Угсаа залгах хан хүүгийн залгамжлагчийг тодруулж байна

ha
Саудын Арабын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бен Сальман Аль Сауд

Д.ЭНХЭЭ

Сэтгүүлч Жамаль Хашкаж сураггүй алга болсонтой холбогдуулан Эр-Риядад үзүүлэх дарамт хүчтэй болсон явдал вангийн гэр бүлийнхнийг Саудын Арабын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бен Сальман Аль Саудын залгамжлагчийг тодруулахад хүргэжээ. Энэ тухай Le Figaro сонин Парис дахь нэрээ хэлээгүй дипломат эх сурвалжийг эш татан өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ.

Уг эх сурвалжийн хэлснээр, долоон үндсэн омгийн төлөөллөөс бүрдсэн вангийн гэр бүлийн “мэргэдийн зөвлөл” хаалттай хаалганы цаана нэлээн хэд хоногийн турш зөвлөлдөж байгаа аж. “Олон шинжээчийн үзэж байгаагаар энэхүү зөвлөл угсаа залгамжлах хан хүүгийн орлогчийг томилж магадгүй юм байна. 2017 оны зургадугаар сард Мухаммед бен Сальман Аль Сауд албан ёсоор угсаа залгамжлах хан хүү болсны дараа уг албан тушаалыг татан буулгасан” хэмээн тус сонин онцолжээ. Le Figaro сонины тэмдэглэснээр угсаа залгамжлах хан хүүгийн бага дүү, АНУ-д Элчин сайдын алба хашиж байгаад өнгөрсөн долоо хоногт буцаж ирсэн 30 настай Халед бен Сальманыг томилж магадгүй ажээ.

“Хэрвээ Халед бен Сальман орлогчоор томилогдвол Мухаммед бен Сальман Аль Сауд одоо шууд биш боловч албан тушаалаасаа буух асуудал ойртоно. Хэрвээ түүнийг томилбол вангийн баримталж буй бодлогоор Сальманыхны удмын засаглал хадгалагдах юм байна” хэмээн Эр-Рияд дахь эх сурвалжийн үгийг Le Figaro  эш татжээ.

Эр-Риядын бодлогыг шүүмжилдгээрээ нэрд гарсан Саудын сэтгүүлч Жамаль Хашкажи аравдугаар сарын 2-нд бичиг баримт бүрдүүлэхээр Стамбул дахь өөрийн орны ерөнхий консулын газарт  очсоноос хойш сураг тасарсан билээ. Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өөрийн улс орны, түүний дотор ерөнхийлөгчид ойр албан тушаалтнуудыг эш татан мэдээлж байгаагаас үзвэл Хашкажи дипломат байгууллагын байранд амь үрэгдсэн аж.

Уг хувилбарыг Туркийн цагдаагийнхан үндсэн хувилбарын нэгд авч үзэж байгаа тухай аравдугаар сарын 6-нд  мэдээллийн Reuters агентлаг мэдээлжээ. Үүнийг Эр-Риядын зүгээс өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа. Үүний хамт Америкийн телевизийн CNN компанийн мэдээлж байгаагаар Саудын Арабын эрх баригчид байцаалт авч байх үеэр сэтгүүлч нас барсныг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих