Өвөрхангайчуудад үлгэр ярьж өгсөн Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт нарын амлалт огт хэрэгжсэнгүй

Сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдаж, улстөрчид иргэдийн тархийг угаах шоугаа эхлүүлж байгаа энэ үед 2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдсон эрхэм гишүүдийн амлалтыг нэхэн сануулж байна.


Өөрсдийгөө эвтэй дөрвөн амьтан хэмээх үлгэрийн баатруудын дүрд хувиргаад, өвөрхангайчуудын сонголтод нөлөөлж, тэднээс санал авч чадсан Г.Батхүү, З.Энхболд,  Д.Зоригт нарт өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил даанч алга хэмээн сонгогчид нь халаглаж сууна. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хамтаар АН-аас дөрвүүл нэр дэвшиж, хамтдаа зорьсондоо хүрч чаддаг эвтэй дөрвөн амьтан шиг байхаа тангараглаж байсан тэд УИХ-ын гишүүний сэнтийд залрангуутаа амлалтаа мартсан бололтой юм.

Мартамхай үлгэрийн баатруудын зорьсон зүйл нь гурван хот, 40 үйлдвэр, 10 мянган ажлын байр байв. Өөрсдийгөө бүхнийг бүтээж чаддаг үлгэрийн баатрууд хэмээн эндүүрсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нарт энэ амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад өвөрхангайчууд сэтгэл гонсгор байна. Өвөрхангай аймаг 40 үйлдвэр, 10 мянган ажлын байртай болчихвол ч сайхан даа хэмээж, энэ амлалтыг нь биелээсэй гэсэндээ АН-ын дөрвөөс гурвыг нь сонгосон өвөрхангайчууд одоо ч ажилгүй хэвээр.

Малыг малчдадаа, орон сууцыг эзэмшигчдэд нь, гадаад паспортыг иргэддээ, газрыг иргэнд, эрдэнийн хувийг ард түмэндээ гэж ирээд л өвөрхангайчуудыг юм юмтай болгох тухай ярьж, цагаан амаар цатгасан эдгээр этгээд амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийгээгүй, иргэдийн амьдрал голдрилоороо явж байгаа нь бодит үнэн. Гэтэл тэд их зүйл хийгээд амжуулчихсан мэт ирэх сонгуульд дахин өрсөлдөхөөр мандатаа булаацалдан дор бүрнээ арга сийлж суугаа сурагтай.

Өвөрхангайгаас сонгогдсон АН-ын гурвын сонгогчдыг хошгируулсан хоосон амлалт нь үүгээр дуусахгүй. Хүүхдийн 10 мянга, 40 мянган айлын орон сууц, малчдад нарны гэрэл гэх зэрэг инээд хүрэм амлалтуудыг ч тэд өгчээ. Эдгээрээс хүүхдийн 10 мянга аль хэдийнэ олгогдохоо болиод удаж байгааг мэдэхгүй хүн үгүй. Харин 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хувьд Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт нарын оролцоо байсан гэвэл жинхэнэ үлгэр болох биз ээ. “Малчдад нарны гэрэл” хэмээх амлалтын хувьд УИХ-ын гишүүн хийх ажлынхаа жагсаалтад оруулахаас ичмээр зүйл шүү дээ. Үнэндээ малчид УИХ-ын гишүүнтэй, гишүүнгүй нарны гэрлээ аваад гэрийнхээ хажууд тавьчихаж дөнгөх хүмүүс. Ер нь нарны гэрэлгүй малчин өрх орон нутагт байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Нэг иймэрхүү ам­лалт өгч Өвөрхангай айм­гаас сонгогдсон АН-ын гишүүдийн өнгөрсөн хуга­цаанд тойрогтоо юу хийснийг нь сонирхлоо. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймгийн 16 сумын малчдад малын тэжээл хүргүүлсэн, гурван сумыг түргэн тусламжийн машинтай болгосон, хөдөлмөрчдийг шагнасан гэх зэрэг аар саархан ажил хийжээ.

З.Энхболд гишүүний хувьд тойргийнхоо иргэдээс илүү­тэйгээр тэдний малд нь анхаарлаа хандуулсан болол­той юм.

Тэрбээр “Өвөрхангай аймгийн малын ашиг шим, удмын чанарыг сайжруулах нь” нэртэй төсөл санаачлан ажиллаж байгаа юм билээ. Энэ ажлынхаа хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд сайн үүлдрийн 270 хуц, 50 сарлагийн бухыг иргэдэд олгосон гэнэ. Үүний зэрэгцээ үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулахад 15 сая, сүүний чиглэлийн үнээний ферм байгуулахад 23.5 сая, мах сүүний 50 үхрийн аж ахуй байгуулахад 40 сая төгрөгийг зарцуулсан байна.

Харин Д.Зоригт гишүүн “Өвөрхангай аймагт үйлдвэр хөгжүүлэх сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.

Түүнчлэн гурван гишүүн гурвуулаа хүч, сэтгэлээ нэгтгэж хийсэн зүйл нь ардчилагчдын хандив болох 40 сая төгрөгөөр Өвөрхангай аймгийн Уянга суманд Эрх чөлөөний хөшөө босгосон гэх ажил байна.

Гурван хот, 40 үйлдвэр, 10 мян­ган ажлын байр гэсэн том амлалт өгчихөөд энэ мэтийн аар саархан ажлаар тойр­гийнхноо хуурч байгаа тэд­нээс өвөрхангайчууд нүүрээ буруулж эхэлжээ. Харин өмнөх сонгуулиар тойр­гийнхондоо эвтэй дөр­вөн амьтны үлгэрийг ярьж өгсөн АН-ын гурав, ирэх сонгуулиар ямар үлгэр ярьж өгөхөөр төлөвлөж байгааг таахад бэрх.

Юутай ч Өвөрхангай аймгийн иргэд “Одоо ч үлгэрт итгэдэг наснаасаа ч өнгөрсөн шүү” хэмээн ирэх сонгуулийг хүлээж сууна.


URL:

Сэтгэгдэл бичих