Яамны мэргэжилтэн мартсанаас болж барилга “царцаж”, татвар төлөгч хохироод үлдэх үү?!

712-153913258543469948_176611323217427_2109712863785385984_n-550x296Ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. Эцэслээд баталчих хараахан болоогүй. Жилийн жилд л төсвийг устай, шүүстэй гэж гоочилцгоодог. Тэгсээр тэрийг нь шахдаг бололтой юм билээ. Тэгвэл ус шүүс байтугай идээ бээр гэчихмээр зүйл ирэх 2019 оны төсөвт тууж яваа тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Баримтаас харвал, “Грийн ресурс констракшн” гэдэг компани Сүхбаатар дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихаар аль 2015 онд Эрүүл мэнд, спортын яамтай гэрээ байгуулж ажлаа эхэлжээ. Энэ спорт цогцолбор МУИС-ийн ард баригдаж эхэлснийг хүмүүс маш сайн мэдэж байгаа. Усан бассейн, спорт заалтай орчин үеийн спорт цогцолбор сүндэрлэх учиртай ажээ.
Одоо энэ барилга нь БСШУСЯ-нд харьяалагдана. Гэрээний дүн 7.2 тэрбум төгрөг, үүнээс өнгөрсөн хугацаанд буюу 2015-2016 онд барилгын суурь, зоорийн давхрын каркас угсралт, дэд бүтцийн ажлуудыг хийж 1.8 тэрбум төгрөгийг гүйцэтгэлд авчээ.
Дараа жил нь 2018 төсөвт БСШУСЯ-наас 2.0 тэрбум төгрөгийн санал өгсөн байгаа юм. Гэтэл Сангийн яамны мэргэжилтэн төсвийн жагсаалтад “шивэлгүй” мартсан гэдэг шалтгаанаар төсвөөс мултарчихсан байна. Гэсэн хэдий ч “Грийн ресурс констракшн” компанийнхан төсөвгүй гээд зүгээр суулгүй 2017 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 412 сая төгрөгийн барилгын ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийж гүйцэтгэжээ.
Ингээд одоо л нэг гэрээнд заасан төсвөө авч гэрээт ажлаа гүйцээх нь гэтэл 2019 оны төсөвт бас л тусгагдаагүй үлдчихсэн байх нь тэр.
Одоо яах вэ, хаана хандах вэ гэж баахан гүйсний эцэст Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зовлонгоо тоочсон өргөдлийг энэ сарын 2-ны өдөр өгсөн байна. Одоогоор эрхэм сайд хэрхэх талаар тодорхой хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Мөн энэ спорт цогцолборыг хариуцсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад ч хандаад хариугаа хүлээж байгаа гэнэ. Төсөв хэлэлцэж байгаа ч баталчих арай болоогүй тул тус компанийнхан нааштай шийдвэр гарч, төсвийн жагсаалтад багтах байх гэж найдаж байгаагаа бидэнд илэрхийлсэн юм.
Ер нь бол барилгын ажлыг эхлүүлээд ингэж жилээр нь “хаях” сайн үр дүн авчирдаггүй. Адаглаад л каркасны чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг энгийн бид ч мэддэг болчихсон. Мэргэжлийн барилгачид,  “Грийн ресурс констракшн” компанийнхан энэ талаар “…Дээрх барилгын ажил үргэлжлэхгүй олон жил зогсвол барилга бүтээцийн чанарт муугаар нөлөөлнө” гэж байна. Тэр ч байтугай бас нэг айхтар аюул байгаа нь ингэж барилгын ажил зогссоноор татвар төлөгчдийн 2.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө үнэгүйдэж салхинд хийсэх аюултай байдалд ороод байгаа юм. Яг үнэндээ энэ бүхэн улс төр, эдийн засаг, өөр бусад шалтгаанаас үүдээд байгаа юм биш. Сангийн яамны ганцхан мэргэжилтэн энэ компанийн нэрийг жагсаалтад бичилгүй үлдээснээс л болсон байгаа юм.
Тиймээс энэ алдааг засаад ирэх оны төсөвт оруулж батлуулаад дээрх хор уршгийг арилгах боломжтой гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, ирэх жил БСШУС-ын салбарт олон арван ийм зориулалттай барилга бариулахаар төсвийн төсөлд тусгасан байгаа юм. Гэтэл гурван жилийн өмнө эхлүүлсэн спорт цогцолборын энэ барилга санхүүжилтээ хүлээгээд зогсонги байдалд ороод байна. Төрийн залгамж чанар гэж бид байнга ярьдаг. Хэн ч эхлүүлсэн бай, тэр ажлыг өнөөдөр хариуцаж байгаа албан тушаалтан үргэлжлүүлээд явах нь Монголын төрд, Монголын ард түмэнд хэрэгтэй юм.
За больё, төрийн залгамж чанар энэ тэр гэж том зүйл ярилгүйгээр “Грийн ресурс констракшн” гэдэг татвар төлөгч компанийн 2.0 тэрбум гаруй төгрөгийг л салхинд хийсэх аюулаас хамгаалчихъя, сайд нараа?!
Эцэст нь хэлэхэд, төрийн яамны мэргэжилтэн бичилгүй мартсанаас болж барилга “царцаж”, татвар төлөгч хохироод үлдэх ёсгүй юм.
П.Мандах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих