долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, сэтгэл санаа, эд материалаараа хохирсон иргэд гээд ард түмнээсээ төр уучлал гуйх байлаа. Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн хүчин чармайлтаар энэ тогтоолын төсөл унасан юм. Олон сар ажиллаж, төр буруугаа хүлээх боломжтой болсон гэсэн бодол нь тасалдсанд тэрээр бухимджээ.  Сонгуулийн хуулиа батлахаар эцсийн зөвшилцлөө хийгээд байхад АН-ын бүлгийн нэг гишүүн төрийн хэмжээний томоохон булхайг ил болгосон нь Төрийн ордонд айдас хуруулав.

Мөн гурван жил гаруй үргэлжилсэн зөвшилцлийг самарчих дөхсөн юм. Харин энэ хэргийг мөрдөх явц цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.