Ц.Гарамжав:Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд бусдаасаа бага тэтгэвэр авч байгаа

43582799_1659975170781146_2435613393067966464_n

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар санаачлаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

 -Төрүүлсэн хүүхдээрээ тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилсан байна. Яагаад ийм хууль гаргахаар зорьсон юм бэ?

-Хуулийн гол зорилго нь олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийн зөрүүг арилгахад чиглэж байгаа. БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн байгаа юм. Гэвч нийгмийн өөрчлөлт явагдаж байсан тэдгээр жилүүдэд уг хуулийн заалтыг хөшүүрэг болгон олон эмэгтэйчүүдийг ажлын байрнаас нь чөлөөлж байсан түүх бий. Нэг үгээр уг хуулийг ажил олгогчид завшаан болгон ашиглаж эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж байсан хэрэг. Ингэж хөдөлмөр эрхэлж олж болох орлогоо алдсан нь эхчүүдэд хүнд цохилт болсон. 2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байна. Гэтэл 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон байдаг юм. Эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоосон. Иймээс хууль санаачлагчид эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг санаачилсан юм.

-Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн тэтгэвэр бусдаасаа дунджаар хэдэн төгрөгийн зөрүүтэй байгаа юм бэ?

-Тэтгэвэр авч буй иргэдийн дунд судалгаа хийхэд ихэвчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүд маань бусдаасаа 50-70 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байгаа нь харагдсан. Эрэгтэйчүүдийн тэтгэвэртэй харьцуулбал бүр дунджаар 200-455 мянган төгрөгөөр бага дүн гарч байгаа юм. Ийм учраас бид тухайн үеийн тэтгэврийн зохицуулалтаар олон хүүхэдтэй ээжүүд илүү хохиролд орсон байна гэж үзэж энэ хуулийг төслийг санаачилсан хэрэг. Тэр үед 35-45 насны олон эмэгтэй хүүхдийнхээ тоогоор тэтгэвэрт орсон байдаг. Гэтэл тэд дахиад хүүхэд төрүүллээ гэхэд тэтгэвэрт гарсан учраас нийгмийн халамжаас мөнгө авч чадахгүй байдалд орсон. Мөн өнөөдрийг хүртэл тэтгэврийн зөрүүтэй байдалтай явж ирсэн юм. Энэ зөрүүг арилгах хэрэгтэй.

-Саяхан энэ хуулийн төслийн хүрээнд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оролцсон эхчүүдийн төлөөлөл гол төлөв ямар зүйлийг онцолж байна?

-Энэ хуулийн төсөл үнэхээр хүлээлттэй байсныг мэдэрсэн. Цаг үеийнхээ золиос болсон олон ээжүүд баярласнаа хэлж байлаа. Тухайн үед хуулийн заалтыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон олон эмэгтэйчүүд наймаа ганзага үүрч, амьдралын эрхээр ахлах ангийн хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж хөдөлмөр хийлгэж байснаа ярьсан. Тиймээс бидний санаачилсан хуулийн төсөл үнэхээр нүдээ олжээ гэж бодож байна даа.


URL:

Нэр: tuya Огноо: 12 October 2018

Olon jil yarllaa daa emegtei gyshyyn munhuu gandu nar olon xyyxed gargsan eejyyduug saihan ajil hiih nasand ni gargaj barag tsaazalsan daa barag gomdoj yadag olon eej baigaa odoo baigaa emegtei gishyyd bas olj xarj bna oboosh dee amjilt

Сэтгэгдэл бичих