Хуудуутай хуулиа засахгүй бол хүүхэд хохирсоор байна

231101-03102018-1538530644-908033558-хүүхэд2012-2016 оны парламент хамгийн сүүлийн ээлжит чуулганаараа хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Гэвч хууль хөрсөн дээрээ биелэхгүй байгааг батлах маш олон золгүй тохиолдлын золиос нь хүүхдүүд болсоор байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж баталснаас хойш буюу 2017 он, 2018 оны эхний хагас жилд нийт 413 хүүхэд гаднын шалтгаант нөлөөллийн улмаас нас барсан байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадоржийн хэлснээр зөвхөн 2017 онд 254 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ. Нэг аймагт л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 30, 40 гарсан байгаа нь “Ер нь хүүхэд хамгааллын тухай хууль Монгол улсад байна уу” гэж бодоход хүргэж байна. Хүүхэд сургууль дээрээ тоглож байгаад, эмийн сангийн үүдэнд, амралтын газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, хурдан морь унаж уралдахдаа, байрныхаа гадаа, гэртээ гэмтэж, хохирч, амиа алдсаар.

Тэгвэл Монголын нийгмийн муу муухайг илтгэсэн онгорхой цоорхой бүрээр сул асгарах будаа шиг гоожиж буй үрсээ хэн хамгаалах ёстой вэ? Хуулийн хэрэгжилт хаана хаягдаад байна вэ? “Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ-ын захирал Д.Ундраа манай сонинд өгсөн ярилцлагадаа “… хуулийг хэрэгжүүлэх ёстой яам, агентлаг, анхан шатанд байгаа сумын Засаг дарга, ИТХ, хамтарсан баг гэж нэрлээд байгаа хуулиар үүрэг хүлээсэн нөхдийг ажиллуулах механизм дутагдалтай. Хамтарсан багийг зангидаж ажиллах ёстой Засаг даргынх нь мэдлэг боловсрол дутаад байна” хэмээсэн.

500 орчим сая төгрөгөөр санамж бичиг байгуулсан нэрээр үржээ

УИХ-ын эмэгтэй гишүүдийн лоббигоор Монгол улс анх удаа 2018 онд хүүхэд хамгаалахад зориулсан төсвийг тав дахин өсгөж баталсан. Хуулиараа уг мөнгөний 70 хувь нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс, тэднийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэхэд зарцуулах ёстой.

Тодруулбал, есөн настай охин тогтой төмөр утсанд цохиулж амиа алдсан Налайх дүүрэгт, 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад төмөр хаалганд даруулж эндсэн шархадны эцэст, бага насны охид хойд эцэг эсвэл өөр хэн нэгний хүчирхийлэлд өртөж буй хөдөө орон нутагт … гээд анхан шатанд үүрэг хүлээсэн хамтарсан багуудын үйл ажиллагаанд зарцуулж, хүүхдийг гэмт хэрэг, золгүй тохиолдлын хохирогч болохоос хамгаалж байх ёстой.

Гэвч нийт 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээс элдэв сургалт цуглаан, сурталчилгаа, гэрээ санамж бичиг байгуулах гэх мэт ялих шалихгүй зүйлд үр ашиггүйгээр, зориулалтын бусаар зарцуулан, үрээд дуусгаж буйг УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганы завсарлагааны үеэр мэдээлсэн. Бүр тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан дээрх мөнгөнөөс эхний хагас жилд 2.2 тэрбум төрөг зарцуулсан байна.

Үүнээс: Бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад
-9.9 хувь; Хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад -12.6 хувь; Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд

-13.7 хувь; Олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд
-3 хувь; Төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал
-23.9 хувь; Орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд
-36.5 хувийг зарцуулсан талаар тайлагнажээ.

Харин хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх “хамтарсан баг”-ууд зориулалтын төсвөө яаж авах, хэрхэн зарцуулах талаар ямар ч мэдлэггүй бас мэдээлэлгүй байна. Хүүхэд хамгаалах ажлыг сум, баг, хороодод хариуцаж ажиллах хүн байхгүй байна. “Аймгуудад хүүхдийн асуудал хариуцсан 2-3 мэргэжилтэн л бий.

Баян-Өлгий аймаг гэхэд 100 гаруй мянган хүнтэй, үүний 40 мянга орчим нь хүүхэд. Гэтэл хүүхэд хамгааллаар ажилладаг хоёрхон мэргэжилтэнтэй байна” гэж Д.Ундраа хэлж байна. Бараг 500 орчим сая төгрөгөөр санамж бичиг байгуулахын оронд “хамтарсан баг”-уудад ажиллах ганц хоёр мэргэжилтний орон тоо бий болгочихгүй гэж харамсмаар.

Хуулиар баталсан эрхийг хамгаалах журам нь хуудуутай байна

Энэ бүхэн хэдийгээр УИХ хүүхэд хамгааллын чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч, аль түвшиндээ, ямар албан тушаалтан хуулийг хэрхэн биелүүлэх талаарх дагаж мөрдөх журамдаа тусгаагүйн нотолгоо юм. Төрийн бодлогыг хууль гаргаж л хэрэгжүүлнэ.

Гэвч хүүхдийн эрхийн асуудал төрийн дутуу бодлого, томчуудын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас гээгдэж буйг намрын чуулган нээлттэй зэрэгцэн дахин сануулъя. УИХ-ын эрхэм гишүүд баталсан хуулийн чинь хэрэгжилт хаана хаягдаж буйг эргэн харна уу!!!

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “…хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна.

Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй” гэсэн.

Гэхдээ хүүхэд хохирогч, золиос болсны дараа хэн нэгнийг яллахаас илүү хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Тэгэхгүй бол бид хүүхдүүд амь нас эрсэдсэн, эрүүл мэнд хохирсон гэсэн эмгэнэлт мэдээ олны сонорт хүрэх бүрт харамсан гашуудаж буйгаа цахим орчинд илэрхийлэхээс өөрийг хийж чадахгүй. Хожимдсон харуусал гэвч юуг өөрчлөх билээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Teri Rosales Огноо: 3 October 2018

I got this web site from my friend who informed me on the topic of this web site and now this time I am browsing this website and reading very informative articles or reviews at this place.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.