Үйлчилгээний чанар соёл, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ор тас мартсан НИЙТИЙН ТЭЭВЭР

15398643685bc877309e313

Нийслэлийн толгойны өвчнүүдийн нэг нь нийтийн тээврийн хүрэлцээ хүртээмж, үйлчилгээний чанарын тухай асуудал юм. Улаанбаатарын түгжрэлийн уг гарвал шалтгаан нь нийтийн тээврийн үйлчилгээний хоцрогдол билээ. Нийтийн тээвэр ийм байсан цагт түгжрэлийг арилгах тухай ярих нь  бараг бололцоогүй юм. Иймээс  ZALUU.Com нийтийн тээврийн үйлчилгээний талаар цуврал нийтлэлүүдийг уншигчдад хүргэхээр зорьж байна. 

 Хэдхэн хоногийн өмнө манай сайт “Монголын хөгжлийн хоцрогдлыг илтгэх нийтийн тээвэр” хэмээн бичиж байлаа. Шийдэл хүлээсэн асуудал Монголд олон бий. Тэдгээрийн толгойд эрэмбэлэгдэх нь нийтийн тээвэр мөн гэдэгтэй хэн хүнгүй санал нэг байгаа байх.

Нийслэлийнхний бухимдал стресс чухамдаа энэ нийтийн тээврийг тойронд хөллөдөг. Яагаад гэвэл энэ салбарын үйлчилгээний хоцрогдол, болхи бүдүүлэг байдалтай эвлэрэх нь  зорчигчоос ихээхэн тэсвэр тэвчээр шаарддаг болохоор тэр.  Дээхнэ үед “гахай хариулсан хүн уураа бардаг” хэмээн ярилцдаг байлаа. Харин одоо энэ хэллэг  нийтийн тээврийн үйлчилгээнд илүү таарч тохирмоор санагдаж байна.

Дэлхийн  улс орнуудад тавигддаг нийтийн тээврийн стандарт яг урвуу хамаарлаар Монголд үйлчилдэг. Гадныхан иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадах нь туршилт судалгаагаар нотлогдож батлагдсан, тодорхой шалгуур давсан хамгийн шинэ, хамгийн найдвартай тэрэг техникээ  нийтийн тээвэрт  явуулдаг. Яагаад гэвэл иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангах онцгой шаардлага тавигддаг  болохоор тэр.

Хөхөө өвлийн хүйтэнд иргэд буудал дээр унаа хүлээж хөлөө хөлдөөж, гараа бээртэл зогсох, орсон хойноо хөлөө хөндийртөл чихцэлдэх нь энэ салбарын үйлчилгээний өнөөгийн зураглалын нэг хэсэг нь.

Харин монголчууд бусдын хугацаа дуусч үйлчилгээнээс хасагдсан хуучин автобусаар нийтийн тээврийн үйлчилгээгээ аргацааж байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувь, хувьсгалын компаниуд бусдын гологдлоор иргэддээ үйлчилж, ашиг хийсээр ирлээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт энэ салбарыг олон жил орхигдуулж ирсэн нь хамгийн түгээмэл үйлчилгээг хамгийн хоцрогдсон салбар болгох зам руу хөтөлжээ.  Мөн парк шинэчлэлт бараг мартагдах дээрээ тулаад байгаа нь  нийтийн тээвэрт стандарт гэх том шалгуурыг ор тас орхигдуулах шалтгаан болж байна.

