Атомын бөмбөгнөөс нуугдсан нь

712-1538528354527-1496224860p1bheuhn9q179vo2r1aogish10qu1

Энэ явдал Гүррагчаа баатрыг сансарт нисэхээс 3 жилийн өмнө болсон юм. Нэг орой ээж намын хурал болоод цэрэг, иргэний хамгаалалтын сургууль гэнэ үү, нэг юм болох байх гэсээр оройтож ирлээ. Төд удалгүй хойноос нь сумын намын үүрийн орлогч /би тэр үед сургуульд ороогүй бага байсан учир орлогч гэж хэлж чадахгүй орчлогч гэдэг байлаа/ орой бүр аавтай шатар нүүдэг “ажил”-аа хийхээр орж ирлээ. Цай уух зуур орчлогч Америк гэдэг улс атомын бөмбөг хаях юм байхаа, тэр бөмбөгнөөс нь зугтаах арга байхгүй газар дор орвол амьд гарч магадгүй юм байх, их айхавтар бөмбөг гэнэ, дэлбэрсэн газар нь юу ч үлдэхгүй, элсэн цөл, түйрэн болдог гэнэ, манай суманд ч хаяж магадгүй юм шиг гэнэ, тиймээс айлууд шалны өрөн доороо атомын бөмбөгнөөс амь зулбах нүх маргаашийн дотор ух гэж аймгаас тушаал ирсэн  гэж сонирхуулахад эмээ тэндээс гамингийн жил Буурлын хүрээний гонх руу хятад цэргүүд гар бөмбөг гээч юм шидээд тэр нь дэлбэрч, хүрээний лам нар, золбин ноход хэдэн өдөр дүлийрсэн гэдэг. Түүнээс айхавтар юм байх нь уу гэж асуугаадахав. Орчлогч тэр чинь юу ч биш сууж байсан хүн суугаагаараа, зогсож байсан нь зогсоогоороо алга болдог гэж эгээ л өөрөө үзсэн мэт ярив. Эмээ ч тэр чинь тэгвэл үзвэл үнс болдог, харвал хальс болдог айхавтар эд байх нь. Тэр Амиарах гэдэг чинь ямар улс вэ? Тэр жил цагаантан ирлээ, амиа бодоорой гээд л ундуй сундуй юм болсон. Гэтэл тэд ч хөөрхийс гэм болоогүй гэж хэлсэн биш орчлогчид та настай хүн байж үхэж, баларсан цагаантныг хөөрхийлөөд алдаанд оров гэж зэмлүүлэв.

