Америкчууд завсрын сонгуульд онцгой анхаарал хандуулж байна

712-15401786445bcd3e75a95ba

Америкчууд арваннэгдүгээр сард болох улсынхаа Конгрессын завсрын сонгуульд онцгой анхаарал хандуулж буйг “The Wall Street Journal” сонины телевизийн “NBC” сувагтай хамтран явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогч Бүгд Найрамдах намыг дэмжигчдийн 68 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 72 хувь нь сонгуулийг маш ихээр сонирхож байгаагаа мэдэгджээ. “The Wall Street Journal” сонин болон “NBC” сувгийн 2006 оноос хойш олон нийтийн дунд явуулж буй судалгааны түүхэнд ийм өндөр үзүүлэлтүүд гарч байгаагүйг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна. 2014 оны завсрын сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээр бол бүгд найрамдахчуудыг дэмжигчдийн 59 хувь нь Ардчилсан намын дэмжигчдийн 47 хувь нь сонгуульд онцгой анхаарал хандуулж байв.
Үүнээс гадна, санал асуулгын дүн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд 2017 оныхоос харьцангуй өндөр үзүүлэлтэд хүрч өссөнийг харуулсан байна. Америкийн засаг захиргааны тэргүүний хувиар гүйцэтгэж буй Трампын ажлыг санал асуулгад оролцогсдын 47 хувь нь сайшаасан бол 49 хувь нь эсрэг саналтай буйгаа илэрхийлжээ. Үлдсэн хувь нь хариулт өгөхөөс татгалзсан байна. 2017 оны аравдугаар сарын санал асуулгын дүнгээр, түүнд оролцогсдын ердөө 38 хувь нь Трамп Ерөнхийлөгчийн албыг хангалттай сайн гүйцэтгэж байна гэж үзэж байсан бол 58 хувь нь эсрэг санал бодолтой байжээ.
АНУ-ын Конгресст аль нам хяналтаа тогтоогоосой гэж хүсч байна гэдэг асуултад санал асуулгад оролцогсдын 50 хувь нь Ардчилсан нам гэж хариулсан бол 41 хувь нь Бүгд Найрамдах нам гэжээ.
Дүнг нь ням гарагт нийтэлсэн санал асуулгыг аравдугаар сарын 14-17-ны хооронд утсаар явуулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.