CNN: Байцаалтын үед “алдаа” гарч, сэтгүүлч эр амиа алдсан

Сураггүй болсон араб сэтгүүлчтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг “CNN” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашогги олон гүрний дунд маргаан дэгдээж байна.

Туркийн Инстанбул хотын Саудын Арабын Консулын газарт очсон даруйдаа сураггүй болсон сэтгүүлч эр үхсэн, амьд нь НУУЦ хэвээр. Жамал сураггүй болоод өдгөө 15 хоножээ. Түүнийг Консулын байр руу орсон бичлэгийг Туркийн тал цацсан ч гарч яваа бичлэг олдохгүй байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган учирлав.

Тэгвэл Туркийн албаныхан хэрэг гарсан гэгдэж буй Консулын байранд нэгжлэг хийхээр өнгөрсөн шөнө хүрэлцэн ирцгээсэн аж. Цагдаагийнхан Консулын газрын ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарлан, байрыг хамгаалтад авчээ. Албаныхан тусгай ажиллагаатай холбоотойгоор мэдэгдэл хийгээгүй байна.

Америкийн “CNN” агентлаг “Жамалыг Консулын байранд нэвтрэх үед тус улсын тагнуулынхан барьсан. Сэтгүүч эрийг нууцаар хил давуулж, Саудын Арабт авчрахаар төлөвлөж байсан ч алдаа гарсан. Жамал эхний байцаалтын үеэр амиа алдсан” гэж мэдээлжээ. Тус агентлаг уг мэдээллийг бэлдэхдээ хоёр  ч эх сурвалжаас мэдээлэл авсан гэв. “Жамал сураггүй болоод 15 хоносон. Энэ хугацаанд Саудын Араб ул мөрөө балласан нь тодорхой” гэж үзэж байна.

Туркийн газар нутагт гадаадын иргэн сураггүй алга болсон явдалд Анкарагийн эрх баригчид сэтгэл дундуур байна.

Жамал Хашогги бол Саудын Арабын урдаа барьдаг топ сэтгүүлчдийн нэг бөгөөд эрх баригчдынхаа бодлогыг шүүмжилсэн нийтлэл бичдэгээрээ ард түмнийнхээ дунд алдаршжээ.

Түүнийг бичсэн нийтлэлийнх нь төлөө эрх баригчид нь “шахан гадуурхах” болсон учир тэрбээр аргагүй эрхэнд 2017 онд Америкт суурьшсан аж. Жамал энэ хугацаанд Саудын Арабын анхаарлыг татаж, аюулгүй байдалаа эрсдэлд оруулахаас болгоомжлон үргэлж нуугдах болсон ба турк эмэгтэйтэй гэрлэхийн тулд аргагүй эрхэнд Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт очсон энэ аж.

Хэвлэлүүд сэтгүүлчийг сураггүй болсон асуудалтай Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салман Аль Саудыг холбоотой хэмээн бичиж эхэлсэн. Учир нь ханхүү өнгөрсөн хугацаанд заль мэх ашиглан “хуурах зам”-аар сэтгүүлчийг эх орондоо авчрахыг шадар туслахууддаа даалгаж байжээ.

Их гүрнүүдийн дарамт шахалтаас болж, Саудын Араб дээрх учир битүүлэг хэргийн талаар анх удаагаа АМ НЭЭВ.

Тус улс “Жамал Хашоггийн сураггүй болсон асуудалтай бид ямар ч холбоогүй. Консулын байранд байхад нь түүнийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй, нэг улсын нэр хүндэд халдах гэсэн оролдлого. Манай улс иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовниж, уг асуудалд анхаарлаа хандуулж байна” гэж мэдэгджээ.

Мэдэгдэл хэтэрхий товчхон, үндэслэл муутай байгаа талаар АНУ, Герман, Франц Британийн Гадаад хэргийн яам мэдэгдээд “Жамалын асуудалтай холбоогүй гэдгээ баримт нотолгоогоор батлах учиртай” гэлээ. Туркийн тал ч дээрх байр суурьтай ижил буй гэнэ.

Туркийн тал өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчийн аминд хүрсэн гэгдэх 15 этгээдийн нэрсийг зарласан юм. Эдгээрийн дунд Саудын Арабын Тагнуулын газрын ажилчид, тусгай офицерууд, шүүх эмнэлэгийн шинжээч нар багтжээ. Тэдний мэдээллийг Туркийн тал Саудын Арабаас Инстанбул хотноо ирээд буцсан онгоцны зорчигчдын жагсаалаас олж авсан байна.

“Жамалыг Саудын Арабаас ирсэн тагнуулынхан хөнөөсөн” хэмээн олон нийт үзэж байгаа ч НОТОЛЖ чадахгүй өнөөдрийг хүрлээ. Саудын Арабын Дотоод хэргийн яам өчигдөр “Бид үнэнийг олохоор ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Жамалын асуудлаас үүдэж, дэлхийн хүчирхэг гүрнүүд зөрчилдөж эхэлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татах болов. АНУ, Их Британийн эрх баригчид сэтгүүлчийн асуудлаас болж Саудын Арабын эсрэг хориг тавихаар төлөвлөж буйгаа зарласан юм.

Уг мэдэгдлийн дараахан Саудын Араб “Сэтгүүлчийн асуудалтай холбоотойгоор манай улсын эсрэг хатуу хориг хэмжээ авбал бид илүү хатуу хориг хэмжээ авч, хариуг нь барих болно. Эдийн засгийн хориг, улс төрийн дарамт шахалтыг бид тэвчихгүй. Шууд хариуг нь барих болно” гэж мэдэгджээ.

Цагаан ордны тэргүүн Трамп өнгөрөгч амралтын өдөр “Сэтгүүлч Жамалын асуудалтай Саудын Араб холбоотой нь тогтоогдвол хатуу шийтгэл ноогдуулах болно” хэмээн сүрдүүлсэн юм. Трамп “АНУ эртнээс Саудын Арабт зэвсэг нийлүүлсэн. Бид хатуу шийтгэл ноогдуулсан зэвсгийн наймаагаа хэвийн үргэлжүүлэх болно. Хэрвээ уг наймааг цуцалвал бид өөрсдийгөө шийтгэсэн хэрэг болно. Бид энэхүү зэвсгийн наймаагаас их ашиг олдог” гэж цохон тэмдэглэв.

Саудын Арабын эзэн хаан Салман саяхан Анкара, Саудын Арабын харилцаанд ан цав үүсч буйтай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар холбогдож “Хоёр улсын харилцаа бат бөх үргэлжиж байгаа гэдэгт итгэж байна. Бид олон жилийн турш ах, дүүсийн харилцаатай байгаа. Уг харилцаанд сэв суух вий хэмээн болгоомжилж байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.