Багшийн цалинг нэмлээ гэхэд талхны үнэнд яаж нөлөөлөх бол

Улсад 20 шахам жил ажилласан Дулмаа багш өдөржин анги дамжин хичээлээ зааж, хүүхдүүдтэйгээ бужигнаж явахдаа өөрийгөө ядууд эс тооцно. Харин хөхөө өвлийн хүйтэнд улам жижгирсээр хувин нүүрс л ордог болсон ногоон шуудайтай нүүрсээ аваад гэртээ харих замдаа ядуурсаар байгаагаа мэдрэн “амьдрал маань дээшлэх байгаа” гэсэн горьдлого тээн элдвийг эргэцүүлнэ.

Ингэж явахаар Эрээн явж наймаа хийсэн бол дулаан байртай, хоёр хүүхдээ гэдэс цатгалан байлгах байсан даа ч гэж бодно. Энэ бол Монгол улсын 60.0 гаруй мянган багшийн дийлэнхийнх нь амьдралын нэг л жишээ. Улс оронд маань боловсрол, мэдлэгтэй хүүхдүүд хэрэгтэй гээд зүтгэсэн олон мянган багш нарын амьдралыг төр засаг нь уландаа гишгэж байна, бүтэн талх авч гэртээ харидаг болъё хэмээн төр засагтаа асуудлаа тавьсан ч тэдний үгийг эс тоож эцэст нь тэвчээрээ барсан багш нар ажил хаялт зарлаад байна.

1995 оны дөрөвдүгээр сарын 18 -наас 140 гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялтыг бүү давтаасай хэмээн олон багш, эцэг эх, хүүхдүүд хүсч байна. Энэ бол зөвхөн төр засгийнхны л гарт байна. Ер нь багшийн цалинг нэмлээ гэхэд талхны үнэнд яаж нөлөөлдөг юм бол?

Энэ асуултын хариуг хамтдаа хайцгаая. Сардаа 200 гаруйхан мянган төгрөгний цапинтай Дулмаа багшийн цалинг жаахан нэмэх сургаар бензин, гурил, цахилгааных нь үнэ нэмэгдээгүй байхад талх үйлдвэрлэгч талхныхаа үнийг нэмэхгүй, малчид ч махныхаа үнийг нэмэхгүй.

Харин засаг, төрийнхөн л нөгөө муу нэртэй ченжүүд рүү хамаг буруугаа чихэн юмны үнэ нэмэгдэж инфляци болно хэмээн тайлбарлаж байна. Эрхэм улс төрчид минь энэ бол зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд он биш шүү дээ. Иргэд чинь инфляцийн тухай нэг үеэ бодвол гадарладаг болсон.

Алдагдалтай төсөв, өөрөөр хэлбэл орлого нь зарлагаасаа бага төсөв зохиочихоод алдагдлаа багасга гэхээр зардлаа бууруулж байна гээд төсвийнхөнд өгнө гэсэн цалингийн зардлаа 126,8 тэрбум төгрөгөөр багасгасан гэсэн тайлбарыг хээв нэг өгч байх юм. Яагаад төсвийн орлогоо нэмэх талаар “А” ч дуугарахгүй байна вэ?

Багш нарынхаа цалин, орлогыг нэмье гэсэн хүсэл байвал олон боломж байна. Татварын бодлогоор гэхэд л наад зах нь бага цалинтай ажиллагчдын цалинг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, өндөр ашигтай бизнесийн байгууллагуудаас авах орлогын албан татварын шимтгэлийг нэмэх гээд олон арга байна.

Төрийн мөнгө, татварын бодлогыг барьж байдаг. Та бүхэн санахгүй анзаарахгүй байгаа бол МҮЭХ-ныхон энэ тухай Засгийн газарт өгсөн цалин хөлсний талаарх шаардлагадаа тодорхой тусгасан байгаа. 200.0 мянган төгрөгний цалинтай багшийн цалинг хүн амын орлогын албан татвараас чөлөөлчихвөл орлого нь 10 хувиар нэмэгднэ, НДШ-ийг нь төр хариуцчихвал дахиад 10 хувиар орлого нь нэмэгднэ гэх жишээтэй.

Эдийн засгийн өсөлт, байгаа л юм бол энэ бол хэрэгжүүлж болохгүй хэцүү асуудал биш гэдгийг эдийн засагчид ч хэлсээр байгаа. Төрийн мөнгө, татварын бодлого зөвхөн бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг гэдгийг харуулах олон жишээ байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд гэхэд л алтны татварыг “О”, экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн болон НӨАТ-г мөн л “О” гэж заасан байх жишээтэй.

Үүнээс улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн тэрбум төгрөг орохгүй байгааг ил гаргаж ярих хэрэгтэй байна. Тийм ээ, өнөөгийн төр засгийн эрхэмүүд инфляци гэдэг “мангас”-аар л ард түмнээ айлгахаас өөрийг сэтгэхгүй байна уу, хүсэхгүй байна уу?

Иймд багш, эмч нар ч гэсэн зөвхөн “цалин нэм” гэж шаардах бус улс төрчдийн өөрсдийнхөө бизнесийг цэцэглүүлдэг башир аргуудыг үгүй болгохын төлөө дуу хоолойгоо гаргах хэрэгтэй болж байна. Эдийн засгийн чадавхи үнэхээр сул байгаа бол нэг хэрэг. Гэтэл эдийн засагт маш их хэмжээний мөнгө эргэлдэж, уул уурхайг түшиглэсэн их баялаг бий болж байгаа.

Харин эдийн засагт шинээр бий болсон баялаг буюу үндэсний орлого /ҮО/-ын хуваарилалт дэндүү шудрага бус баина. Өөрөөр хэлбэл, ҮО-ын дөрөвний нэг хүрэхгүй хувь нь цалинд дөрөвний гурав нь компанийн ашигт хуваарилагдаж байна. Цалин авдаг нь хэд, ашиг авдаг нь хэд билээ. Нэг үгээр хэлбэл, 100 төгрөгний 25 -нь компанийн ажилчдад цалин хэлбэрээр очиж байхад 70 гаруй хувь нь эзний буюу ганц хүний халаасанд орж байна гэсэн үг.

Шудрага бус байдлыг харуулах бас нэг жишээ бол, татвар төлж буй нийт 20 гаруй аж ахуйн нэгжийн 0,2-0,3 хувь буюу ердөө 40 гаруй компани нийт төлсен татварын 70 гаруй хувийг эзэлж байна. Нэг талаас нь харахад цөөхөн компани их татвар төлөөд байгаа юм шиг боловч цөөхөн хүний гарт баялаг хэт төвлөрснииг харуулж байна.

Түрүүчийн сонгуулийн өмнө “Дөрвөн 10″-ын бодлого гээд “татварын хамгийн шудрага зарчмыг бий болгож байна” гэж олон түмний тархийг угаагаад компаниуд 3.0 тэрбум төгрөг хүртэл олсон ашигт адилхан 10 хувийн л татвар ногдуулна гэж хуульчилсан. Өнгөц харахад үнэхээр хэн нэгнийг нь ялгаварлахгүй байгаа мэт боловч 3,0 сая төгрөгийн ашиг олсон компани 300,0 мянган төгрөгийн татвар төлөөд 2,7 сая төгрөгийн ашиг олно.

Гэтэл 3,0 тэрбум төгрөгийн ашиг олсон компани татвараа төлөөд 2,7 тэрбум төгрөгийг ганцаараа халаасална. Ялгаа байгаа биз.

Эх сурвалж: “Хөдөлмөр”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих