Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан: Монгол Хятадын хараат орон болсон нь улам бүр тодорхой харагдах боллоо

Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр МУИС-д хуулийн чиглэлээр баклаварын зэрэг хамгаалахаар суралцаж буй юм.
-Нам гүм алга болсон чинь хуульч болохоор шийджээ?
-Би МУИС-ийн хуулийн ангид ноднин орсон. Одоо хоёрдугаар курс. Хуулийн мэргэжил эзэмшиж байна. Монгол улсын бүх зохицуулалт иргэний ч бай нийтийн ч бай хууль эрх зүйгээр зохицуулагдана.  Тэр талаар дипломтой мэдлэг байхгүй бол дипломын бус мэргэжлээр явахгүй нь байна шүү дээ. Оюутан болоод сайхан байна.
-Танай ангид таны үеийн, эсвэл олны танил хүн хэр байна?
-Надаас 10-аад дүү, зарим нь манай хүүхдийн үеийнх. Аргагүй шүү дээ. Би чинь өөрөө ахимаг насанд ороод явж байна. Манай ангид Монгол улсыг дэлхийн дэвжээнд гаргаж ирсэн олимпын аварга Бадар-Ууган сурдаг. Их бахархдаг юм. Монгол улс, монголын ард түмний зүрхийг цохилуулж өгсөн тийм монголчуудыг босоо байлгахад жинтэй хувь нэмэр оруулсан залуу тамирчин манай ангид сурдаг гэхээр. Ер нь олны танил ч бай, үгүй ч бай хуулийн мэдлэг илүүднэ гэж лав байхгүй. Хуульгүйгээр монгол улс явахгүй. Хуулийн боловсрол хүн болгонд хэрэгтэй. Гэртээ сууж байгаа гэрийн эзэгтэйд ч хэрэгтэй.
-Та нэг хэсэг хууль хяналтын байгууллагынхны анхаарлын төвд байсан байх аа?
-Би таван удаа баригдсан. Би бол ямар нэгэн захиргааны, эрүүгийн, иргэний, эрх зүйн захиргааны алдаа гаргаагүй. Гэтэл таван удаа баригдсан. Миний эрх ингэж зөрчигдөж байгаа юм чинь бусад хүний эрх бол бүр л илүү их зөрчигдөж байгаа. Хууль эрх зүй мэдэхгүй байгаа, мэдсэн ч тэрийгээ хэлж чадахгүй байгаа иргэдийн эрх хавтгайдаа зөрчигдөж байгаа гэдэг надад ойлгомжтой байсан. Тийм учраас би хуульч болъё. Ер нь тэр эрх нь зөрчигдөөд байгаа улсуудыг хамгаалъя. Эрхээ мэдэхгүй байгаа улсуудыг мэддэг болгоё. Мэдсээр байгаад зөрчигдөж байгаа иргэдийг зогсооё гэж бодсон.
-Баригдаад л байдаг, тэмцэхээ болих бодол төрдөггүй юу. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй нас биш шүү дээ?
-Тийм л дээ. Гэм хийсэн хүн бол гэмээ ойлгоод ял зэмлэлээ аваад хаширна. Ямар ч гэмгүй хүнийг барихад тэр хүн чинь улам л асаж, бадарч, огшдог юм байна. Би залуу хүн биш. Гэхдээ миний хийж байгаа үйлст нас харгалзахгүй. Надад буцах зам алга. Эмэгтэй хүн ингэж асуудалд хандаж байхад эмэгтэй хүнээс ичихгүйгээр барьж хийж байна. Үр хүүхдээ тийм аймаар зэрлэг нийгэмд үлдээхийг хүсэхгүй байна л даа.
Би ч бас хүн, эх хүн. Би ажиллъя гэхээр надад ажил олдохгүй байна. Багшаа хийе гэхээр сургуулийн ажилд авахгүй. Сургуулийн цэвэрлэгчээр ч авахгүй. Яагаад гэвэл, Баасан хэл амтай. Хүмүүсийг уриалан дууддаг гэнэ. Хүнийг ингэж болохгүй шүү дээ. Амтай ч хүн, хэлгүй ч хүн. Ямар ч төрсөн хүн энэ нийгэмд амьдарч ажиллаж хөдөлмөрлөх боломжийг нь олгох ёстой шүү дээ. Олны төлөө дуугардаг, дарга нарыг шүүмжилдэгийнх нь төлөө насаар нь хөсөр хаяж болохгүй. Би цаашид эмгэн болсон ч гэсэн олон юм ярьдаг л эмгэн болох байх гэж бодоод байгаа. Ямар сайндаа хүүхдүүддээ хэлдэг юм. Хэтэрхий их мэдэхгүй юм руугаа ороод байвал одоо бүр амыг нь үддэг юмуу яадаг юм, би ч их зовоох юм шиг байна та нарыг гэдэг. Хэтэрхий их юманд дуугараад ад үзэгдэх байдалд хүрчих вий гэж бас боддог л доо.
