Сонгууль үнэртсэн төсөв

8IKТаны төлөх татварыг танд хэрхэн зарцуулахаа УИХ ид хэлэлцэж байна. Хэдэн их наядаар хэмжигдэж, бидний амьдралаас хол тасарсан мэт санагддаг улсын төсөв үнэндээ эрх мэдэлтнүүдийн хэлэлцдэг зардлын хүснэгт биш. Харин монгол хүн бүрт хамаатай бодлогын баримт бичиг. Урсгал зардал, хүүгийн төлбөр зэрэг биднийг залхаадаг тоонууд энэ хэдэн өдөр хэвлэлүүдээр хөвөрч байна. Тэгвэл тэнгэрийн энэ тоонуудаас түр татгалзаж, танд хамаатай төсвийн гол үзүүлэлтүүдийг тоймлон хүргэж байна.

ЦАЛИН, ХАЛАМЖ

Ирэх онд должин эмээгийн тэтгэвэр нэмэгдэнэ. Түүнтэй ижил 139 мянган иргэний тэтгэвэр тэтгэмжийг 140 тэрбум төгрөгөөр өсгөсөн. Энэ мөнгийг иргэнд нь хувааж үзвэл нэг иргэний тэтгэвэр тэтгэмж дунджаар 151 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоотой. Мөн өнгөрсөн хавраас энэ намар хүртэл талбай дээр жагсаж байж хөдөлмөрийн хөлсөө нэмүүлсэн багш, сувилагч тэргүүтэй төрийн албан хаагчдын цалин бараг хагас их наяд төгрөгөөр өсөж байна. Ингэснээр Монголын төр арван төгрөг тутмынхаа хоёрыг иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулна. 10 монгол хүүхэд тутмын найм нь хүүхдийн мөнгө авахаар болов. Ирэх онд хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлж, 912 мянган хүүхдэд 218.9 тэрбум төгрөг олгохоор төлөвлөжээ.

БОЛОВСРОЛ

Гурван ээлжээр хичээллэдэг сурагчид, цэцэрлэгийн босго алхах эрхээ азын сугалаагаар авдаг балчир үрстэй эцэг, эхчүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ирэх онд 57 цэцэрлэгийн барилгын ажил шинээр эхэлнэ. Ингэснээр он дамнасан болон шинээр эхэлсэн нийт 143 цэцэрлэгийн барилгыг ирэх онд барихаар төлөвлөж байна. Гэхдээ гурван шинэ цэцэрлэг тутмын нэг нь л нийслэлд босно. Харин орон нутагт 100-гаас дээш хүүхдийн суудалтай 100 гаруй цэцэрлэг шинээр босгож өргөжүүлнэ. Тухайлбал, 800-хан өрхтэй, Ховд аймгийн Мянгад суманд 150 суудалтай хүүхдийн цэцэрлэг барина. Хүн ам, өрхийн тоогоороо Мянгад сумтай дүйх 100 орчим суманд шинэ цэцэрлэг босгохоор тусгасан нь нийслэлчүүдийг гонсойлгож мэднэ. Харин 46 сургуулийн барилгыг шинээр барина. Ингэснээр улсын хэмжээнд нийт 117 сургуулийн барилгын ажил үргэлжлэхээр байна. Төсвийн хөрөнгөөр барьж буй сургуулиудыг хугацаа сунган, он дамнуулан барих гэж оролддог нь төсвийн төслийг сөхөхөд тод харагдана. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 320 хүүхдийн суудалтай 5 дугаар сургуулийн өргөтгөлийг гурван жилийн хугацаанд 5.1 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөчихөж. Гэтэл үүнтэй ижил хүчин чадалтай өргөтгөлийг нэг жилийн дотор бараг хоёр дахин хямд өртгөөр барихаар байна. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сургуулийн спорт заалыг хоёр он дамнуулан 1.1 тэрбум төгрөгөөр барихаар тусгажээ. Гэтэл энэ мөнгө нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд барих 100 хүүхдийн цэцэрлэгийн өртгөөс ч өндөр дүн юм. Улсын төсвийг ухаад үзвэл энэ мэт эргэлзээтэй, итгэмээргүй тоо цөөнгүй.

Ипотекийн зээлээс гар татсан нь олон иргэнийг гонсойлгов

Сангийн яамны өргөн барьсан төслөөр ирэх оны төсвийн зарлага 11.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Энэ нь 2018 оны хүлээгдэж буй зардлаас 20 хувиар өссөн дүн. Сүүлийн хоёр жил чадлаараа бүсээ чангалсан Засгийн газар төсвийн орлого ялимгүй нэмэгдэхтэй уралдаад зарлагаа өсгөхөөр зэхэж буй нь энэ. Төрийн үрэлгэн зан ийнхүү дахин сэдэрчээ. Төсвийн мөнгөний 70 хувь нь төрийн албан хаагчдын цалин, сургуулийн сурагчдын үдийн хоол зэрэг урсгал зардлыг чиглэнэ. Харин хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардал сүүлийн 1-2 жил үзэгдээгүй их хэмжээгээр өсжээ. Ялангуяа, барилга байгууламжийн зардлыг хагас их наяд төгрөгөөр өсгөсөн байгаагаас харахад сүүлийн гурван ч удаагийн улс төрийн сонгуулийн өмнөх жилийн зүй тогтол ирэх онд ч давтагдахаар байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн 600 орчим тэрбум төгрөгөөр ирэх онд сонгуулийн тойргуудыг “услах”-аар төлөвлөжээ. “Ирэх оны төсвийн төслийг бодитой тооцсон” хэмээн сангийн сайд, дарга нар өөрсдийн “уран бүтээл”-ээ өмөөрч байгаа ч ирэх оны төсвийн төсөлд зардлыг маргаангүй үлэмж хэмжээгээр өсгөжээ. Үүнээс үүдэн төслийн алдагдал бараг хоёр их наяд төгрөг хүрэхээр байна. Улс төрийн сонгууль болоход чилийсэн хоёр жил хүлээж буй ч сонгуулийн тойргуудаа “услах”-аар тусгасан мөнгөн дүнгүүд төсвийн төсөлд туссан нүцгэн тоонуудаас үнэртэж байна. Улсын төсвийг орох, гарах сувагтай мөнгөний сан гэж үзвэл гарах цорго буюу зардлын задаргааны зураглал ийм байна. Уг нь ирэх онд зарлагаа хянахыг дэлхийн банк, азийн хөгжлийн банк зэрэг олон улсын түншүүд хэдийн захиж эхэлсэн. Гэвч урд өмнөх жилүүдийн сонгууль угтсан төсвийг давтсан, зардал тэлж, үрэлгэн зан нь сэдэрсэн төслийг сангийн яам өргөн барьж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль нэвт, шувт үнэртсэн төсөв УИХ-ын чуулганы босго давлаа. Ийм ядруухан төсвийн төслийн өнгө энэ өдрүүдэд хэрхэн өөрчлөгдөх нь ирэх оны Монгол улс хэмээх айлыг тодорхойлно.

ЭРҮҮЛ МЭНД

Ирэх онд таны хүүхдийн шүдийг төр анхаарна. Монгол улсын Засгийн газар 2019 оноос “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. ингэснээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахаар зорьжээ. Нийт 62 эмнэлэг төсвийн хөрөнгөөр барина. Эмнэлэг барихад цаг хугацаа алдсанаар татвар төлөгчийн мөнгийг сул урсгаж буй жишээ цөөнгүй байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 10 ортой эмнэлгийг он дамнуулан нэг тэрбум төгрөгөөр барихаар төсөвт суулгажээ. Гэтэл аравхан хүн хэвтэх энэ эмнэлгийн өртөг нийслэлийн нэг дүүрэгт 150 хүүхдийн цэцэрлэг барих мөнгөтэй дүйж байна. Эрүүл мэндийн даатгалаараа эмийн хөнгөлөлт эдэлдэг иргэд анхаарлаа хандуулаарай. Ирэх онд таны даатгалаараа эдлэх хөнгөлөлт 4.9 тэрбум төгрөгөөр өснө. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн мөнгийг ч 3.6 тэрбум төгрөгөөр нэмж тусгажээ.

ИПОТЕКЭЭС ГАР ТАТАВ

Улаанбаатарын утаатай тэмцэхэд Монголын төр урд өмнө нь гаргаж байгаагүй их хэмжээний мөнгө буюу 200 орчим тэрбум төгрөг зоожээ. Үүний 45 тэрбум төгрөгийг гэр хороололд цахилгаан, дулааны шугам тавихад зарцуулах бол 147 тэрбум төгрөгийг боловсруулсан түлшний үйлдвэр болон бусад утааны эсрэг арга хэмжээнд зориулна. Гэвч төр утааг бууруулах түр зуурын арга хэмжээнүүдийг ийм мөнгөөр тэтгэх атлаа агаарын бохирдлыг дарсан дэлхийн тэргүүн туршлага болох орон сууцжуулах бодлогоос гар татлаа. Олон монгол хүний хүсэн хүлээж байсан ипотекийн санхүүжилт өссөнгүй. Ипотекийн хөтөлбөрт олгох Засгийн газрын санхүүжилт ирэх онд энэ оныхоос ихгүй буюу 115 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байна. Энэ мэдээ орон сууцанд орохоор төлөвлөж байсан олон иргэнийг гонсойлгоход хүрээд байна. 2019 оны төсвийн төсөлд туссан танд хамаатай гол шийдлүүдийг хүргэлээ. Харин томоохон бүтээн байгуулалтыг дурдвал ирэх онд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал ус боловсруулж, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар төлөвлөж байна. Мөн монголчуудын хэзээний хүсэл болсон нефть нэрэх үйлдвэрийг эхлүүлж, Дархан, Налайхыг чиглэсэн автозамыг шинээр тавина.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.