Зэвсэгт мөргөлдөөнгүй амгалан даян дэлхийн төлөө

712-153973807710-17-8-750x400

Дэлхийн бүх шашин энх тайван, амар амгалан, шударга ёс, сайн сайхны төлөө уриалдаг. Нөгөөтэйгүүр,  шашин шүтлэгийн ялгаатай байдлаас зэвсэгт  мөргөлдөөн, элдэв халдлага гарах нь ихэссэн нь  улс орнуудын хувьд хурцадмал асуудал болж, хүн төрөлхтний  сэтгэлийг  түгшээх болсон. Тэгвэл энэ асуудлаар Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо  энэ сарын 10-11-нд чуулсан   Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүлэгчдийн олон улсын VI хурлын төлөөлөгчид “Элдэв зэвсэгт мөргөлдөөн, үл ойлголцол, халдлага нь шашны нэрийг барих болсон нь санаа зовоох боллоо. Бодит байдалд бүх шашин нэг л зүйл дээр нэгддэг. Тэр нь энхтайван, шударга ёс, амар амгалан байдал юм. Иймээс  олон улсын шашны байгууллагууд нөхцөл байдлыг энхийн замаар буюу яриа хэлцэл хийж шийдвэрлэх боломжтой. Ийм замыг бид эрэлхийлсний үндсэнд  үр дүн гаргаж чадна. Үүгээрээ энэ удаагийн чуулган онцгой ач холбогдолтой” хэмээгээд Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийллээ.  Мөн тэд даян дэлхийн амар амгалан, аюулгүй байдал, энхтайванд бүх нийтийг уриалав. Энэ удаагийн чуулган “Зэвсэгт мөргөлдөөнгүй амгалан даян дэлхийн төлөө” гэсэн уриан дор  хуралдсан  юм.

