Экспортын орлогоос орж ирж буй валютын талаарх мэдээллийг гаргах нь чухал гэв

712-1539924112b479bddf-1b78-47b5-8a6e-180209f849e8

УИХ-ын чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  төслийг гишүүдийн 80 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийн байнгын хороо дээрх  төслийн талаар дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Баттөмөр танилцуулсан юм.
Тэрээр хэлэхдээ, “Эл хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа оновчтой болох, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой болох боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө валютын захын үйл ажиллагааг зохицуулалттай болгох, бүртгэлжүүлэх, экспортын орлогоос Монгол Улсад орж ирж буй валютын талаарх мэдээллийг гаргах нь чухал гэж дүгнэсэн. Мөн хууль хяналт нэрийн дор иргэд, бизнес эрхлэгчдийн эрхэнд халдахуйц заалтууд олон байгааг анхаарууллаа.  Улмаар их хэмжээний хадгаламж эзэмшигчдэд өндөр татвар ногдуулах бодлого барих, хувь хүн, аж ахуйн нэгжийн нууцад халдахгүй байх нь чухал гэсэн саналуудыг гаргасан” гэв.
Үүний дараа гишүүд санал, асуулт тавьсан юм.УИХ-ын гишүүн О.Баасанхүү:“Валютын зохицуулалтын тухай хууль нь чухал хуулиудын нэг юм.  Найман шарга зах дээрх  ченжүүдийг яах юм бэ. Тэд чинь ханшийн зөрүүгээр амьдарч байгаа хүмүүс. Созиализмын үед хэнд хэдэн төгрөг борлуулах вэ гэдгийг НАХЯ-ны хараан дор хийдэг  учир хүмүүс далд хэлбэрээр валютын худалдаа эрхэлдэг байв. Үүнтэй адил далд хэлбэрийн хар зах үүсэх вий. Нөгөөтэйгүүр биржийн худалдаа эрхлэгчид СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авах уу. Хэт их зохицуулалт хийх гэж байгаад ам.долларын ханшийн өсөлт  хяналтаа алдах вий” хэмээв.
Үүнд ажлын хэсгийнхэн хариулахдаа, “Валютын биржийн хувьд Монголбанкнаас зөвшөөрөл авахаар зохицуулагдаж байгаа. Бирж төлбөр тооцооны эрсдэл дагуулж байдаг учраас хангалттай сайн хяналт хийнэ гэдэг утгаар Монголбанкинд эрх өгч буй юм” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: “Хуулийн төсөл батлагдсанаар валютын хадгаламжийг зохицуулж чадах уу. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар тогтвортой байх боломж байна уу”
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:”Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг.  Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд дүн шинжилгээ хийн нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн ч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна. Гадаад секторын статистик мэдээг боловсруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулархад нөлөөлж буй хүчин зүйлийг хазаарлаж,  үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх нь чухал” хэмээн онцлов.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.