Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр урт буюу бидний өчигдөр, өнөөдөр, маргааш

712-153913221110-10-6-550x300

Өнөөгийн амьд байгаль төдийгүй биднийг бий болоход  ихээхэн үүрэг гүйцэтгэсэн мөстлөгийг эрдэмтэд их, бага гэж ангилдаг. Их мөстлөг нь ихэвчлэн солир бөмбөрцгийг мөргөснөөс үүддэг бол бага мөстлөгүүд нь супер тодотголтой галт уулын дэлбэрэлтээс болдог аж. Өнөөдрөөс яг 100-н сая жилийн өмнө ээлжит их мөстлөг дэлхийг бүрхэж  дэлхийн олон галт уулын ачаар мөс хайлж, үр дүнд нь өвс/үетэн/ хэмээх ургамал шинээр үүсч, улмаар энэ ургамлаар хооллодог салаа тууртан бий болжээ. Ийнхүү үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж  нүүдлийн гэсэн соёл иргэншил бий болох үндсэн нөхцөл бүрдэв. Суурьшмал иргэншилд тариалангийн газар, нүүдлийн иргэншилд малын үр шимийн дээжийг хүртдэг хаад, ноёд гэсэн анги яг адилхан бий болжээ. Яваандаа худалдаачид гэсэн чинээлэг бүлэг бий болсон боловч ноёлох ангийн ноёрхолыг зогсоох хүч байсангүй.Шинэ мэдлэгт тулгуурласан лам нарын бүлэг бий болж зарим нь эрх мэдэлд хүрсэн ч титэмгүй л болохоос хаадаас ялгараад байх зүйл байсангүй. Харин сүм, шашнаас улбаалан шинжлэх ухаан үүсч удалгүй их сургуулиуд байгуулагдан бүрэн бие даасан мэдлэгийн үйлдвэрлэл эрхлэх болов. Чухамхүү шинжлэх ухааны ачаар техникийн дэвшил буюу үйлдвэрүүд бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ. Шинжлэх ухаан хөгжсөөр технологи бий болов.Технологи бий болсноор оюуны өмч бий болж энэ хөдлөх өмчийг эзэмшигчид үйлдвэрийн эздээс илүүтэй баялаг бүтээдэг болоод байна.Оюуны өмчийн ачаар дэлхийн хаана ч байсан дуртай мэдээлэл авах, хүмүүс хоорондоо чөлөөтэй холбогдох боломжоор хангагдав.

Хаад, ноёдын үеийг халж шинээр бий болсон  ноёлох ангийн эрх ашгийг хамгаалсан  үзэл бий болох шаардлага үүсэв. Энэ үзлийг бид өнөөдөр  “Барууны үзэл” гэдэг. Мэдээж арга, билиг хэмээгдэх эсрэг тэсрэгийн хуулиар баялгийн ихэнхийг эзэмшдэг цөөнхийн үзлийн эсрэг олонхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Зүүний үзэл” ч бий боллоо. Ингэснээр энэ хоёр үзлийг төлөөлсөн улс төрчид хэмээх шинэ бүлэг бий болов. Түүхэн явцад олон янзын үзэл бий болсон ч нийгмийн шалгарлыг давж чадсангүй.  Ийнхүү “Ардчилсан нийгэм” оршин тогтнож ирэв. Гэхдээ Ардчилал бүх иргэдийн тэгш эрхийг зарлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоодын”, бүх тусгаар улсууд тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “гадны” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм. Өнөөдөр энэ нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусч байна. Үүнийг зарим судлаач системийн хямрал гэх нь бий. Товчоор “Иргэний нийгэм” гэсэн цоо шинэ тогтолцоо урган соёолж байна. Яг үнэндээ барууны болон зүүний өмч нэгдэж байгаа нь шинэ нийгэм бий болох үндсэн суурь болж байгаа явдал юм. Үүний баталгаа нь жирийн иргэдийн хувьцаа бүхий тив дамнасан компаниуд билээ. Яагаав, бэлэн жишээ нь манай Оюутолгой. Өмч нэгдэнэ гэдэг үзэл нэгдэх үйл явц эхэлсэн гэсэн үг. Энэхүү “Иргэний нийгэм” хэмээх цоо шинэ нийгмийг бий болгох гол хүч нь “Хиймэл оюун ухаан” хэмээх оюуны өмч болоод байна. Стив Жобс, Билл Гейтс, Цукерберг, Жек Ма гэх мэт тэрбумтнууд бүгд оюуны өмчийн эзэд билээ. Өнөөдөр Блоокчейн технологийн ачаар аж үйлдвэрийн  IV хувьсгал гарч олон мэргэжил хэрэггүй болж, олон сая хүн ажилгүй болно гэж дэлхий нийтээр ид шуугиж байна. Тэрхүү Блоокчейн технологи  гэдэг чинь ч оюуны өмч. Ер нь оюуны өмчийг инноваци болгож амьдралд тасралтгүй нэвтрүүлж чадсан улсууд л хөгжлөөр тэргүүлдэг. Үүнийг “Их долоо” гэгддэг улсуудын түүх бэлхнээ батална. Иймээс энэ оны наймдугаар сарын 1-нд Засгийн газар “Төрөөс инновацийн тухай баримтлах бодлого”-ыг баталсан нь манай улсыг хөгжиж буй орноос хөгжингүй улс болгох үүд хаалгыг цэлийтэл  нээсэн үйл явдал болсон билээ. Г.Занданшатар сайдын монголд инноваци болгон нэвтрүүлж буй  “Зөвшөлцөх ардчилал”-ын мөн чанар нь үнэндээ “Иргэний нийгэм” юм. Ямааг яаж ч янзалж нэрлээд тэмээ болохгүй билээ.  Дашрамд дурдахад дэлхий дээр хөдлөх, үл хөдлөх гэсэн хоёрхон өмч байдаг. Үл хөдлөх хөрөнгийн дээд нь унаган байгаль. Энэ нь монголчууд бидэнд бэлэн байна. Хөдлөх хөрөнгөний дээд нь оюуны өмч. Байгальтай холбогдсон оюуны өмчийг нүүдэлчин иргэншлээс салаагүй монголчууд л бусдаас илүү бий болгох  боломжтой юм.Баталгаа нь өнөөдөр дэлхийд Ой тогтоолтын 17 төрлийн тэмцээн болдгийн 14-ийнх нь рекордыг монголчууд эзэмшиж байна. Энэ нь цөөхөн монголчууд оюуны өмчөөр бусдаас тэргүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Учир нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн  дээдийг нийлүүлбээс дуусашгүй баялаг бий болох нь тодорхой. Хөөрхий мөнгө энэ хоёр хөрөнгийг үнэлэх гээд сачий нь хүрдэггүй юм. Энэ нь бэлэн байгаа байгаль, хувьцаа гаргаагүй оюуны өмчийг мөнгөөр  үнэлж болдоггүй гэсэн үг. Унаган байгаль гэдэг нь сая сая жилийн түүхэн хөгжлөөр шалгаран бий болсон өнөөдөр ч гэсэн ихэнхийг нь хүмүүс ойлгож чадахгүй байгаа сая сая тэргүүн технологийн цогц бас амьд  нийлбэр билээ.
Маш товчоор монголчууд хөгжиж буй улсаас хөгжингүй улс болох нь тов тодорхой болчихлоо. Харин  явц нь Г.Занданшатар сайдын “Зөвшөлцөх ардчилал”-ыг нийгмийн бүх салбарт хэрхэн хурдан, зөв хэвшүүлэх вэ гэдгээс шууд хамаарах болчихоод байна. Учир нь Н.Учрал гишүүний санаачилсан УИХ-ын “Цахим бодлого”-ын дэд Хорооны ажлын үр дүн  асуудлыг нэг мөр шийдэх байх хэмээсэн том горьдлого бас хүлээлт монголын нийгэмд нэгэнт үүсчихээд  байна. Учир нь чухамхүү “Цахим бодлого”-ын ачаар монголчууд нийгмийн тогтолцооны хувьд, XIII зуунаас хойш анх удаа бусдынхаа урд гарах боломж бүрдэх юм. Бусдаасаа тэргүүн тогтолцоотой нийгэм түрүүлж хөгжиж, иргэд  нь сайн сайхан амьдардаг нь өөрөө хууль.  Иймээс “Болж бүтэхгүй байна гэдэг гуниж гутрах бус харин ч баярлах ёстой зүйл. Яагаад гэвэл энэ нь болж бүтэхийн эхний алхам. Харин болж бүтэж байна гэдэг ерөөс баярлах бус харин ч болгоомжлох ёстой зүйл. Яагаад гэвэл энэ нь болж бүтэхгүй болохын эхний алхам” гэдгийг монгол хүн бүр байнга санаж явах хэрэгтэй юм. Учир нь үүнийг ойлгосон хүн  өөрсдийн муу муухай, бусдын сайн сайхныг нууж хаалгүй үнэн мөнөөр нь хэлэх чадвартай болно. Ингэж гэмээ нь бид богино хугацаанд хөгжингүй улс болж,  иргэн бүр  сайн сайхан амьдарна.
Г.Амарсанаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.