Астана дахь Энхтайвны ордон.
Дэлхийн өнцөг булан бүрээс шашны тэргүүлэгчдийг урьж даян дэлхийн амар амгалан болоод аюулгүй байдал, түүнд өөрсдийн оруулах хувь нэмэр, нөлөө, гарц гаргалгааг ярилцдаг олон улсын чуулганыг одоогоос 15 жилийн өмнө Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев санаачилжээ. Казахстан улс 17.5 сая хүн амтай, олон үндэстний нутаг. Мөн олон шашин зэрэгцэн оршдог. Хүн амын дийлэнх нь  казах үндэстэн хэдий ч  орос, узбек, украин, уйгур, татар, герман, солонгос гэсэн 100 гаруй ард түмэн  оршин амьдарч ирсэн. Ислам, христийн шашин голлодог ч   хинди, католик,  үнэн алдартны сүм эв найртайгаар зэрэгцэн оршиж байдгаараа онцлог юм. Магадгүй энэ  байдал нь дэлхийн бүх шашны тэргүүлэгчид тал талаас хуран чуулж,    энхтайван, эв найрамдлын асуудлыг хэлэлцэх  нэгэн хөрс суурь болсон болов уу.
Хурлын танхим.
Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүлэгчдийн анхны хурал 2003 онд болж  дэлхийн 17 шашны байгууллага оролцсоны дотор манай улс багтсан байдаг. Түүнээс хойш  тус хурлыг гурван жилд нэг удаа  Казахстаны нийслэл Астанад зохион байгуулж,  ерөнхийлөгч Н.Назарбаев биечлэн оролцож  иржээ. Зургаа дахь удаагийн энэ хуралд  дэлхийн 46 орноос улс төр болон шашны нийт 82 төлөөлөл хүрэлцэн ирсэн  юм. Оролцогсдын зүгээс өмнөхөөсөө  өргөн бүрэлдэхүүнтэй, хэлэлцэх сэдвийн агуулга, хүрээ илүү   далайцтай, утга төгөлдөр хурал   болсныг  онцолж байлаа. Шашны тэргүүнүүдээс гадна  Казахстаны конгрессийн гишүүд, улстөрчид  дэлхийн энхтайван, аюулгүй байдалд анхаарлаа хандуулан  санал солилцсоноороо чухал ач холбогдолтой юм.  Манай улсын хувьд  энэ хурлын хамгийн анхныхад нь  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц оролцсон байдаг.  Түүний дараагаас нарийн бичгийн дарга нарын  уулзалт болон  ээлжит хурлуудад  төлөөллөө байнга оролцуулж иржээ. Энэ удаа Гандантэгчинлэн хийдийн да лам Х.Бямба­жав, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав нар  Монголын буддистуудыг  төлөөлж оролцов. Монголын буддистуудыг төлөөлж хамба лам Ч.Дамбажав  индэрт үг хэлж, мөн сэтгүүлчдэд зориулсан  хэвлэлийн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Казахстан улс нь дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүд хамтран уулзалт хийхэд хамгийн тохиромжтой улс юм. Учир нь газарзүйн байрлалын хувьд ислам христ буддизмын соёлын уулзвар гэж үзэж болно. Казахстан улс,   тус улсын ерөнхийлөгч Н.Назарбаевын зүгээс дэлхийн хүн  төрөлхтөнд чухал ач холбогдол бүхий энхтайванч санаачилгыг дэвшүүлж ирсэн.  Тухайлбал, Казахстан улс 1991 онд цөмийн зэвсгээс сайн дураар татгалзаж, туршилтын талбайгаа хааж байсан”-ыг тэмдэглэлээ. Гандантэгчинлэн хийдийн да лам Х.Бямбажав хурлын зорилго чиглэл, өөрийн тавьсан илтгэлийн тухайд “Миний хувьд “Шашин ба даяарчлал: сорилт бас асуултууд” салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. XXI  зуун яах аргагүй дэлхий дахинд энхтайвны дуу хоолойг хүргэх цаг үе ирж байна. Улс гүрнүүд хоорондоо зөрчилдөөнтэй, үл ойлголцох явдлууд  гарч байна. Хуралд оролцогчид  алан хядлага, үзэн ядалтын эсрэг дуу хоолойг хүчтэй илэрхийлж байна. Үзэн ядалт гэдэг зүйл залуу үед өвлөгдөх вий. Иймд залуу үе, хойч үеэ үүнээс хамгаалах хэрэгтэй юм. Зөвхөн буддизм, эсвэл ислам, христийн шашин энх амгаланг тогтоохгүй.Дэлхийн гурван том шашин, түүн дээр бусад нь нийлж байж харилцан  зөвшилцөлд хүрч, нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч байж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх, даван туулах бодит байдал харагдаж байна. Хамгийн гол нь эв­тэй байя гэдгийг  орол­цогчид ярилцлаа” гэв.
Астанад болсон Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VI хурал  дөрвөн сэдвээр өрнөсөн.   “XXI зуунд дэлхийн амар амгалан байдал”, “Хувьсан өөрчлөгдөж буй геополитик дунд шашин: Хүн төрөлхтөнд байж болох шинэ боломжууд”, “Шашин ба глобальчлалын асуудал болон арга замууд”, “Терроризмыг хэрхэн даван туулах вэ” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж,  шашны тэргүүнүүд байр сууриа илэрхийлсэн юм. Хурлын төгсгөлд   Зэвсэгт мөргөлдөөнгүй амгалан даян дэлхийн төлөө улс орнууд нэгдэх,  дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх  шашныхан энхтайвны элчийн үүргийг гүйцэтгэе гэсэн нэгдсэн   уриалгыг  гаргалаа.
Н.НАЗАРБАЕВ:
-Эртний түүхт казахын энэ нутаг дээр дэлхийн болон уламжлалт бүх шашны тэргүүлэгч, удирдагчдыг урьж, даян дэлхийн энхтайван амар амгалан, аюулгүй байдлын талаар хэлэлцэн санал солилцож байгаа нь аугаа их нэр төрийн хэрэг юм.
АБДУЛЛА БЕН АБДЕЛЬ МУХСИН АТ-ТУРКИ:
/Бүх дэлхийн Исламын холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга/
-Энхтайвны төлөөх оролдлогууд олон зууны турш явж ирсэн. Гэхдээ  тэр бүр  бүтэлтэй байсангүй. Учир нь тэд  үндэслэлээ тэр болгон  зөв  тавьж байгаагүй. Бидний зорилго, чиглэл  бол  тодорхой бөгөөд бодитой юм. Тиймээс  хүчтэй байх болно. Улс орнууд, ард түмэн бүр  дэмжсэн учраас хүчтэй байгаа юм.
КАРДИНАЛ ИОСИФ ТОМКА:
/Ромын папын бие төлөөлөгч/
-Биднийг энэ оронд цуглуулж, энхтайван, эх дэлхийн амар амгалангийн асуудлаар санал солилцох завшаан олгосон Н.Назарбаевт  баярлалаа. Энхтайвны тусын тулд бурхандаа залбирцгаая.
ИОНА МЕЦСЕР:
/Израилийн раввин сүмийн  тэргүүн/
-Энд хуран цугласан бүгд  нинжин сэтгэл, тэсвэр  тэвчээр, хүсэл мөрөөдлийн төлөө ширээ тойрон суугаад ярилцаж байна. Дэлхийн улс орон бүр энхтайвнаар зэрэгцэн оршихын төлөө  нэг сэтгэлтэй  байх ёстой.
БАРТОЛОМЕВ I:
/Бүх дэлхийн үнэн алдартны шашинтнуудын тэргүүн, Константинополийн их хамба/
-Дэлхийн бүх хүн төрөлхтөн энхтайвнаар зэрэгцэн оршиж  аз жаргал эдлэх нь  онцгой эрх, үнэт зүйл юм. Үүний төлөө бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж байгаа нь биеллээ олно гэдэгт би итгэлтэй байна.
АЛЕКСАНДР:
/Астана хот болон Казахстаны бүх шашны тэргүүн/
-Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, энхтайвнаар зэрэгцэн оршиход шашны гүйцэтгэх үүрэг их юм.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.