-МАХН, МАН талцаж байна. Сүүлийн үед улс төрийн байдал сонирхож байна уу?
-Энэ бол нээх хуваагдаад сүйд болсон юм харагдахгүй байна л даа. Татгалзсан нэрэн дээр нь тоглож албан тушаалд хүрэх гэсэн хүмүүс байна. Шуудхан хэлэхэд Н.Энхбаяр гэж монгол улсын төрийн гурван өндөрлөг давсан, гурвууланд нь сууж ард түмний итгэл хайрыг хүлээж байсан хүн байдаг шүү дээ. Тэр хүн л цаанаас нь мөнгө төгрөг бүх юмаар нь хангаж хаясан намын нэрээр тоглолт хийж байгаа харагддаг. Тэрийг нь ч би мэдэж байна. Монгол улс өнөөдрийг хүртэл хэцүүдэх байдалд ороход тэр хүн бол 60 хувийг нь хийчихсэн. Тэр нь бол надад баримтаар байна, ахмадууд ч хэлнэ. Энхбаяр даргыг их хурлын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч байхад нь олон санал тавьж байсан. Тэр үед ерөөсөө хүлээж авдаггүй дандаа цэрэг, цагдаа хөдөлгөдөг байсан. Өнөөдөр өөрөө уначихаараа айхтар эх оронч, монгол улсын төлөөө цохилох зүрхтэй хүн болж ингэж ард түмний сэтгэл зүйгээр тоглох бас муухай л даа. Оюутнуудаар хүртэл тоглосон. Энхбаярыг ийм ийм юм хийж байна гэж би олон зарладаг байсан. Хүмүүс үнэмшдэггүй байсан. Одоо л хүмүүс итгэж байна. Энхбаяр ямар бузар булай арга хэрэглэдэг хүн бэ. Яасан увайгүй арчаагүй хүн бэ. Бид нар ямар дорой хүнийг дээшээ гаргаж тавьж вэ гэдгийг одоо харж байна.
-Сонгууль болох ойртож байна. Та энэ сонгуулиас юу хүлээж байна?
-2012 онд монголын ард түмэн үнэхээр энэ аймшигтай байдлаас гаръя гэж бодож байгаа бол сонгох гэж байгаа хүмүүсээ учиртай сонгоосой. Мөнгө өгсөнийх нь төлөө, миний ээж аавын нам билээ миний өвөөгийн нам билээ гэхээсээ илүү миний монгол билээ, миний үр хүүхдүүдийн хөгжил дэвшлийн төлөө ядахнаа би траншейнд хонохгүй байх юмсан.
Траншейнд хонодог байлаа гэхэд намайг ирээд мэддэг, татаад авдаг төртэй байх юмсан гэж л бодож байгаа бол ард түмэн 2012 оны сонгуулийг ухаалаг өгөх хэрэгтэй.
Би энэ их хурал гэдэг юманд гармаар байна. Гараад ард түмний амьдралыг их хуралд бодитоор нь хүргэх гүүр болмоор байна. Нас 50 гарчихсан явж байна. Одоо л би 2012 онд нэг удаа их хуралд гараад монгол улсад өөрчлөлт хийхийг хүсэж байна. Би гудамжнаас ард түмэнд хувь нэмрээ оруулсан. Ахмадуудын нурууг тэнийлгэсэн. Ээж нарын нурууг тэнийлгэсэн. Их хуралд орох юм бол ядарч яваа нийт монголын ард түмний нурууг тэнийлгэе.
-Та нэр дэвшлээ гэхэд магадлал хэр гэж бодож байна. сонгуульд нэр дэвших бас их нүсэр ажил шүү дээ?
-Би бие дааж Баянзүрхээсээ нэр дэвшинэ. Одоо сонгуулийн бэлтгэл гэж хийсэн юм алга. Биеэ бэлдэж байна. Ард түмний заяа л мэдэг дээ. Би заяагаа дээшлүүлэх гээд байгаа юм биш. Ард түмнийхээ заяаг дээшлүүлэх гэж байна. Баасан ганцаараа гараад дийлэхгүй гэж ярьж байна гэсэн. Тэртэй тэргүй их хурал битгий хэл, ордон дотор байтугай ордны гадаа ажилгүй гудамжинд явж байхдаа би Засгийн газраар шийдвэр гаргуулаад байсан хүн. Их хуралд ороод чадахгүй байна гэж байхгүй. Ард түмэн гадаа байж байхад би ганцаардана гэж хэзээ ч байхгүй.
-Одоогийн төрийн удирдлагын талаар та юу хэлэх вэ. Тэгтлээ тэмцэхгүй байхыг бодоход сэтгэл хангалуун байгаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийлөгч, ерөнхий сайд,  их хурлын дарга гээд эд нартай би мессэжээр харилцаад санал бодлоо солилцоод явдаг. Нээлттэй шүүмжилдэг.
Хүлээж авдаг. Сайн байна, бид чинь иргэний нийгэм байгуулж байгаа хүмүүс шүү дээ. Хэдий чинээ Баасан шиг ярьдаг зоригтой шүүмжилдэг иргэд олон байна төдий чинээ сайхан төртэй байна. Хэдий чинээ ноомой иргэдтэй байна, төдий чинээ ард түмний эрхийг зөрчдөг төртэй байна шүү. Би суралцаж байгаа учраас өдөр тутам тэд нартай байлдаад байх цаг алга. Хоёрдугаарт тэд нар хүн хэлээд алдаагаа засаж чадахгүй бол дараа нь би “алгадна”, “цохино”. Би ч заавал тэд нарт заах үүрэггүй шүү дээ. Заавал ард түмэн унагаад байх албагүй. Нэг хүн гаргаад дараа нь унагаад байхаар улс хөгжихгүй.
Манай ард түмэнд нэг том дутагдал байгаа. Нэг хүнийг магтахаараа тэр чигтээ магтдаг. Энхбаярыг бас тэгээд л эвдчихсэн. Одоо Батболдыг магтаж байна. Хэрвээ Батболд зөвхөн магтаал сонсоод шүүмжлэл хүлээж авч чадахгүй бол энэ хүн тэгээд л улс төрөөс арчигдана. Батболдын өөрийнх нь ухаан л мэднэ дээ. Монгол улсын ерөнхий сайдаас илүү сэтгэдэг иргэн монголд олон байна. Их хурлын 76-аас илүү сэтгэдэг хүн монголоор дүүрэн байна. Тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Ингэж болохгүй. Энэ гэмт хэрэг. Би энэ төрийг тунгалаг байгаасай л гэж хүсэж байна.
Одоогийн төрийн толгойд байгаа хүмүүс мэдрэмж муу байна. урвагчид гэж хэлэхээ болъё. Тэгэж хатуурхаад яахав. Хятадууд ирээд төрийн цагдааг нь хэвтэрт ортол зодож байхад нутаг руу нь буцаачихаж байна. Хятадаас хараат нь харагдаж байна. Өнөөдөр Хятадууд монголд хичнээн эрх дархтай байна. Нэг дарга руу утасдахад л бүх юмнаас чөлөөлөгдөж байна. Тэгэхэд намайг ахмадуудтайгаа яваад жагсаал цуглаан хийгээд цагдаа нартай наашаа цаашаа болсон үед яасан билээ. Цагдаа зодсон гээд, би ч одоо монголын цагдаа зодчихсон хүн шүү дээ. Надад болохоор арга хэмжээ аваад байдаг. Харин хятадууд юу билээ. Нөгөө эзгүй айлд орж ирээд авдрыг нь ч ухаж болдог, хүүхдийг нь ч зодож болдогтой адилхан Монгол улс эзгүй байна. Монгол улсын ерөнхийлөгчийг нэлээн юм хийх байх гэж бодсон. Гологдоод байна. Ядахнаа яагаад хийж чадахгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй шүү дээ.
-Ажилгүй байсан гэж та хэллээ. Тэр үеийг бодвол өнөөдөр таны хувийн амьдрал ямар байна?
