Говь-Алтайн АН-ыг дуулианы эзэн толгойлно

OГовь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр (2018.10.21) болжээ. Аймгийн  АН-ын даргын нөхөн сонгуулийн санал хураалт 18 сум, хоёр тосгонд явагдаж, нэр дэвшигч О.Амгаланбаатар 99.6 хувийн санал авчээ.

О.Амгаланбаатар нь АН-ыг Засгийн эрх барьсан 2012-2016 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнийг Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа томилсон бөгөөд олны дунд “Хууль бус Засаг дарга” гэсэн нэртэйгээр үүрэгт ажлаа хүлээн авч байв.

Энэ хугацаанд О.Амгаланбаатарын нэр холбогдсон цөөнгүй дуулиан дэгдэв. Түүнээс товчлон хүргэе.

-О.Амгаланбаатар 2012 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдоод төрийн албанаас олон хүнийг халж, аймгийн ЗДТГ-ыг өөрийн тойрон хүрээлэгчээр бүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан.

20150211-028-103518-1592931071-300x225 Говь-Алтайн АН-ыг дуулианы эзэн толгойлно

-Түүнийг “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийн зургаа байрлуулж “рекламдсан”. АТГ О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байв. Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг түүнд улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байх сануулгыг өгсөн удаатай.

-2015 онд О.Амгаланбаатар цахим хэвлэлээр дахин дуулиан дэгдээсэн юм. Энэ удаа тэр аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зодсон хэрэгт холбогдсон байв. “Улсын сайн малчин тодруулах асуудлаас үүдэлтэй энэхүү маргаан зодоон болж, улмаар тэр хүний хамар амнаас нь цус гарч эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Харин тэр үүнийг эрс үгүйсгэж, бичсэн сэтгүүлчдийг шүүхэд өгнө гэж байгаад чимээгүй болсон юм.

-Түүнтэй холбоотой дуулиан хилийн цаанаас ч сонсогдож байлаа. Тэр аймгийн засаг дарга нарын сургалтанд суухаар Японд очихдоо метрогоор зорчих карт авалгүй, хориглосон төмөр хаалтан дээгүүр харайж яваад цагдаад баригдаж, хуулийн байгууллагад нь шалгагдсан хэмээн бичигдэж байв.

Updown.mn

Засаг ноёноор ажиллахдаа гадаад, дотоодгүй шуугиулж явсан энэ хүн аймгийн АН-ыг хэрхэн толгойлохыг цаг хугацаа харуулах биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих