Цахилгааны үнийн хөнгөлөлт цагаа олсон шийдвэр мөн үү

Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дээгүүрт ордог. Энэ асуудал үе үеийн эрх баригчдын толгойны өвчин болсоор удаж байна. Хэдийгээр олон жилийн өмнөөс нийслэлийн утааг бууруулахаар янз янзын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

Өнөөдөр нийслэлийн утаа хоолой ам гашуу оргиулан суунагласаар л байна шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгохжурмыг гаргасан явдал юм. Шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

Шийдвэрийн хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Р.Мягмар иргэдэд олгож буй цахилгааны үнийн урамшууллын ажлын явцтай өнгөрсөн баасан гаригт танилцаж албаныхантай уулзлаа. Гэр хорооллын зарим айл өрхүүдийг цахилгаанаар халаах болсон нь нэг талдаа ашигтай ч нөгөөтэйгүүр хүндрэл бэрхшээлтэй тулгар ч байгаа аж. Учир нь ОХУ-аас импортоор авч буй Эрчим хүч хязгаарлагдмал байгаа. Энэ нь нэг шугамаар л гэхэд дээд тал нь 80 мегаватын эрчим хүч авч болдог гэнэ.

Харин эл хэмжээнээс илүү авсан тохиолдолд тогтворжилт алдагдах аюулд хүрнэ хэмээн албаныхан хэлж байв. Үүнээс гадна хэд хэдэн шийдвэрлэх асуудал буйг дурдаж байсан. Тухайлбал, айл өрхүүд бүрэн шаталттай зуух болон гэрийн халаагуураас бусад халаагуурын туслах зүйлийг хэрэглэснээр цахилгаан станцын ачаалал шөнөдөө 300 мегават байсан бол одоо 550 мегават болтлоо нэмэгджээ.

Улаанбаатар Цахилгаан түгээх станцын дэд захирал Ч.Өнөрцэцэг “Шугам сүлжээний дэд станцын өргөтгөл болон хэд хэдэн трансформаторын нөөц бүрдүүлэх мөнгө хөрөнгийг шийдэж өгөх”-ийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Р.Мягмараас хүслээ.

Ер нь эхний ээлжинд цахилгаан станцуудын асуудлыг шийдэж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж байж дараагийн ажлаа шийдвэрлэх шаардлагатай болсон аж. Манайхан нэг зүйлийг хийх гэж ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулчихаад дараа нь үр дүнгүй болгож сурсан зантай улс. Дээрх айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажил ч мөн адил нэлээд асуудалтай тулгарч буй. Учир нь агаарын бохирдлыг бууруулах хүрээнд иргэдэд цахилгааны үнийн хөнгөлөлт урамшуулал олгох шийдвэр гаргах гэж удтал хүлээлгэсний эцэст нэг юм гарсан.

Одоо зөвхөн бэлтгэл ажилдаа ороод явж байна. Айл өрхүүдийн цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх бүртгэлдээ хамрагдаж эхлээд буй аж. Иргэд тухайн бүртгэлд хамрагдахдаа нэлээд хойрго хандаж буйг дээрх төлөөллүүд шүүмжилж байсан. Эндээс хаа хаанаа, хэн хэнийхээ ажлыг цалгардуулж буй нь харагдсан.

Тиймээс иргэд ядаж л хөнгөлөлтийн бүртгэлдээ яаралтай хамрагдах зүйтэй. Энэ мэтчилэн шийдвэрлэвэл зохих нэлээд асуудалтай байгаа юм. Тэднийг асуудлаа шийдвэрлэж ажлаа эхлүүлэх гэсээр байтал өвөл дуусах нь. Уулзалтын үеэр албаныхан энэ өвлийг өнгөрөөчихвөл дараа жилээс яс ажиллана гэх ухааны юм ярьж байсан. Удирдлагууд нь оноос өмнө нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлнэ байх гэж хүлээж буйгаа илэрхийлсэн.

Уг нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрх цахилгааны үнэдээ 50 хувийн урамшуулал эдлэх аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх өрхүүд эл хөнгөлөлтийг эдлэхгүй гэсэн үг.

Одоогоор нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд 50 хорооны 100 мянга орчим өрх багтдаг. Эдгээр өрх айл эрчим хүчний хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой. Засгийн газраас тогтоосон журмаар бол үнийн хөнгөлөлт, урамшуулал гэсэн хоёр янзаар үйлчлэх юм байна.

Цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдсон цахилгаан халаагуур бүхий “Цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ” байгуулсан хэрэглэгчийн цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэл тооцож, хэрэглэсэн цахилгааны үнийг нь хөнгөлөх юм.

Ингэснээр шөнийн тарифын хямдралын хугацаа өмнөхөөсөө зургаан цагаар уртсах гэнэ. Гэтэл зарим иргэдээс шөнийн цахилгааны үнийг хөнгөлж байгаа ч тоолуурын хэмжээ урьдын адил хэвээрээ гарч байна гэх ч гомдол нэлээдгүй ирж байгаа юм.

Тиймээс хий дэмий зүйл гаргаж шуугиан дэгдээгээд байгаа юм биш биз гэх хардлага ч төрж байна. Ямартаа ч өнөө жил нийслэлийн утааг бууруулах талд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шийдвэр гаргах зэргээр дор дороо ажил хийгээд л байдаг. Харин хийсэн ажил нь хий дэмий зүйл биш байгаасай л гэж найдаж суухаас.

Д.Мягмар

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих