Архи бол амьдралын дайсан

Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс спирт агуулсан ундааг хэрэглээний зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.  Өөрөөр хэлбэл, усан үзэм амархан мууддаг ч иссэн шүүс нь огт муудахгүй дарс болдгийг эртний Египетүүд анх мэдсэн байдаг.

Улмаар сэргэн мандалтын үед архи, дарс хэрэглэх явдал Европын зан заншлын нэг хэсэг болсон. 1300 оны үеэс төв Европт шар айрагны олон үйлдвэр байгуулагдахын зэрэгцээ дарсны хэрэглээ улам ихсэж анх үйлдвэрлэгдсэн газрынхаа нэрээр алдаршсан олон янзын дарсыг өнөө хүртэл худалдаалсаар байгаа.

Энэхүү архи, дарс хэмээгч зүйлийг ёслол, хүндэтгэлийн зориулалтаар хэрэглэдэг байснаа аажмаар улс орны гол хэрэглээ болоод зогсохгүй эцэстээ цорын ганц дайсан нь болон хувирчээ. Түүнчлэн архи гэм нүгэл бүхний эх үүсвэр болсон тухай нэгэн домог бий. Эрт цагт ваартай архи барьж, ямаа хөтөлсөн нэгэн бүсгүй хуваргад хандаж “Та энэ архийг уу, үгүй бол ямааг хорло, эсвэл надтай хурьцал үйлд, эс тэгвэл би үхнэ” гэжээ. Хуварга “Эмэгтэйд халдвал сахилаа алдана. Ямааг хорловол амьтны амь тасалсны нүгэл их” хэмээн бодож архийг нь уужээ.

Гэтэл согтсон хуварга ямааны амийг таслаад зогсохгүй эмэгтэйтэй хурьцал үйлдэж гурван гэмийг нэг дор нь үйлдсэн байна. Тиймээс “архи” бол ямар ч эрхэм хүний эрээ цээрийг алдуулж төрсөн эх, өөрийн охиныг нь ч хиртээх бусармаг үйлд хүргэх нь бий. Архины хор хөнөөлийн тухай сонин, сэтгүүлд тоо томшгүй олноор нь нийтэлж, телевиз, рариогоор ярилцаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг болгон анхааруулсаар л…

Гэсэн хэдий ч архинд донтох эмгэгтэй болсон хүмүүс өнөөдрийн нийгмийн олонхийг эзэлж байгаа нь нууц биш. Өнөө үеийн тахал болсон архи согтууруулах ундаатай тэмцэх асуудал нь зөвхөн эмнэлэг, цагдаагийн байгууллагын үүрэг болсон гэлтэй. Уг нь Төр засгийн бодлогоор дэмжиж архины асуудлыг эрх мэдэлтнүүд мөрийн хөтөлбөртөө гол болгон тусгах нь нэн чухал санагдана. Түүнчлэн монгол иргэн бүр архидан согтуурахтай тэмцэх хэрэгтэй. Манай улсад гарч буй нийт гэмт хэргийн 30 хувь нь архинаас үүдэлтэй байдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж буй.

Тухайлбал, авто ослын 70, хүн амины хэргийн 80, гэр бүл салалтын 50, үйлдвэрийн ослын 30 хувь нь архи хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг ажээ. Мөн үүний цаана байнга архидан согтуурч, гэр орон, ойр орчиндоо түгшүүр төрүүлж байдаг олон тооны хүн байсаар байна.

Архичин амьдардаг гэр бүлийнхэн айдаст автсаар эцэстээ сэтгэцийн эмгэг өвчин тусах нь бий. Тухайн архичин ямар ааш зантай байхад нь гэр бүлийн гишүүн бүр тааруулан харьцаж, тухайн өдрийн ажил амьдралаа ч тэгж зохицуулна. Өөрөөр хэлбэл, хүүхэлдэй кино үзэж суусан хүүхэд эцэг, эх нь согтуу ороод ирмэгц, айж түгшихдээ зурагтаа унтрааж, гэрээсээ гараад явдаг. Мөн эхнэр нь нөхрийнхөө сургаар унтаж буй дүр эсгэн хэвтэх нь бий. Иймэрхүү дүр зураг манай улсын ихэнх айл өрхөд байдаг бодит үнэн асуудал.

Энэ нь сэтгэлгээний хувьд эрх чөлөөгөө бүрэн алдсан эмгэнэлт амьдрал архичны гэр бүлд ноёрхож буй тод жишээ юм. Өсвөр үеийнхний хүмүүжил, ёс суртахууны доройтолд оруулах, сөрөг муу нөлөө үзүүлэх нэг нөхцөл бүрдэж байгаа нь энэ. “Цаг хугацаа бүхнийг илааршуулдаг” хэмээн   зарим хүн ярьдаг. Тэгвэл архичин эцэг, эхтэй хүүхдийн сэтгэлийн шарх, сэтгэцийн өвчин эдгэрдэггүй байна. Архи уудаг гэр бүлд хүмүүжиж буй хүүхэд эцэг, эхдээ гомдох, аймхай болох, найз нөхдөөсөө хөндийрч сурлага нь муудах зэргээс эхлэн олон сөрөг үр дагавар дагуулдаг.

Энэ мэт гэр бүлийн архидалт, завхайрал зэргээс ичихдээ зарим хүүхэд өрхийн толгойлогч шиг болох нь ч бий. Социологийн судалгаагаар архинд донтох нэг өвчтөний ард аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан гэх мэтчилэн 60 орчим хүн байнгын санаа зовнисон, айж эмээсэн, түгших, ичих зэрэг сэтгэл зүйн таагүй нөхцөлд орж байдаг аж. Тийм ч учраас архичны гэр бүлд амьдарч байгаа эр, эм, хөгшин залуу аль ч хүмүүсийг архинд донтох өвчний давхар хамаарагчдад оруулан тооцдог байна.

Тэдэнд ямар нэг байдлаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэж даруй арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол архичин эцэг эхийнхээ амьдралаар амьдарч, хүүхдүүдээ ч мөн тийм гашуун замналаар оруулах нь бий. Гэр бүлийн архидалтын өмнө хүүхэд буруугүй ч буруутан мэт болж гэрийн ажил, оройн хоол гэх мэт бүхий л зүйлд санаа нь зовнисоор ганцаардмал болдог байна. Ийм амьдралыг өөрт нь олгосон эцэг, эхдээ гомдох хэцүү ч зовлонт замаар ямар ч сонголтгүй алхдаг нь архичны хүүхдийн эмгэнэл ажээ.

“Архи савнаасаа бусдыг дийлдэг” хэмээн онож хэлсэн үг байдаг даа. Дан ганц архинаас үүдэж манай улсын эдийн засаг, нийгмийн хэв шинжит байдал уналтад ороод зогсохгүй үндэстэн тэр аяараа мөхөх аюулд өртөөд байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид нь амьдрал, оюун санаагаа алдаж, дэргэдэх нь сэтгэл мэдрэлээр өвчлөх буюу дээр хэлсэнчлэн сэтгэцийн эмгэг тусдаг тухай судлаачид хэлж байгаа.

Архидалт газар авбал тухайн улс орон хөгжил дэвшлээс хоцрох, иргэдийн амьдрал ахуй доройтох, ёс суртахууны доголдолд орох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийн хамгийн хорлонтой төвшин болж хувирдаг. Энэ гаж үзэгдэл нь манай улсын хувьд үндэсний хэмжээнд анхаарал татсан, сэтгэл зовоосон хурц асуудал болж байгааг хэн бүхэн анхааралдаа авах цаг болсон. Сүүлийн үед архичдын нас залуужиж байгаа. Нэг үгээр хэлбэл, ид амьдралын алтан босгоор алхан орох замдаа “шилтэй цэнхэр”-т бүдрэх залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Ингэхдээ тэд … Шингэн биетэй, шилэн дээлтэй, ширүүн хар чөтгөр… хэмээн шүлэг хүртэл зориулан уншиж сав саваар нь хөнтрөх аж. Тэр хэмжээгээрээ амьдрал нь уруудаж, хань ижил, гэр бүл, нэр төр, бүх зүйлээ залгиж архиар даруулга хийсээр л.

Ийнхүү амьдралаа сүйтгэж, үгүйрэл хоосролын туйлд хүрсэн ч өөрийн гэмийг ухаарах чадвараа алддаг байна. Сайрхах, баярхах, хий хоосон чалчих гэх мэтээр хүний ааш араншингаа алдаж адгуус араатан лугаа болдог нь хүн төрөлхтний нэгэн эмгэнэл гэлтэй. Эртний Грекийн гүн ухаантан Сократ “Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээсэн байдаг. Тиймээс эрүүл энх аж төрөх, нийгэмийн харилцаанд эерэгээр оролцож, монгол үндэстнээ авч үлдэхийн тулд амьдрах ухааны ёс зүйн мэдлэг олох зайлшгүй хэрэгтэй.

“Архи бол амьдралын дайсан” болохоос бус хоол ундны зайлшгүй хэрэгцээт зүйл биш шүү дээ. Ялангуяа эрүүл мэндийг устгадаг гэдгийг хүн төрөлхтөн мэдэх болсноор дэлхийн аль ч улс орнууд архидан согтуурах явдалтай тэмцэж буй. Харин манай улс эндээ ярьсаар архиндаа живсээр л байх уу.

М.Наранболд


URL:

Сэтгэгдэл бичих