УВСЫН ГИШҮҮД УЛС БАЙГУУЛАХ ШАХАМ ТӨСӨВ АЙМАГТАА ТАВЬЖЭЭ

be3e83ce4446d345d430d1e05db874c0Улсын их хуралд Увс аймгийн дөрвөн гишүүн бий. Тэд бүгдээрээ МАН-аас сонгогдсон. Энэ дөрвөн гишүүний гурав нь одоо сайд. Нөгөө нь өмнөх Засгийн газарт бас л сайдаар ажиллаж байсан.

Эдгээр эрхэм бол Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар юм. Монгол Улсын гол яамдыг толгойлж байгаа ийм хүчирхэг сайд, гишүүд Увс нутгийн зон олныг төрд төлөөлж байна. Гэтэл 2019 оны улсын төсөвт тэд сонгогдсон тойрогтоо хамгийн их хөрөнгө тавиулжээ. Бүхэл бүтэн улс орны сангийн авдрын түлхүүрийг атгасан Ч.Хүрэлбаатар гишүүн эрх мэдлээ ашиглан өөрийнхөө тойргийг илүүд үзлээ гэж намын нөхөд нь төдийгүй УИХ-ын гишүүд ундууцаж, бас барьцаж байгаа.

Ирэх оны төсөвт зарим аймагт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан байхад Увсад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ил болов. Өөрөөр хэлбэл, бусад аймгаас 5-10 дахин их хөрөнгө хуваарилсан гэсэн үг.

Уг нь 2019 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харахад Хөвсгөл аймагт хамгийн их буюу 26.775 тэрбум, Баянхонгорт 24.858 тэрбум, Завханд 23.482 тэрбум, Өвөрхангайд 22.438 тэрбум, Увсад 21.383 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын төсөв 15.461-19.752 тэрбумд багтжээ. Харин Дархан-Уул аймаг 2.474, Дорнод 4.783, Булган 9.310, Дорноговь 8.689, Говьсүмбэр 9.309 тэрбум төгрөгийн буюу хамгийн бага санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна. Ийм байтал Увс аймаг яахаараа 51 тэрбум төгрөгийн төсөвтэй болж орж ирсэнийг Засгийн газрын гишүүд цээжээрээ сүрхий хамгаалж байна лээ. “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг нь шийдэж өгнө гэж амласан. Тэр хүрээнд зарим аймгийн хөрөнгө оруулалтын дүн нь нэмэгдсэн. Харин Ерөнхий сайдын очоогүй аймгуудад ийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй” гээд л тайлбарлаж байв. Яаж ч харсан Увс аймаг дангаараа төсөвт 51 тэрбумыг тусгуулсан нь шударга бус байна. Эл асуудлаар МАН-ын бүлэг шөнө дүл болтол хуралдаж, хоёр талд ширүүн маргаан өрнүүлсэн тухай саарал ордноос сонсогдоод байгаа. Бүлгийн зарим гишүүн, тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын фракцийнхан “Энэ бол улсын төсөв биш, Увсын гишүүдийн төсөв болсон байна” гэж бухимдаж, хуралдааныг орхиж гарсан сурагтай.

1990-ээд оны дундуур М.Энхсайханы Засгийн газрын үед Монгол Улсын төсөв 200 гаруй сая ам.долларт багтаж байсан үе бий. Тухайн үед ам.долларын ханш 400 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл өнөөдөр Увсын гишүүд улс байгуулах шахам төсвийг аймагтаа тусгуулжээ. Нутгархдаг, нутгархдаг гэхэд арай ичмээр харагдаж байна. Та нар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой төрийн сайд болохоос төрөлх нутаг, өөрийн тойргоо тэтгэсэн Увс аймгийн сайд биш шүү.

М.МӨНХ

Өдрийн сонин


URL:

Tags:

Нэр: 1111 Огноо: 17 October 2018

M.Munkh bichegchee ! Та “… Уг нь 2019 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харахад Хөвсгөл аймагт хамгийн их буюу 26.775 тэрбум, Баянхонгорт 24.858 тэрбум, Завханд 23.482 тэрбум, Өвөрхангайд 22.438 тэрбум, Увсад 21.383 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын төсөв 15.461-19.752 тэрбумд багтжээ. Харин Дархан-Уул аймаг 2.474, Дорнод 4.783, Булган 9.310, Дорноговь 8.689, Говьсүмбэр 9.309 тэрбум төгрөгийн буюу хамгийн бага санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна.” гэж бичжээ. Үлдсэн 50.0-21.383=28.617 нь хаана байгааг нь эрэн сурвалж тодорхой болгохыг машид хүснэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.