Маргааш нь аав ширээний өрөн доороо хааш хаашаа алд нүх ухаж, дүү бид хоёрыг ойртохыг тас хориглосон нь ёстой миний хорхойг гозолзуулж орхив.Эмээ бас хоцорсонгүй, гэрийнхээ буурийг ухаад монголоо алдсан гэдэг нь гэж үглэдэг ажилтай болов. Хэд хоногийн дараа би гэрийнхээ үүдэнд  энэ тэрийг төнхсөн шиг сууж байтал уун уун гэсэн хахир дуу гэнэт хадаж, хоёр дэлдэн минь хуурах шахаж, гэрийн сүүдэрт нойрмоглон хэвтэж байсан хөгшин банхар гаслан ухасхийв. Ээж хар гүйхээрээ орж ирэнгүүтээ нөгөө атомын бөмбөгөө хаяж байна,  алив нүхэндээ орцгоо гээд намайг хамгийн түрүүнд шүүрэн авч нүхэнд хийж орхив. Хойноос дүүг хийх гэтэл дүү чарлан ээжээс зуурчихаад орж өгсөнгүй. Ээж алив чи хүүхэд аваад ороодохооч гэж хойморт эмээлийн мод зүлгэж суусан аавд хэлэхэд аав нүх рүү нэг өнгийж харснаа байж байлдаа энүүхнийг дуусгаадахъя гэхэд ээж ий атомын бөмбөг хаяж байхад мод зүлгэж суудаг чам шиг юмтай таардаг аль насны үйл лай вэ?   Алив ээж ор гэхэд эмээ юу энэ эм чинь галзуураа юу? Амьдаараа алам нүхэнд орох уу тэгж нүгэл хураахгүй гээд болж өгсөнгүй. Аав алив чи минь хүүхдүүдээ аваад орчихоо, тэгээд ч би багтахгүй юм байна шүү дээ гэхэд ээж тэгэхээс гээд дүүг тэврэн нүхэнд орох гэтэл дүү бор ишиг гээд чарлав. Ээж юун ишиг дуугай чи гэлээ. Нөгөө нүхэнд ээж дүү бид 3 арай гэж чихэлдэн багтав. Ээж нөгөө таг банз тавиадахаач гэж аавд хэлэхэд аав өө тэрийг чинь юманд хэрэглэчихсэн л дээ, энүүхнийг гээд аяганы ширээ хөмөрч тавьлаа. Ингэж тоглох нь надад хичнээн зугаатай байсан гээч. Энэ хооронд нөгөө уун уун хийх дуу хадсаар байв. Төд удалгүй ээж наад ширээгээ аваач ээ бүтэж үхлээ гэхэд аав хн гээд ширээг зайлуулав.  Тэгэсгээд нөгөө муухай дуу тасрахад ээж одоо болсон бололтой гээд бүгд нүхнээс гарцгаалаа. Би  дотроо атомын бөмбөг сумын төвийн хамаг юмыг элс болгочихоод манай сум Хонгорын арын шаргал манхан шиг улайран, ганцхан хойтон орох сургуулийн маань намхан цагаан байшин ганцаар гялалзан байгаа даа гэж төсөөлөн годхийн гарахад нөгөө дууг даган хөөрөн хуцалдсан нохдын хуцаан намдаж хаа нэг хүн явж байгаагаас өөр юу ч өөрчлөгдөөгүй нь гайхшруулж орхив.

Маргааш нь  сумын клубт атомын бөмбөгнөөс санаатай, санамсаргүй нуугдаагүй хүмүүсийг шүүж донгодох хурал болсон гэдэг. Должин эгчийнд хэдэн харчуул даалуудаж таараад эгчийг нүхэндээ орох гэтэл   мод нураачихна гээд ойртуулаагүй гэнэ.  Балдан ах согтуу унтаж байсан ба хүүхдүүд нь нүхэнд хийх гэтэл хөндөлдөөд багтаагүй гэлээ. Гуанзны хүүхнүүд бойны газар гэдэс арилгаж байгаад гэр лүүгээ явсаар байтал амжаагүй байна. Ингээд олон нийтийн ажлыг санаатайгаар тасалдуулсан Должин эгчид арга хэмжээ авах болоход угийн ааштай эгчийн хилэн хөдөлж, тиймдээ хүрвэл нуугдаагүй үлдсэн хүмүүсийг бүгдийг нь шийтгэ, намын дарга хүртэл өөрөө нүхэнд ороогүй, айл айлын хаалга шагайгаад явсан биз дээ гэж барьцаад хурал гацаачихав. Сүүлдээ хурал маань атомын бөмбөгөнд намын гишүүн ба согтуу хүмүүс үхэх эсэх тухай маргаан болоод өнгөрсөн гэдэг. Эргээд бодож  суухад манай сумынхан тэр Америк гэдэг нь Улаанбаатараас 1000 гаруй км газар байдаг, 100 гаруйхан хүнтэй манай сумыг бөмбөгдөнө, үйл лай нь таараад бөмбөгдлөө гэхэд ширээн доороо ухсан нүхэндээ ороод амьд гарна гэж үнэхээр итгэж байсан эсэхийг би мэддэггүй юм аа.

Г.Чойжилсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.