Бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоход 27 тэрбум төгрөг шаардлагатай гэв

712-15395784555bc41a727cf59

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүн мэдээлэл хийв.

Тэрбээр, “Дээрх тогтоолын төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрх бүрт 20 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 900 мянга гаруй хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох зохицуулалттай. Гэвч нийт хүүхдийн 60 орчим хувь нь мөнгөн тэтгэмж авч байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь хүсэлтээ өгөөгүй байгаа юм. Өнөөдрийн бүлгийн хурлаар энэхүү тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд хүргүүлээд, хэлэлцээд явах нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” хэмээв.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгоход хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-100 хувь олгоход 27 тэрбум төгрөг шаардлагатай.
-Ирэх оны төсөв ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ талаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Ирэх оны төсвийг манай бүлэг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Ирэх оны төсөв 9 их наядын орлого, 11 их наядын зарлагатай байхаар төлөвлөсөн. Жил жилийн төсөв батлахад хэл ам, маргаан гардаг. 2019 оны төсвийн төсөл дараагийн сонгуулийн бэлтэлтэй холбоотой гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Манай бүлэг үүнтэй санал нийлэхгүй. Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдэд тус бүр таван тэрбум төгрөг олгохоор тусгасан гэсэн яриа гарсан. Энэ бол тухайн гишүүний сонгогдсон тойрогт сургууль, цэцэрлэг барих мөнгө юм. Төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалттай холбоотой зүйлсийг чамбайруулах ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Сангийн сайд өөрийн тойрогтоо 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэсэн яриа гарсан. Энэ талаар?
 -Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан бүс нутгийн чанартай бүтээн байгуулалтын төсөв бий. Үүнийг хуулийн дагуу байгаа эсэхийг төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн нягталж үзнэ.
-Ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэдэн сард нэмэхээр төлөвлөж байна вэ?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт тусгасан. Хэлэлцүүлгийн явцад хугацаа тодорхой болох байх.
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авах асуудал яригдаж эхэлсэн?
-54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай би ч хувь гишүүний хувьд санал нийлэхгүй. Үүнийг дахин нягтлах ёстой.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.