-Монголын ардчилсан холбооны 2006 онд хүний эрхийн дээд шагнал өгөөд намайг хоёр өрөө байраар шагнасан. Тэр халуун дулаан байранд Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд амьдарч байна. Манай нөхөр яахав байдгаараа байж л байна. Манай хүнд хийхгүй ч юм байхгүй л дээ. Хийх юмаа хийгээд л. Би яахав ингээд сураад. Том охин тусдаа гарсан. Хоёр хүү  бага нь ерөнхий боловсролын сургуульд, том хүү маань оюутан. Тэгээд л амьдарч байна даа.
-Та машинтай юу?
-Манайх нэг экселтэй. Тэр нь тэгээд эвдэрчих юм байна шүү дээ /инээв/. Тэгээд автобусанд ороод явахаар заримдаа Баасан мөн биш гээд хүмүүс хоорондоо ярилцана. Зарим нь магтах юм, зарим нь үзэн ядах юм. Тэгээд зүв зүгээр явж байсан улсуудыг хооронд нь хэрэлдүүлчихнэ. /инээв/ Явган явна, таксидна. Тэгээд л бөглөрвөл бөглөрөөд, тагларвал таглараад утаан дундаа явж л байна.
-Энэ хугацаанд хэр хөрөнгөжив. Мөнгө гэснээс сар болгоны 10 мянгаа авч байгаа биз дээ?
-Авалгүй яадаг юм. Дөрвөн хүнийхээгээ хурааж байгаад 200 мянга болгоод цагаан сараа хийнэ дээ. 70 мянгаа авсан. Би нэг л юмыг үзэн яддаг. Тэр нь мөнгө. Цагаа хүрвэл би Н.Энхбаярыг шүүмжилдэг ч тэр хүнийг үзэн яддаггүй. Бас л нэг монгол эр хүн. Мөнгө гэдэг юмны төлөө улайран зүтгэдэг гажуудал манай монголд байх юм. Надад их мөнгө олдох юм бол тэрийг аваад нэг хүмүүст хэрэгтэй ном хэвлэдэг ч юм уу, эсвэл хүмүүсийг байнга хүлээж авдаг нэг клуб ажиллуулдаг ч юмуу, нийгэмд хэрэгтэй юм хийнэ. Одоо надад мөнгө гэх юм алга. Сургуулийн төлбөрийг Ардчилсан сангаас төлж өгсөн. Энэ бол миний зүгээс нийгэмд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалт болохоос хувьдаа ашиглах гэж байгаа юм биш. Ер нь манай монголчууд их сайхан сэтгэлтэй шүү дээ. Баасан олны төлөө явж байгаа юм чинь Баасанг хайрлах ёстой гэдэг ч юм уу. Тэр утгаараа надад асар их хайртай. Манай хөгшчүүд, ээж нар байнга цайны дээжээ өргөж байдаг. Манай нөхөр гарын ур сайтай учраас “мөнгөний уурхай”. Тэгэхдээ олсныг нь үр хүүхдүүддээ зарцуулаад явдаг болохоос үнэтэй цайтай юм аваад байдаггүй. Сонгуульд нэр дэвшиж байхад микро автобус надад үнэгүй үйлчилж байх жишээний. Их том хөрөнгө оруулалт. Би нийт ард түмнийхээ сэтгэлийн хандив дээр л амьдардаг юм даа.
-Яагаад заавал их хуралд орох гээд байгаа юм?
-Сүүлдээ өөрөө өөрөөсөө залхаж байна шүү дээ. Дандаа ингээд л гудамжинд байгаад байлтай биш. Бас нэг шат ахия л даа. Үргэлж нэгдүгээр шатан дээр зогсоод байж болохгүй. Дөрөв рүү орж байж хаалгыг нь цохино шүү дээ. Баянзүрх дүүргэд бодвол намууд намайг унагаах гэж хамгийн шилдгүүдээ л явуулах байлгүй. Тэд нартай нь л үзнэ дээ. 2011 оны дундаас иргэдтэй уулзаж эхэлнэ. Нэг заал олно тэр нь бас мөнгө. Хэнээрээ зарлуулах уу гэж асуудал байна. Тэгэж байтал хороон дарга нар Баасантай уулзаж болохгүй гэчихнэ. Иргэд хороон даргын үгэнд орох уу Баасангийн үгэнд орох уу гээд л асуудал үүснэ дээ.

Б.Ундрал


URL:

Tags:

Нэр: Carmine Digiacomo Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих