Чойндонгийн Онгоодой: Баяны нүнжиг

15393137615bc010619922b-Намнаан! Хүү минь аргамжаатай морьдоо авчраад эмээллэчих! Хоёулаа өнөөдөр нэг айлаар буугаад орхиё гэж барагтайд эерэг зөөлөн дуугардаггүй их нагац Намхайг нэг л өөриймсөг, цаанаа л нэг тосон аялгуугаар хэлэхэд Намнан хүү баярласандаа хөлд нь сэвсхийтэл салхи оров гэлтэй бие нь агаарт хөвөх мэт хөнгөрч, гэрийн баруунтай тулсан цахнаас хазаар ногт аван гарч одов.Намнанг морьдоо эмээллэчихээд гэрт орж ирэхэд нагац нь ойрын жилүүдэд мөрөндөө углаж гангараагүй хүрэн чисчүү дээлийнхээ ташааны товруу мөнгөн товчийг товчилж дуусаад шар өнгийн бажгар дурдан бүсээ ороож байлаа.
Намхайг нутгийнхан нь” Гадаах нь гэртээ багтдаггүй Гэртэх нь гэдсэндээ багтдаггүй” харамч, нарийн гэж муу хэлдэг нь зээ дүү Намнангийн чихийг халууцуулах нь бий. Үнэхээр ч тиймэрхүү зан байх.Гэвч зээ нь болохоор нагацыгаа дотроо өмөөрөвч ил гаргаж, хэн нэгэнтэй үг сөргөлцсөн удаагүй. Нагац нь өглөө хонинд явахдаа угалзтай монгол гутлаа заавал өмсөнө.Тэр нь элэгдэж хуучирна гэж үгүй. Хичнээн ч жил болсон юм бүү мэд. Шинэхэн хэвээрээ л байх. Хүмүүсийн хэлэлцэх нь хээр гараад гутлаа ариглаад мориндоо ганзгалчихаад хөл нүцгэн таваргаж явдаг юм гэдэг.

