Шидэт ваарын түүх

a24fe01b2e60740boriginalЭрт цагт нэгэн ядуу эр амьдардаг байжээ. Түүний гэр орон нь эмх замбараагүй бохир завааны дээр, аалзны тороор бүрхэж, хулгана үүрлэсэн байв. Тэр гэр орноо цэвэрлэж, засч тордох тухай огтхон ч боддоггүй тул бохир аяга таваг, эвдэрч унасан эд хогшил энд тэндгүй хөглөрнө. Ядуу эр ч энэ амьдралдаа дасч өдөр бүр толгой гудайлган гэртээ хөлчүүрхэн хэвтэнэ.

Хүмүүс түүний балгас болсон орон гэр бохир заваан амьдралтай байшинд нь толгойгоо ч цухуйлгадаггүй байв. Ядуу эр амьдралынхаа бүхий л өрөвдөлтэй байдал, найз нөхөдгүй уйтгарт амьдрал, бохир заваан орчныг ядуу амьдралтайгаа холбон боддог байжээ. Энэ ядуу байдлаас л болоод би ганцаардаж, ийм бохир заваан амьдардаг. Ийм хүн өдөржин ганьхарч хөлчүүрхэхээс өөр юу хийх билээ дээ гэж тэр бодно.

Нэг өдөр ядуу эр мэргэн хүнтэй уулзаж амьдралынхаа тухай тоочиж ядуурлаас гарах ямар нэгэн шидэт зүйлийг түүнд өгөөч гэж гуйжээ. Мэргэн хүн түүний амьдралд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, нэгэн шидэт ваар өгчээ. Тэрхүү гоёмсог ваар хүнийг ядуу амьдралаас авардаг, үнэ цэнэтэй зүйл гэж мэргэн хүн ядуу эрд хэлжээ. Ядуу эр энэ ваарыг аваад маш их баярласнаа илэрхийлээд гэртээ харихаар болов.

Харих замд нь өнөөх эрд энэ ваар нэлээд үнэ хүрэхээр санагдсан тул замдаа захаар орж ваараа зараад олсон мөнгөөрөө архи авч уудаг юм билүү гэж бодлоо. Гэхдээ ваар дэндүү гоёмсог тул зарахад хайран санагджээ. Гэртээ аваачаад ваараа ширээн дээрээ тавиад ширтэж суутал ийм гайхалтай эд зүйл хоосон байх дэмий юм гэсэн бодол орж ирэв. Тэр ууланд гарч хамгийн сайхан цэцэгсийг түүн ваарандаа авчирч хийжээ. Энэ үедээ тэр байгаль дэлхийн сайхныг анх удаагаа анзаарав. Байгалийн үзэсгэлэнт цэцэгсийг хийсэн гоёмсог ваар тийм эвдэрч унах дөхсөн ямбий ширээн дээр байхад тохиромжгүй санагдсан тул ширээгээ янзлахаар шийдэв. Ширээгээ янзалсны дарааа ширээний хөл нь салах дөхсөн сандлууд байгааг анзаарч сандлаа бас янзалжээ. Дараа нь янзалсан сандал дээрээ суугаад, ширээн дээрээ ваараа тавиад хартал ийм гоё ваарны эргэн тойронд дүүрэн аалзны тор байх тохиромжгүй санагдлаа.

Ядуу эр аалзны шүлс болгоныг цэвэрлэж эхлэв. Маргаашаас нь эхлээд түүний гэрийн янзалсан ширээ сандал, цэвэрлэсэн өрөөнд зарим нэгэн эвдэрхий зүйл огт зохимжгүй байгааг анзаарч тэр болгоныг арчилж тордож эхэлсэн бөгөөд сүүлдээ байшингаа хүртэл бүхэлд нь засах их ажил өрнүүлжээ. Хийх юмгүй гэртээ уйтгарлан гиюүрч архи ууж суудаг түүнд одоо хийх ажил өдрөөс өдөрт ундрах болжээ. Сарын дараа гэхэд түүний нурж унах дөхсөн байшин өнгөө засч, шинэ байшин босч эхэллээ. Хүмүүс ч түүний гэнэт өөрчлөгдсөнийг анзаарч юу болоод байгааг үзэхээр гэрээр нь орж гарах болсон ба зарим нь гэрийнхээ эд зүйлсийг засуулахаар тусламж гуйдаг болжээ. Ингээд хэнд ч хэрэггүй амьдрал нь улам л өөрчлөгдөж тун удахгүй ядуу эр хүн бүхэнд хэрэгтэй нэгэн болж хувирлаа. Хүн бүхэнд хэрэгтэй нэгэн болсон болохоор орлого ч бага багаар нэмэгдэх болжээ. Түүнд одоо азгүй ядуу амьдралынхаа тухай бодож гиюүрч хэвтэх зав огтхон ч байхаа больсон аж Тэр нэгэн өдөр их ажпынхаа дараагаар гэртээ орж ирээд өнөөх ваараа ширтэхдээ мэргэн эрийн өгсөн энэ ваар үнэхээр шидтэй эд юмаа гэж боджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.