Төвийн эрчим хүчний системийн “0″ суултанд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрөө буруутай

olloo_mn_1535440466_c16a5

Миний бие сая болж өнгөрсөн Төвийн Эрчим Хүчний Системийн “0″ суултын талаар, түүний шалтаг шалтгаан, үр дагаврын талаар өөрийн санал бодлоо нилээн дэлгэрэнгүйгээр өөрийн пэйж хуудсаар олон түмэнтэй хуваалцсан.
Гэтэл ойрын үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон яамны албаны хүмүүс, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Ням-Осор нарын мэдээлэл, хоорондын маргаан нь олон түмнийг төөрөгдөлд оруулж орхилоо.
Үнэндээ бол манай төр, засгийн засаглалын чадамж ямар түвшинд байгаагийн нэг л илрэл юм.
Иймийн тулд ” төрийн төлөө огтоно боож үхнэ” гэгчээр миний бие энэ талаар нийтийн эрх ашгийг эрхэмлэн өөртөө дайсан хураан байж энэ талаар дахин өөрийн санал бодлоо хуваалцъя.
Энэ “0″ суултын хариуцлагыг эрчим хүчний салбар, эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулиар олгогдсон эрх үүргийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч бүрэн хариуцах ёстой. Бурууг бусдаас хайж, бусадтай хуваалцах гэж муйхарлах нь маш ёс зүйгүй үйлдэл юм.
Учир нь Засгийн газрын тухай болон эрчим хүчний тухай хуулиар салбар хариуцсан сайд нь салбараа бүрэн хариуцаж, төлөөлөх учиртай.
Компаний тухай хуулиар төрийн өмчийн эрчим хүчний компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлд ЭХЯ, СЯ, ТӨБЗГ эзэмшиж байгаа өмчийнхөө хувь хэмжээгээр төлөөллөө оруулж өөр өөрийн чиглэлийн дагуу хяналт тавьж компаний удирдлагыг хэрэгжүүлж ирсэн.
Эрчим хүчний компаниудын гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга, гишүүдийг эрчим хүчний сайдын саналыг үндэслэж томилж байгаа.
Энэ эрх мэдлийг сайд Ц.Даваасүрэн хэрэгжүүлээд явж байгаа. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд томилсон этгээдүүдээрээ дамжуулж бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэх учиртай.
Харин энэ эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж байна. Учир нь ТЭЦ-4 компаний гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо санхүү бизнесийн мэргэжилтэй, станцын санхүү эрхэлсэн дэд захирлаар 2017 онд томилогдсон н.Бямбадоржийг санал болгож томилуулсан байна. Эндээс л алдаа гарч байна.
ТЭЦ-4 бол манай улсын хамгийн том, сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлсэн аварга үйлдвэр юм.
Хэдийгээр түр орлон гүйцэтгэгч ч гэсэн ямар хугацаагаар ажиллах нь тодорхойгүй, ямар ч байсан тодорхой хугацаанд энэ мэргэжлийн биш дадлага туршлагагүй хүн станцыг удирдаж энэ жилийн их засвар, дараа жилийн төлөвлөлтүүдийг хийж техник, технологийн бодлогыг тодорхойлох гэж суух нь зөв үү? хийж чадах уу? Үнэндээ бол хүн нь хичнээн сайн хүн байгаад ч чадахгүй. Учир нь тэр эрчим хүчний байтугай инженерийн ядахдаа техникч засварчны ч мэргэжил, дадлага туршлага байхгүй. Хэн нэг хүний үгээр л ажил явна, өөрөөр хэлбэл захирлын техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх эрх мэдлийг өөр хэн нэг хүн хагас дутуу хэрэгжүүлэх гэж оролдоно, аль эсвэл урсгалд нь орхино гэсэн үг. Аваарь осол, техник технологийн бодлого алдагдах, найдвартай байдал алдагдах зэрэг чинь энэ бүгдээс болж байна.
Томилж байгаа томилогдож байгаа нь ч улс орны хувь заяанд хайхрамжгүй хандаж байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас айж эмээхгүй байна.
Манай улсад олон жилийн туршид ТЭЦ-үүдийн захирлыг томилохдоо эрчим хүчний инженерүүд дотроос салбартаа болон ТЭЦ-д засварчнаас нь инженер, удирдах албанд ажиллаж байсан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дулааны инженер хүнийг томилдог байсан. ТЭЦ-ийн технологийн процессын 60% нь дулааны техник, технологи учраас тэр юм. Олон улсын шаардлага, түүх, туршлага практик нь ч тийм юм. Харин ерөнхий инженерээр цахилгааны инженер мэргэжилтэй, дадлага туршлагатай хүнийг ажиллуулдаг.
Захирал, ерөнхий инженер хоёр техник, технологийн бодлогоо хамтарч барьдаг гэсэн үг. Мэдээллээс харахад УБДС ХК-ын ( дулааны сүлжээ ) гүйцэтгэх захирал н.Бямба-Очирыг өөрчлөхөөр санал өгснийг ТӨБЗГ 6 сараар хойшлуулжээ.
Гэтэл энэ хүний дор 3 дэд захирлыг мэргэжлийн бус салбарт ажиллаж байгаагүй хүмүүсээр тавьсан байгаа. Олон жил энэ компанид инженер, ерөнхий инженер, захирлаар ажилласан энэ хүнээ явуулчаад хотоо хөлдөөчихөөд бурууг бусад руу түлхээд сууж байх юм биш биз?
Сүүлийн үед салбарын сайд өөрчлөгдөх бүрт томоохон компаниудын дэд захирлын тоо нэмэгдэх болсон. Нэг дэд захиралтай ажиллаад болоод байсан зарим компаний дэд захирлуудын тоо 4-5 хүрч байгаа. Тухайн компанидаа ямар ч ач холбогдолгүй илүү дэд захирлын орон тоо гаргаж өөрийн “гарын” гэх тухайн салбарын талаар “а”-ч байхгүй нөхдийг тавьж байгаа. Дэндүү хүнийхрүү хүйтэн хандаж байна.
Компаниудын удирдлага хяналтыг хэрэгжүүлэх одоогийн энэ тогтолцоо нь өнөөдөртөө зөв байгаа юм. Яамны саналаар компаниудын эрх мэдлийг ЭХЯ 100% авбал салбарын сайдаар нэг үл бүтэх, овилгогүй улс төрч ирвэл мэргэжлийн боловсон хүчний бодлого үгүй болж салбар дампуурах байлгүй дээ.
Салбарын яамны удирдлага, чухал аж ахуйн нэгжүүдийн захирал, дэд захирлууд, газрын дарга нарт мэргэжлийн бус хүмүүс, улс төрчид, тэдний гар хөлийг тавьдаг байдлаа хэзээ зогсоох вэ? Ядаж мэргэжлийн, болж өгвөл дадлага туршлагатай хүн тавиач ээ!
Төр, засаг минь энэ бүгдийг анхаараач ээ!
Энэ бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Төрийн минь сүлд эрчим хүчний салбарыг өршөөх болтугай!

эх сурвалж:https://www.facebook.com/permalink.php?story_fbid=528909590886792&id=458543791256706


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.