Үр зулбуулах эмний уршигаар хоёр эмэгтэй саваа тайруулжээ

80cfaf04e8333dd79f93e3f913a3cb052016 оны байдлаар үр хөндөлтийн 18,316 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх 2015 оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн дүн гэв.

Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийсэн тухай өнөөдөр /2018.10.11/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас мэдээлэл хийлээ.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагджээ

Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй таван эмнэлгийг шалгалтын хугацаанд илрүүлжээ. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж байсан “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал” зэрэг эмнэлэг, эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, “Сэцэнгоо” зэрэг эмнэлгүүдийг тогтоож, арга хэмжээ авчээ.

Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Амгалан” амаржих газруудад эхний найман сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх 21 тохиолдлын 14 нь гар дээрээс өөрөө дур мэдэн ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ уусан байжээ. Тодруулбал,

  • Эрээнээс-3,
  • Интернетээр-2,
  • Нарантуул захаас-3,
  • Зүүн хараагийн захаас-4,
  • Хувь хүнээс 2 үйлчлүүлэгч ҮР ЗУЛБУУЛАХ эм авч уусан тохиолдол гарсан байна.

Хууль бусаар оруулж ирсэн үр зулбуулах эм ууснаар хоёр эмэгтэйн умай цоорсныг мэс заслын аргаар эмчилсэн байна.

Дээрх хоёр эмэгтэйн нэг тохиолдлыг тодруулахад, Баянзүрх дүүрэгт байрлах “Энхийн төлөө” эмэгтэйчүүдийн магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан эмнэлэгт үйлчлүүлэгч Н нь 2018 оны дөрөвдүгээр сарын 05-нд үзүүлж, онош нь 4-5 долоо хоногтой жирэмсэн гэж гарчээ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмнэлгийн эмч нар жирэмсэн эхэд эмийн зулбаа хийсэн ч хүндрэл гарч, “Амгалан” амаржих газарт ханджээ. Энэхүү харамсалтай үйл явдлаас болж дээрх хоёр эмэгтэй саваа авахуулжээ.

Гурван эмчид 2.900.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь 20-30 насныхан байдаг аж. Шалгалтын явцад “Өргөө” амаржих газрын таван эмч 6-12 жилийн турш улсын эмнэлгийн лиценз ашиглан хувиараа эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж байсныг илрүүлжээ. Ингэхдээ хувийн эмнэлэгтээ оношилгоо хийж, улсын эмнэлэгт үзүүлсэн үйлчлүүлэгчдэд хувийн эмнэлгээ зааж өгөх байдлаар ажилладаг байсан гэнэ. МХЕГ-аас зөрчил гаргасан таван эмчийн эрхийг түдгэлзүүлэхээр холбогдох байгууллагад ханджээ.

Төрийн өмчийн эмнэлгийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч, хувийн эмнэлэг ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа учир тусгай зөвшөөрөл олгох, эргэх хяналтыг сайжруулах албан бичгийг НМХГ-аас нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлээд байгаа юм. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхдээ ямар нэг хүндрэлтэй тулгарахаас гадна үргүйдлийн асуудалтай болдог тул жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай байгааг НМХГ-аас зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.