Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

shat-640x427Төр төмөр нүүртэй байж бололгүй л яахав. Төмөр бульдозертай ч юм байна. Гэвч “Юманд учир, суманд занги” гэж байдаг даа. Иргэн хүний хувьд “Туушин” зочид буудлын шат, довжоог нураасан үйлдлийг, үйлдэл ч гэж дээ “халдлага”-ыг гайхаж сууна. Хэдийгээр “Нийтийн эрх ашгийн төлөө нийслэлийн засаг захиргаа ажлаа хийж байна” гэж тайлбарлаж байгаа ч энэ үйлдэл гадаад дотоодын зочдын нүдэнд дэндүү бүдүүлэг харагдлаа. Зочид буудалд буусан гадны зочид цочиж гайхсан, учрыг нь ойлголгүй гайхан зогсох дүр зураг цөөнгүй харагдана билээ. Яагаад хоёр тал харилцан тохиролцож болсонгүй вэ?
Нэг талаас шат нураасан үйлдэл нь нийслэлчүүд бидний хэрэг юм шиг боловч нөгөө талаас “Бэст Вэстэрн” нь олон улсад салбартай дэлхийн томоохон сүлжээ зочид буудал. Монгол Улсад зочилж, айлчилж байгаа гадны нөлөө бүхий, нэр хүндтэй төлөөлөгчдийг бид энд буулгаж нүүрээ тахалдаг байтлаа нэг л өглөө дайрч ирээд үүдийг нь нураачихаж болно гэж үү. Өөдлөх айлын үүдийг нураа… гэж үү?
Бас “Туушин” бол үндэсний хөрөнгө оруулагч, ажил олгогч мөнөөсөө мөн. Ийм байхад, нэр төр, эд хөрөнгийг нь хайрладаггүй юм гэхэд халдаад баймааргүй л санагдана. Нийслэлийн удирдлагууд маань ч үүнийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн, мэдсээр байж хийсэн бол нийслэлд гадны хөрөнгө оруулалт оруулах талаар ярих хэрэггүй байх, хэн ч итгэхгүй. Дотоодоо ч мартах хэрэгтэй байх. Бульдозер л худалдан авсан нь дээр…
Ингээд бодохоор яагаад хоёр тал зөвшилцөөд шийдэж болсонгүй вэ? Миний л санахад хэдхэн жилийн өмнө “Туушин” зочид буудлын барилгыг “Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт” гэж нэрлэж, тухайн үеийн хотын дарга шагнал гардуулж байсан. Гэтэл өнөөдөр шилдэг бүтээн байгуулалтаа нураагаад сууж байна. Нэг нийслэл, хоёр систем гэмээр ч юм уу? Зах зээлийн систем 4 жил зогссон, одоо коммунист 4 жил…
Яачихсан үнэ цэнэ вэ? Бид ийм л овилгогүй болчихож байна. Ер нь ингэхэд дээрх зочид буудлын шатыг хар үүрээр, олон улсын томоохон хурал зөвлөгөөн болж байхад нураах нь хэнд ашигтай, ямар зорилготой сурталчилгаа вэ?
Хотын үзэмжинд өнгө нэмсэн цөөхөн барилгуудын нэг болох энэ барилгын шатыг нураахаас өөр хийх ажил байхгүй хэрэг үү, Та минь ээ? Утаа, түгжрэл, хүүхдийн эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд өдий төдий асуудал бидэнд байна шүү дээ!!! Хэвлэлүүдэд гарсан мэдээллийг хараад байхад нийслэлийн газрын албаны шаардах бичиг дээрх зочид буудлынханд шат нураахаас 3-4 хоногийн өмнө очсон байсан. Худалд ч хүнд нүхэн жорлон ч буулгаж амжихааргүй хугацаа л даа. Яагаад гэнэт яарав? Олны анхаарлаас холдуулах ямар асуудал дэгдлээ..? Аан тийм, нэг бичлэгийн асуудал… Ичсэн хүн хүн авах гэгч болоод ум хумгүй довжоо нураагаад эхэлжээ дээ?
Аливаа зүйлийг нурааж сүйтгэх амархан, бүтээж босгох хэцүү гэдгийг ойлгохтойгоо хүмүүс нийслэлийг удирддаг болох байх л гэж бодогдоно…


URL:

Нэр: Зочин Огноо: 19 October 2018

Шат нураах ч бас чухал ажил. Чухалгүй ажил гэж байхгүй. Ажлыг чухал чухал биш боддогоос юу ч хийж чадахгүй цаг алдаж өдий хүрсэн бишүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.