Тэр хоёр гэрээсээ мордож, алхуулж, хатируулсаар “Мааньтын хөтөл” хэмээх газар зусаж байгаа Галцогийнд үдийн алдад хүрч очив. Галцог бол эр чадалтай, элдэвтэй, паянтай нэгэн болой. Галцог мориныхоо хурдаар хээрээс боссон чоныг хөөж гүйцэн уургалж, гэртээ авчиран хөгнөж орхиод ээжийгээ дуудаж харуулахад ээж нь айж цочсондоо зүрх нь дэлбэрч өөд болсон юм гэнэ лээ гэх, . Чоно хөгнөж, малынхаа буянд бузар оруулснаас болоод тэдний мал ойр ойрхон чоно нохойд орж, өөдлөхгүй хоосорч эхэлсэн юм гэж ам цуурах жишээ олон.. Галцог гуай хүнд барагтайд хөл алдаж, саймсрах эр биш. Гэтэл Намхай, Намнан хоёрыг морины уяан дээр нь хүрч очиход бараанаар нь Галцог дээлээ эгэлдэргэлэн Намхай нагацыг урдаас нь тосож,
-Алив! Жуужай би… гэж сугадан буулгаж, “Таныг гэв гэнэт ингээд хүрээд ирнэ гэж ер зүүдэлсэн ч үгүй. Таны лагшин тунгалаг уу? гээд дутуу товчилсон товчоо товчлон, дээлээ засаж, хоёр алгаа үрчиж , хүлээсхийхэд Намхай нагац,
-Бид хоёр чинь золгоогүй шиг билээ. За гэрт орцгоогоод золгочих уу? гээд гэр лүү зүглэв. Нагацад баруун хоймроо ширмэл ширдэг дэвсэж, “Та дээшээ морил! гэж гараа дэлгэн урьснаа “Жуужаа, Би морьдыг чинь ус, өвс сайтай энүүхэн түнгэнд аргамжчихаад ирье. Нэгэнт ирснийх та манайд ярьж хөөрөөд тавтай морил, юунд яарах билээ” гэж хэлчихээд хайя хүйе гэхийн завдал өгөлгүй год үсрэн гараад явчихав. Нагац Галцогийн ийнхүү хөл болж байгааг огтхон ч тоосон янзгүй. “Тэгэлгүй яахав” гэсэн маягтай малгайгаа авч дээш тавиад, дээлээ тайлж эвхэн баруун талын хураалттай бараан дээр залав.
Намхай нагацыг хэн нэгнийд ороод ингэж ямбархах юм гэж Намнангийн санаанд буухгүй, гайхахад хүргэж байв. Галцогийн авгай Дулмаа нөхрийнхөө аяыг дагаад тэр үү. Төвөгшөөж байгаа янз огтхон ч алга. Нагацын асуусанд тоймтой хариулах завсраа хэнийх хаана зусаж буйг сураглан галдаа аргал нэмж, цайгаа түргэн буцалгахыг хичээж байгаа нь илт. Удсан ч үгүй, Галцог морьдоо аргамжчихаад гадаа ирэв бололтой хөлийн чимээ анирлаж, дуу нь бүдэгрэн хотны тэндээс сонсдон үдийн хонь бэлчээж байгаа хүнтэй хэдэн үг солилцох шиг болоод чимээ намдаж хэсэг байж азнасны сүүлд “Дулмаа” гэж дуудан “Гэдэс авах түмпэн сав” гэж хашгирав. Дулмаа нагац бидэнд цай аягалж, идээ тавиад сав суулга харшуулан гарлаа. Намнан яаж дэмий суугаад байхав гэж бодоод дороо хулган,
-Нагацаа! Эднийх танд хонь гаргаж байх шиг байна. Би хараад л зүгээр суугаад байх уу? гэвэл,
-За хүү минь хүндээ хөнгөнөөс өгөхгүй шүү. Тэгж л байг! Зун цагийн махассан хүмүүст зүгээр ээ. “Ааштай юу, идэхээ л мэд” гэж хэлэн алдаж Намнанг хэлэх үггүй болгов. Өглөө босох бүрд Галцог гуай Намхай нагацад хандан “Та тавтай нойрсов уу? Өнөөдөр өнжчих” гээд нэг юмаар мэн (өөш) тавьж, анчныг горьдоогоод байгаа аятай зальжнаар инээнэ. Ийнхүү Намнан хүү нагацтайгаа хоёул Галцог гуайнд гурван хоног дайлуулав. Энэ өдрүүдэд тэд сэтгэлд хоногшихоор, бие биеийхээ аманд орчихоор сонирхолтой хууч хөөрөлдөж базаасангүй. Төрсөн ах дүү нар нь биш байтал Галцог гуай Намхай нагацад ингэтлээ сүйд болох нь таавар байв. Гурав хоносны дараах өглөө Намхай нагац,
-Намнаан! Хүү минь аргамжаатай морьдоо авчраад эмээллэчих! Хоёулаа өнөөдөр мордно оо гэж гэв гэнэт тушаал буулгав. Галцог гуай тэр үгийг сонсоод яаран хоймор авдраа уудлан тавин лангийн бөгтөр цагаан мөнгөн ембүү гаргаж хадаган дээр тавин нагацад өргөн барив. Нагац “Ингэх л ёстой.” гэх шиг дуугүй дүмбийж, хариу үг ч хэлсэнгүй бэлгийг нь тосч аваад өвөртөлчихөв. Галцог их л ёсорхог байдлаар дагалдан гарч,Намхай гуайг унаанд нь сугадаж мордуулаад нахилзан наманчилах шиг болоод замдаа сайн явахыг ерөөж үдэв.
Намхай нагац морио давиран айлаас холдсоны дараа, ташуураа гозолзуулан Хөх овооны ирмэгийг харуулдан шогшуулж,Зүүн цагааны баруун адаг өөд өгсөх үед мориныхоо амыг татан зэрэгцэж ирээд шүүрс алдан толгой сэгсрэх шиг болсноо,
-Намнаан хүү минь. Чи харав уу? Галцогийн нохойтож байгааг. Чи бид хоёрыг сайхан дөнгөчихлөө. Би түүнээс арван бүдүүн шар авах ёстой хүн. Өгөх нь үү гэж санаад гурван хоног горьдоод суучихсан чинь тавин лангийн мөнгөн ембүү, ганц хадагтай л буцаачихлаа. Ийм хүнтэй чинь одоо юу гэж ярихав. Нэгэнт л өрөө цайруулснаас хойш боллоо. Болоод явчихлаа гээд маг маг хөхрөв. Намхай нагац баян гэхэд үнэхээр баян хүн байв. Одоо бодоход хүнээс өр нэхэж чаддаггүй, өгсөнийг нь авч өр цайруулдаг сэтгэлээр баян хүн байж дээ..


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.