Худалдаа Хөгжлийн Банкны барилгын ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХХК-д
ХАРИУ МЭДЭГДЭЛ
Уг банк нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төв оффисийн барилга угсралтын ажлаа 2018.07.10-ний өдрөөс эхлүүлэн, шөнийн цагаар хүч түрэн дайрч, хууль, ёс зүйг үл тоомсорлон үргэлжлүүлсээр байгаа билээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018.08.28-ний өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.13-ны өдрийн 05/3383 тоог шийдвэрээр, БАРИЛГА, УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН болно.
Гэтэл, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсээр байтал газар шорооны ажил үргэлжилж, иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Худалдаа хөгжлийн банкнаас 2018.10.09-ны өдөр гаргасан мэдэгдэл гаргахдаа: Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй гэсэн байна. Гэвч барилгын ажил ид явагдаж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа юм.
Мөн дээрх мэдэгдэлдээ: Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?
Бид барилгын ажил гүйцэтгэж буй ажилтнуудад удаа дараа шаардлага тавьж, захиалагч компани болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн удирдлагуудад албан шаардлагаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүй өдийг хүрлээ. Иймд Худалдаа Хөгжлийн банкийг хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт, хот төлөвлөлтийг зөрчсөн зөрчлүүдээ арилгах хүртэл тэмцлээ үргэлжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ИРГЭД, ОРШИН СУУГЧИД, ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ
http://www.sonin.mn/news/gemt-hereg/95886

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.