Хугацаа дууссан хуучин техник ямар байдгийг нийтийн тээврийн хэдэн автобуснаасаа анзаараад хараарай. Үйлчлүүлэгчдээ үргэтэл утаагаар тургих, замын дунд эвдэрч саатан зорчигчдоо явгалах,  цоорхой шал, цавтай цонх, тоос тортог зэрэг нь бидний хувьд дэндүү танил болсон дүр зураг. Зорчигчид нийтийн тээврийн унаагаа зуны цагт жигнүүртэй, өвлийн улиралд хөлдөөгчтэй зүйрлэн ярьдаг нь үнэнд ойрхон үг юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамж гэсэн ойлголт тухайн салбарын төрийн байгууллага болон  үйлчлэгч компанийн алинд ч үгүй болсон. Хөхөө өвлийн хүйтэнд иргэд буудал дээр унаа хүлээж хөлөө хөлдөөж, гараа бээртэл зогсох, орсон хойноо хөлөө хөндийртөл чихцэлдэх нь энэ салбарын үйлчилгээний өнөөгийн зураглалын нэг хэсэг  нь. Зарим автобус зогсоол дээрээ зогсохгүй чигээрээ давхичихна, аль эсвэл нэг чиглэлийн хоёр автобус хотын замаар “уралдах”,  жолооч нь хэдэн буудал газар утсаар “буу халах”, тамхины утаагаар доторхи хүмүүсээ утах зэрэг нь иргэдийн хувьд “хүлээн зөвшөөрсөн” байдаг л зүйл болтлоо хэвшиж тогтжээ.

Энэ бүхэн бидний тухайд  гайхаж шогшроод байх зүйл биш, нийтийн тээврийн ердийн нэг дүр зураг. Монголчууд хүлцэнгүй, чөдрийн ганц гэдэг шиг хөл залгуулдаг хэдэн автобусныхаа энэ мэт араншинд хүлээцтэй ханддаг. Бидэнд ямар өөр сонголт байх биш, хүссэн хүсээгүй автобусаараа л хөл дүүжлэхээс өөр арга байхгүй.

Нийслэлд өдөрт 1000 орчим автобус үйлчилгээнд гардаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ эдгээрийн зарим нь техникийн саатлаас шалтгаалан үйлчлүүлэгчдээ замд явгалдаг гэхээр 900 гаруй нь тогтмол явдаг байх. Энэ тоо өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, хуваарилалт гэж асуудал бий. Муухай дээрээ улцан гэдэг шиг Улаанбаатарын нийтийн тээврийн чиглэл оновчтой биш,  байн байн өөрчлөгддөг, зорчигчдын урсгал, ачааллын хуваарилалтыг дутуу тооцсон,  зарим чиглэл нь хоосон шахам байхад зарим нь хүнээ багтааж ядсан гэх мэт  бодлого зохицуулалтын чанартай олон асуудал бий.

Эртний түүхтэй энэ улсын Нийслэл хотын нийтийн тээвэр нь иймэрхүү нүүр төрхтэй байна гэдэг XXI зууны шалгуур хэм хэмжээнд авч үзвэл ёстой “ичмээр дамшиг”.

Метро, Скайтрейн гэхчлэн метрополис хотын хэм хэмжээ, зиндаанд хүрч чаддагүй юмаа гэхэд ядахад тусгай замын автобус буюу BRT-ийн олон жил яригдаж байгаа төслөө хэрэгжүүлэх цаг хугацаа хэдэнтээ өнгөрлөө. Улстөрчдийг ярьдаг бус хийдэг болтол хэдий хэрийн цаг хугацаа хэрэгтэйг хэлж мэдэхгүй юм. Гагцхүү тодорхой байгаа зүйл гэвэл энэ салбарт шинэчлэл хийх цаг хэдийнэ хэтрээд байна.  Нийтийн тээврийн өнөөгийн өнгө төрх чинь  улс орны  хөгжлийн нүүр царайг харуулах нэг толь  шүү дээ.

М.Нэргүй

Zaluu.com


URL:

Нэр: Зочин Огноо: 20 October 2018

Харин тиймээ нийслэлийн нийтийн тээврийн бүх Т1, бүдүүлэг, арчаагүй, араатан авиртай жолооч нар үнэхээр хөгжлийн тушаа, хүмүүний адгууд болоод байна. Ямарч хүн дүрс, хүний ёс сургтахуунгүй, бүдүүлэг, заваан, хүн чанаргүй, хөгжлийн хоцрогдлын туйл болоод байна. Бүгдийг нь халах хэрэгтэй. Хажуугаар нь зорчигчдоос бэлнээр нь мөнгө авдаг төсвийн хулгайч нар болоод байна. Ийм балагтай муухай амьтдаар яадгийн, бүгдийг нь хал.

Сэтгэгдэл бичих