Тавантолгойд хүний эрхийн зөрчил гамшгийн түвшинд хүрсэн гэв

DAAM

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швед Улсын Байгаль орчны агентлагийндэмжлэгтэйгээр “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г Бодлогын Инновацийн Хүрээлэнгээр хийлгүүлсэн юм.

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн төвд, 19-нд Цогтцэций суманд танилцуулга, сургалтыг тус тус зохион байгууллаа. “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хэлэлцүүллээ.

Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллан зохион байгуулж, холбогдох яамд, агентлаг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлсэн ч Уул уурхайн яам, Эрүүл мэндийн яамнаас нэг хоёр мэргэжилтэнг ирүүлснийг эс тооцвол холбогдох төрийн байгууллагуудын оролцоо тун бага, харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, тус аймаг дахь төрийн байгууллагууд, “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэ нь анхны уулзалт биш бөгөөд өнгөрсөн 6 дугаар сард Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг урьдчилсан байдлаар танилцуулах ийм уулзалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд зохион байгуулсан тул энэ удаа асуудлыг дахин давтахгүйгээр хэлэлцэхийг хичээсэн ч “нөхцөл байдал улам хүндэрсэн”, “дордсон” гэсэн тодорхойлолтууд илтгэл бүрт давтагдсаар байлаа…

“Хүн гэртээ гутлаа тайлаад хөл нүцгэн алхах эрхтэй байх. Гэтэл хөл нүцгэн 2 алхаад оймс харлана. Хөндлөнгийн хүнд энэ нь жижиг асуудал мэт санагдах байх л даа. Тоос тортог дунд, эмх замбараагүй нөхцөлд ажиллаж, амьдардаг олон мянган иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуугарахаас өөр аргагүйд хүрч, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг манай нутагт ирэх үед хүсэлт тавьсан юм. Нөхцөл байдлын үнэлгээг хийж өгөөч гэсэн хүсэлтийг олон газарт тавьсан. Өнөөдөр энэ судалгааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгээд байгаа Хүний эрхийн Үндэсний Комиссынхонд баярлалаа. Цаашид энэ судалгаанд тулгуурлан олон асуудлыг шийдвэрлэх зам нээгдэх байх гэж найдаж байна” гэж Өмнөговь аймгийн Засаг дарга О.Бадарч ярьсан юм.

Тэгвэл ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хүний эрх гэж хүний дайтай амьдрах боломж, нөхцөл юм. Энэ боломж, нөхцлийг бүрдүүлэхэд төрийн үүрэг, оролцоо чухал. Хүний хаана байна, тэнд нөхцөл, боломж бүрдүүлэх ёстой. Тавантолгой орчимд анхаарах ёстой гэж ярьсаар бид үндсэндээ 10 жил болжээ. Хоосон ярианаас хэтрэхгүй өнөөг хүрлээ. Эцсийн эцэст аливаа ямар ч үйл ажиллагаа хүнээ бодсон, Монголчуудаа бодсон байх ёстой. Бид НҮБ-д санал тавьж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн Засгийн газрын санхүүжилттэйгээр энэ хараат бус судалгааг хийж дууслаа. Та бүгд сая сонслоо.Байдал маш ноцтой байгааг талууд бүгд хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрсөн бол одоо байдлыг арилгах, сайжруулах талд ажиллах ёстой.Төрийн хүнд суртал, нэг нэгэн рүүгээ чихдэг, нялзаадаг байдлыг одоо зогсоох цаг үнэхээр болсон. Энэ хэлэлцүүлгээр үнэлгээнд та бүхний зөвлөмж, саналыг мөн авах, Ажлын хэсэг байгуулах саналтай байна” гэсэн юм.

Ингээд холбогдох яамд, төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллөөс Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн дээрх үнэлгээний дүн бодит нөхцөл байдалд ойрхон, үнэн бодитой тул тал бүрийн төлөөлөл хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж, тус судалгаанд тулгуурлан нэгдсэн Зөвлөмж боловсруулан батлахаар санал нэгдэв.

…Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2010 оноос асар хурдацтай нэмэгдсээр байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй, ноцтой нөлөөллүүд үүсч буйг орон нутгийн иргэд, удирдлага, олон улсын болон үндэсний байгууллагууд, судлаачид баримтад үндэслэн анхааруулж ирсэн билээ. 2016 оны 2 дугаар сараас нүүрсний үнэ огцом өсч, нүүрсний экспортын хэмжээ хурдацтай нэмэгдэв. Гэвч өмнөх судалгаанд анхааруулж байсан байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх асуудал огт шийдвэрлэгдээгүй төдийгүй 2016 оноос улам даамжирч, ноцтой үр дагаварт хүрчээ.

Хүний эрхийн үндэсний комисс 2011 оноос судалгаа хийж, 2012 оны 10 дугаар сард “Уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, нутгийн уугуул иргэдийн эрх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэн 10 гаруй хуудас бүхий зөвлөмжийг олон улсын шинжээчид, эрдэмтэн судлаачид, холбогдох салбарын мэргэжилтнүүдийн дүгнэлтэд тулгуурлан гаргажээ. Нөхцөл байдал өөрчлөгдөөгүйг ХЭҮК-ын үнэлгээ харуулна. Зөвхөн зам, тээврийн ослын мэдээллийг авч үзэхэд, 2016-2017 оны хооронд Тавантолгой – Гашуунсухайтын замд нийт 1,500 гаруй осол гарч, олон арван хүн бэртэж гэмтэн, 10 гаруй хүн нас баржээ.Дунджаар тооцвол өдөрт 4-5 осол гарч, сар болгон 1 хүний эрдэнэт амь хохирч байна. 260 км замд 12 мянган машин уралдан явж, замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол аваар гарах нь илт элбэгшсэн тул зам тавихаарамлалт үүрэг авсан компаниуд ажлаа яаравчлах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг хэлэлцүүлэгт оролцогсод дуу нэгтэй ярьж байлаа.

Байнга оршин сууж буй иргэдийн хувьд эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаар байнгын сэтгэл зовнил, сэтгэл санааны дарамттай амьдарч байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл уурхайн орчинтой ижил түвшинд болсон хэдий ч Цагаан хадны нүүрс дамжуулан буулгах газруудын байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, агаарын чанар, хөрс, усны бохирдлын хяналт шинжилгээ огт хийгдэлгүйгээр үргэлжилсээр байна. Энэ бүс цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хэвээр байна. Цагаан хадны бүсэд төлөвлөлт огт хийгдэлгүйгээр байшин, гэрүүд баригдсан, тус бүртээ зөөврийн цахилгаан үүсгүүр, зуух хэрэглэдэг учраас гал түймэр гарах эрсдэл ихтэй байна. Мөн энэ бүс нь хөрсний эвдрэл элэгдэл ихтэй, хотгор газар учраас бороо хур ихээр ороход үерт автах өндөр эрсдэлтэй.

Замын хөдөлгөөний хяналт болон Цагаан хадны гаалийн бүсийн хэв журмыг сахиулахад цагдаагийн тасгийн хүний нөөц, санхүүжилт, техник хэрэгсэл хүрэлцдэггүй байна. Цагаан хадны бүсэд эмч ажилладаггүй. Цагаан хадны бүсэд ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой үр дагавар бүхий орчны бохирдолтой, замын хөдөлгөөний аюул дунд байна. Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна гэсэн дүгнэлтүүдийг судлаачид хийжээ.

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн хураангуйг ЭНД дарж уншина уу.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.