“АНОД”-ЫН ХЭРЭГТ МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖИЛТНУУД ХОЛБОГДОХ НЬ

Одоогоос гурван жилийн өмнө шинэ жилийн босгон дээр “Анод” банкны захирлуудыг саатууллаа гэх мэдээлэл олны анхаарлыг татаж, шуугиан тарьж байв. Их хэмжээний өр, авлага нь хэдэн тэрбумаар тоологдох энэ банкны хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй байна. Дуулиант энэ хэрэгт нэр бүхий олон хүмүүсийг татаад байгаа ч гол буруутан нь ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нар гэж мөрдөн байцаагч нар үзэж байгаа юм. Гурван жилийн хугацаанд “аавын” хаалгыг олонтоо татсан тэд одоо батлан даалтад байна.

Эмч нарын хэлж буйгаар бие нь сайнгүй байгаа бололтой. Мөрдөн байцаалтын явцад тэд уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж, тодруулбал “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт удаа дараа зээл олгон, “Олон овоот”-д хөрөнгө оруулсан гэж мэдүүлсээр байгаа юм. Их хэмжээний зээл авсан Ц.Мянганбаяртай холбоотой асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт холбогдуулан нийт 2000 гаруй хүнээс мэдүүлэг авсан байдаг юм билээ. Хэргийг мөрдөн байцаах явцад “Анод” банкны Тамгын газрын дарга асан Л.Уламбаяраас мэдүүлэг авах шаардлага гарсан юм. Тиймээс түүнийг интерполоор эрэн сурвалжилсаар АНУ-д амьдарч байгааг нь олж тогтоосон.

Түүнийг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас шууд баривчилж, Ганцхудагт саатуулан шалгаж байв. “Анод” банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гаргасан мэдээлэлд тус банк, түүний удирдлага ямар өртэйг ийн дурджээ. Тухайн банк хуулийн этгээдэд 54.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Банкны аккредитив, батлан даалтын дүн нь дөрвөн сая ам.доллар. Японы Иточу корпораци тус банкнаас их хэмжээний мөнгө нэхэмжилснийг дээрх аккредитивийн дүнд оруулаагүй юм байна.

Эрх хүлээн авагчийн шалгалтын явцад тус банкийг удирдаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага нь 58.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь гадаадын банкин дахь харилцах данснаас дутсан аж. Харин үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын дүн нь 7.8 тэрбум төгрөг. Аалзны тор мэт ээдрээтэй энэ хэргийн хохирлын хэмжээ нь 120.8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам. доллар болсон нь тогтоогдоод байгаа. Гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын хооронд 12 удаа эргэж буцсан хэргийг өнгөрсөн сарын 13-нд Нийслэлийн прокуророос дахин мөрдөн байцаалтад буцаалаа. Учрыг лавлавал “Мон-Уран” компанийн захирал Х.Наранхүүтэй холбоотой асуудлыг тодруулах шаардлага гарсан аж.

Тэрбээр тус банкнаас 17 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд өөрийн эзэмшлийн байгууламжийг өрөндөө өгөхдөө 12 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Прокурор хянаж үзээд тэрхүү байгууламж нь зээлийн үнэлгээнд хүрэхгүйгээс гадна үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа нь ямар учир шалтгаантай болохыг тодруулах шаардлагатай гэж үзэв. “Анод”-ын хэрэгт Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л. Уламбаяр нараас гадна “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш(Э.Гүр-Аранзын төрсөн дүү), “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг (Д.Энхтөрийн төрсөн дүү), “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл(Э.Гүр-Аранзын төрсөн дүү) нарт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Түүнээс гадна тус банкинд удаа дараа шалгалт хийсэн атлаа үйл ажиллагаа нь доголдсоныг анзааралгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан Монголбанкны ажилтан, хувьцаа гаргахад нь хууль ёсны шаардлага тавиагүй Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд бас ял шийтгэл хүлээх бололтой.

MONGOLNEWS


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих