Дорлигжав аа, иргэд цагдаа, шүүхийнхэнд итгэл алдарлаа шүү

Иргэд бухимдаж байна. Уурлаж байна. Удахгүй хилэгнэж мэдэх нь. Энэ сайны ёр биш. Арабын ертөнцийн дарангуйлагчид ард түмнийхээ бухимдлыг ул тоомсорлосноос болж улс орон өөрийгөө сүйрүүлсэн. Харин монголчууд юунд бухимдаад байгааг нь улстөрчид ядуурлаас болсон мэт гөрдөж байна. Иргэдтэй өдөр, цаг тутам уулзаж байдаг бидний хувьд “Би ядуудаа бухимдаад байна” гэсэн нэг иргэнтэй тааралддаггүй. Иргэд ядуурлаас болж бухимдаагүй, шударга ёс ялзарснаас болж бухимдаж байна. Хуулийнхан шударга биш байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Тэднийг хуулийг өөрсдийн үзэмжээр өөртөө ашигтайгаар хэрэгжүүлж байгаа нь иргэдийн хилэнг төрүүлж байна. Монголчууд түүхэндээ хоёр дахь удаагаа ардчилсан Ерөнхийлөгч төрүүлсэн. Энэ алдагдсан шударга ёсыг эргүүлэн авчрах итгэл найдвар, хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм. Энэ бүхнийг биелүүлэхэд Ерөнхийлөгч ганцаараа хүчин мөхөсдөнө. Тиймээс шударга ёсыг тогтоох хамгийн том субьект болсон шүүх, прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Түүн дотроо таны толгойлсон прокурорын байгууллага шударга ёсыг тогтооход томоохон үүрэг гүйцэтгэнэ. Харамсалтай нь өнөөгийн хууль, хүчний байгууллага шударга ёсыг сэргээнэ гэдэгт иргэд эргэлзэж байна. Хэн нэгэн гэмт хэрэгтний гарт хохироогүй, хэн нэгэн албан тушаалтанд доромжлуулаагүй иргэн гэж өнөөдөр алга. Гэтэл энэ бүхнийг таслан зогсоодог цагдаа, шүүн тунгаадаг шүүх өнөөдөр амьгүй мэт байгаа нь иргэдийн зэвүүцлийг төрүүлж байна. Хэдхэн жилийн  өмнө нийслэлийн прокурорыг цагдаа бүсэлж байсан түүх бий. Монгол хүнийг газар  шороогоо хамгаалсны төлөө машинаар дайрч алсан хятадыг тэнсэн өгөөд явуулсан шуүх байна. Энэ бүхнийг засах гэж л монголчууд ардчилсан Ерөнхийлөгчийг төрүүлсэн. Харамсалтай нь сүүлийн үеийн үйл явдлууд шүүх, цагдаагийнхан гэмт хэргийн ертөнцийн акулуудтай биш, жараахайнуудтай хөөцөлдөж өдөр хоног өнгөрөөж байна. Уг нь Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилогдоход ард түмэн их л итгэж байсан юмсан. “Хууль, шүүхийнхэнтэй хамааралгүй, хуулийн тогоонд ялзраагүй ийм л хүн эрүүгийн томчуудыг хунина даа” гэж иргэн найдаж байв. Харин өнөөдөр “Эрхэм түшээд, сайд, томчуудын эрхийг хуулиар хуяглачихсан юм байна. Дорлигжав байгаад ч хэрэг алга” гэх хүн олширч байна. Саяхан нэг намын дарга байсан томоохон луйварчин, түүний хамсаатан байж болзошгүй нөхрийг прокурор шалгах болсон. Гэтэл шүүх нь тавиад тууж байгаа харагдах юм. Цагдаагийн хурандаа нар гэж гэмт хэргийн бамбай болсон хэн ч халдаж чадахгүй бололтой юм. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг Засгийн газар ч халж, сольж хүчрэхгүй байна. Иргэд аргаа барахдаа УИХ-ын шударга залуу гишүүдэд хандаж байна. Хэвлэл мэдээллийн бидэнд ч хандаж байна. Эдийн засгийн ноцтой гэмт хэргүүдийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд байгаа баримтаас илүү ноцтой гэмт хэргийн талаар баримттай мэдээлэл сэтгүүлчид ирэх боллоо. Уг нь ийм баримт сонинд, гишүүнд биш прокурорт очих ёстой. Үндсэн хуульд иргэн бүр хууль шүүхийн өмнө адил эрхтэй гэж байдаг байх. Эрх ямбаа эдэлж байгаа дарга нараас эхлээд, эрх ямбанаасаа ард түмний сонголтоор хусагдсан иргэн ч шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хэн ч өөрийгөө хамгаалах “цаасан нам” байгуулан гэмт хэргийг улстөржүүлэх замаар хуулийг уландаа гишгэж болохгүй. Манай хуульд “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, их хурлын гишүүн, намын дарга байсан хүн хуулиас дээгүүр эрхтэй” гэсэн заалт  байхгүй. Д.Дорлигжавыг  залуу наснаасаа ардчиллын төлөө, шударга үйлсийн төлөө зүтгэж явсныг мэдэх болохоор ард түмний итгэл алдраагүй байгаа. Гэхдээ л иргэд бухимдаад байна. Өлөн зэлмүүндээ бухимдаагүй. Ядуу хоосондоо бухимдаагүй байна. Даанч шударга ёс улам алсарч байна. Дээдсүүд шүүх цагдаагийнхантай цагаандаа гаран нөхцчихөөд байна. Энэ л иргэдийн бухимдлыг хилэн болгох гээд байна. Ардчиллыг авчрахдаа амь насаа хайрлаагүйг чинь ард түмэн мэднэ. Шударга ёсыг авчирч чадна шүү дээ. Дорлигжав аа чи чаддаг даа.

Г.ДАШРЭНЦЭН Х.БАТТӨГС

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих